Франц 2030 он гэхэд нэг тэрбум мод тарина

🕔 2022/11/02 13:04

ПАРИС. /Euractiv/. 
Франц улс биологийн олон янз байдлыг хадгалж, нүүрстөрөгчийг улам ихээр шингээхийн тулд 2030 он гэхэд нэг тэрбум мод буюу ойн сангийнхаа 10 хувьтай тэнцэх мод тарина гэж тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон өнгөрсөн баасан гарагт гал сөнөөгчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ.Францад энэ зун ойн түймрийн улмаас 72 мянган га талбай сүйдсэн нь сүүлийн 10 жилийн дунджаас зургаа дахин их үзүүлэлт болжээ. Э.Макрон Елисейн ордонд хэлсэн үгэндээ, энэ зун олон мянган га талбайд дэгдсэн ойн түймрийг унтраахад гар бие оролцсон гал сөнөөгч, ой хамгаалагч, албаны хүмүүст талархал илэрхийлсэн байна.
 
 
 
Э.Макрон ийнхүү үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд хэрэгжүүлэх ойжуулах шинэ стратегиа танилцуулжээ. Түүний мэдэгдсэнээр, гал түймэртэй тэмцэх, аврах албадад жил бүр 150 сая евро олгохоор төсөвт суулгана. Мөн одоогоор 12 байгаа “Canadair” нисэх онгоцыг 2027 он гэхэд 16 болгохын тулд 250 сая евро зарцуулна гэж мэдэгджээ.  
 
 
 
Европт энэ зун ердийнхөөс хэт халан зарим газарт температур цельсийн 40 хэмээс дээш түвшинд хүрч, олон томоохон түймэр дэгдсэн юм. Цаг уурын мэргэжилтнүүд дэлхийн ихэнх бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн улам халж, хэт халах үзэгдлийн давтамж улам нэмэгдэж болзошгүйг анхааруулсаар байна. 
 
Э.Хулан 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох