Гадагш экспортолдог хушны самараа байгальд ээлтэй аргаар боловсруулж, дэлхийд эрэлттэй монгол брэнд бий болгоно

🕔 2022/12/20 11:10
"Хушхан" монголын үндэсний брэнд нь дэлхийн чанар стандартад нийцсэн аргаар хуш модны самар, чөмгийг ариутган савлаж, эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Тус үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрийнхээ үйл ажиллагаа, ирээдүйн зорилт, зорилгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярт танилцууллаа.
Монголын хуш модны самар нь дэлхийд ашиг шим, амт чанараараа гайхагддаг бүтээгдэхүүн юм. Хэрэв энэ төрлийн бизнес эрхэлдэг үндэсний брэндүүдийг дэмжиж, тэднийг байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулахад анхаарч эцсийн бүтээгдэхүүн болгож чадвал жил бүр 100 сая ам.доллар олох боломж бий. Гэвч монголчууд жилдээ бэлдсэн самрынхаа 0.1 хувийг л өөрсдөө хэрэглэж, бусдыг нь Хятад руу экспортолдог. Энэ бүтээгдэхүүн нь цаашлаад дэлхийн өндөр хөгжилтэй Герман, Англи, Америк зэрэг улсуудын байнгын хэрэглээ болсон байдаг. Харин "Хушхан" брэндийн үйлдвэрийн аргаар ариутгаж савласан хуш модны самар, чөмөг нь эх орныхоо онцлох түүхий эд, бүтээгдэхүүнийг дэлхийд төлөөлөх үндэсний брэнд болгох зорилготой үйл ажиллагаа явуулдаг.
Тус үйлдвэр 60 орчим ажилтантай бөгөөд 11 дамжлага дамжуулж, 100 хувийн гарцтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.Тодруулбал чөмгийг 70-80 градусын өндөр температурт 12 цаг хатаасны дараа лазерийн машинаар ялгаж шар хальсыг нь цэвэрлэх машинаар оруулдаг бөгөөд хамгийн сүүлд эрүүл ахуйн шаардлага хангасан өмсгөл, хэрэгсэлтэй хүмүүс эцсийн хяналтыг хийдэг байна. Хамгийн сүүлд хаягдал самрын ясаа ашиглан үйлдвэрийн ажилчдын байр, цайны газар, оффис зэргийнхээ халаалтыг шийджээ. Мөн самрын ясны үнс нь маш сайн бордоо болдог онцлогтой. Ингэснээр тус үйлдвэр хаягдалгүй, орчны бохирдолгүй үйл ажиллагаа явуулдаг байна.
Мөн хүний буруутай үйлдэл, ой хээрийн түймэр зэргээс шалтгаалан Монгол Улсын хуш модны нөөц багасах аюул нүүрлэсэн. Тухайлбал бид энэ чигээрээ хуш модоо сүйтгэж, хайрлан хамгаалахгүй бол 80 жилийн дараа ямар ч хушгүй болох судалгаа байгааг "Хушхан" брэндийн үүсгэн байгуулагч Д.Энх-амгалан хэлж байв. Тиймээс тэд түүхий эдээ өөрсдөө бэлдэх зорилгоор 2030 оныг хүртэл 100 сая хуш мод тарихаар төлөвлөжээ. Энэхүү төсөл нь залгалт хийх арга, үрийн плантацийг бий болгох арга ашиглахаараа шинэлэг юм. Залгалт хийх аргыг анх Данийн эрдэмтэн Сирах Ларсон 1934 онд дэвшүүлж Швед, Испани Улсад энэ аргыг ашиглаж эхэлсэн байна. Харин үрийн плантацийг бий болгох арга нь модлог ургамлын үрийг богино хугацаанд стандартын тарьж гаргах технологи юм. Дээрх хоёр арга нь дэлхий дахинд аль хэдийн туршигдан баталгаажсан тул зөв технологиор нь хийж чадвал илүү үр ашиг өгөх боломжтой. Энгийн хуш мод тарьж ургуулахад олон жил шаардлагатай байдаг бол эдгээр шинэлэг технологийн дагуу тарьж ургуулсан хуш мод 7-8 жилийн дотор ургаж гүйцэхээс гадна үр ашиг өндөртэй, арчилгаа багатай байдаг гэв.
Иймд "Хушхан" брэндийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь орон даяар өрнөж буй "Тэрбум мод", "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнүүдтэй уялдах юм.
скачать dle 12.0

Санал болгох