Хятад улс амьдрал байх боломжтой гаргуудыг хайж эхэлнэ

🕔 2022/12/08 18:57

БЭЭЖИН. /Global Times/. БНХАУ Нарны аймгийн гадна амьдрал байх боломжтой гаргуудыг 2030 он гэхэд хайж эхлэхээр төлөвлөж байгааг тус улсын Сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацын (CASC) дарга У Яньшэн мэдэгдлээ. 
"2030 он гэхэд бид "Дуу хоолойн эрэлд" нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Түүний зорилго бол Нарны аймгийн гаднах сансар огторгуйг судлах, хүн амьдрахад тохиромжтой гаргууд байгаа эсэхийг олж мэдэх юм" гэж тэрбээр мэдэгдсэн байна.  
 
 
У Яньшэний тодруулснаар, БНХАУ Бархасбадь, Тэнгэрийн ван гаргуудыг, түүнчлэн Нарны аймгийн зах хязгаарыг судлах зорилгоор гараг хоорондын станцыг ойрын жилүүдэд хөөргөхөөр төлөвлөж байна. 2025 оны орчимд Хятад улс дэлхийгээс харьцангуй ойрхон буй солирууд руу сансрын автомат хөлөг хөөргөнө гэж тэрбээр хэлэв.
 
 
"Үүнээс гадна, ойрын 10-15 жилд Хятад улс Ангараг гаргийн хөрсний дээжийг дэлхийд авчрах даалгаврыг гүйцэтгэнэ" гэж CASC-ын тэргүүн хэлсэн байна. 2028 он гэхэд Бээжин Саран дээр олон улсын станцын суурь бүтцийг бий болгохоор төлөвлөж байгааг тэрбээр нэмж дурдлаа. Түүнчлэн Хятадын мэргэжилтнүүд дэлхий орчмын тойрог замд 150 хүртэл тонн  ачаа хүргэх хүчин чадалтай, "Чанжэн-9" шинэ хүнд зөөгч пуужин бүтээж байгааг сануулжээ. 
 
“Бидний зорилго бол 2030 он гэхэд бусад тэргүүлэх орны дунд Хятад улсын байр суурийг бэхжүүлж, 2045 он гэхэд бүх чиглэлээр сансрын хүчирхэг гүрэн болох юм" гэж У Яньшэн цохон тэмдэглэв.
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох