Монголчууд эх орондоо ган бөмбөлөг үйлдвэрлэж эхэллээ
Ажлын байр нэмэгдэнэ, тогтвортой байна гэдэг маш чухал. Танай гаргасан замаар олон үйлдвэр үүдээ нээж, олон ажлын байр бий болж, олон сайхан мэргэжлийн инженерүүд төрж гарна гэдэгт итгэж байна. Ийм сайхан үйлдвэрт ажиллах юмсан гэсэн хүсэл инженер мэргэжилтэй надад төдийгүй олон инженерүүдэд төрж байгаа байх” гэж Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Ган бөмбөлгийн үйлдвэрийн нээлтэн дээр хэлсэн юм.
Энэхүү үйлдвэр нь давтах технологиор ажиллах анхны бөгөөд хамгийн том байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэлхийн тэргүүлэх технологид суурилсан, бүрэн автомат удирдлага, хяналтын систем бүхий евро стандартад нийцсэн учраас Монгол Улсын үйлдвэрлэлийн салбар тэр дундаа хүнд үйлдвэрлэлийн салбарт нэгэн шинэ хуудас нээж, ололт амжилт хөгжил дэвшлийн шинэ үеийг авчирч байгааг салбарынхан онцолж байв.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн талархлыг Хүнд үйлдвэрийн газрын бодлогын дарга Б.Баатарсүх гардуулсан юм. Дараа нь нээлтэд хүрэлцэн ирсэн зочид тууз хайчилж Ган бөмбөлгийн үйлдвэр албан ёсоор ажиллаж эхэллээ.
Ган бөмбөлгийн даралтаар боловсруулдаг давтах арга нь бүтээгдэхүүнийг илүү бат бөх, элэгдэлд тэсвэртэй болгодог бөгөөд гангийн төрөл бүрийн орц найрлага, боловсруулалт хийж хатуулаг шинж чанарыг нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэх боломжтой ажээ. Мөн бүтээгдэхүүнийхээ чанарт хяналт тавих иж бүрэн туршилт, шинжилгээний лаборатортой байна. Ингэж ХБНГУ-ын евро стандартад нийцсэн өндөр чанарын ган бөмбөлөг үйлдвэрлэж эцсийн хэрэглэгчдэд нийлүүлснээр тэдний өртөг зардлыг 15-30 хувь бууруулах боломжтой болно.
Орон нутгийн удирдлагыг төлөөлж Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хэлсэн үгэндээ "Дархан-Уул аймагт хүнд үйлдвэрлэлийн салбарт үндэсний томоохон бүтээн байгуулалт хийсэн Төмөрлөгийн үйлдвэрийн хамт олондоо баяр хүргэе. Өнөөдөр 100 хүн ч болов ажлын байртай болно гэдэг чухал. Үүнээс гадна хэрэглэгчдийнхээ зардлыг 15-30 хувь хэмнэж чадна. Мөн гадагшаа гаргаж байсан олон сая ам.долларыг дотооддоо авч үлдэнэ гэдэг том зүйл. Аймгийн иргэдийн хурал, ЗДТГ-аас танай төслийг дэмжих ажлыг зохион байгуулна” гэсэн юм.
Үүний дараа "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” компанийн захирал Д.Батжаргалан үйлдвэрийнхээ талаар тайлбарлахдаа "Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгжүүлж байгаа уул уурхай металургийн цогцолбор үйлдвэр барих төслийн хүрээнд бид олон бүтээн байгуулалт хийж ирлээ.
Бид ил уурхайнуудаа нээж, тог цахилгаанаа татаж, баяжих үйлдвэрүүдээ байгуулж, авто болон төмөр замын бүтээн байгуулалтаа хийж гүйцэтгэн, дэд бүтэцтэй холбоотой бүхий л асуудлаа бүрэн шийдэж дууссан. Харин өнөөдөр бид Монгол Улсад анхны болоод хамгийн том Ган бөмбөлгийн үйлдвэрийг ашиглалтад өгч байна. Үйлдвэрийн үндсэн техник тоног төхөөрөмжийг металл давтаж боловсруулах чиглэлээр дэлхийд тэргүүлэгч ХБНГУ-ын 177 жилийн түүхтэй "Schuler Group” нийлүүлсэн бөгөөд Итали улсын "Cefi”, "Geva” брэндийн бусад тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Өнөөдрөөс эхлээд Дарханы төмөрлөгийн үйлдвэр зөвхөн тээрмийн ган бөмбөлгийн бэлдэц үйлдвэрлэдэг байсан бол ийнхүү нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болох ган бөмбөлөг үйлдвэрлэдэг боллоо. Энэ нь Монгол Улсын ган бүтээгдэхүүний төрөл хэмжээг нэмж аж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн нэгэн дэвшил юм. Манай бүтээгдэхүүний нэр төрөл ч олширч байна.
Үйлдвэр маань 100-140мм голчтой ган бөмбөлөг давхар аргаар үйлдвэрлэх бөгөөд төслийн хоёрдугаар шатанд энэ ондоо багтаан цувих аргаар 60-80 мм голчтой ган бөмбөлөг нэмж үйлдвэрлэдэг болсноор жилд 60.000 тн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай болно. Ингэснээр шинээр 100 гаруй байнгын ажлын байр бий болж, импортыг орлон валют гадагшлах урсгалыг эх орондоо үлдээх боломж бүрдэж байна” хэмээн тайлбарласан юм.
Ган бөмбөлгийг хэрэглэж байгаа зориулалт нь уул уурхайн салбарын баяжуулах үйлдвэр, цементийн үйлдвэр, нүүрс бутлах үйлдвэрүүд, цахилгаан станцын тээрэмд эрдэс түүхий эдийг бутлагч болгон ашигладаг.
Харин үйлдвэрийн үйл явц нь өөрсдөө үйлдвэрлэсэн дугуй технологитой бэлдэцээ бэлдэцээсээ ган бөмбөлгөө гаргаж авдаг. 80-100 мм диаметртэй бэлдцийг тодорхой урттай тайраад 1250 градус хүртэл халаагаад роботыг орлож чадахуйц гараар аваад давтах алхны хэвэнд тавиад гурван удаагийн цохилтоор ган бөмбөлгийг гарган авч байна. Түүнийг дараагийн шат буюу усанд хатааж, дараа нь амраалтын зууханд амрааснаар бөх бат элэгдэлд тэсвэртэй болгох юм байна.
Үндэсний хөрөнгө оруулалт, үндэсний бүтээн байгуулалт, үндэсний ажиллах хүчин, үндэсний үйлдвэрлэл үндэсний бүтээгдэхүүн гээд Монголыг зөвхөн монголчууд хөгжүүлж чаддагийн цогц илэрхийлэл болсон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Ган бөмбөлгийн үйлдвэр өнгөрсөн бямба гаригт ийнхүү нээлтээ хийлээ.
Х.ХАТАН