Ройтерс Европын эрчим хүчний системийг шинэчлэхэд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэйг олж мэджээ
Энэ 10 жилд Европын эрчим хүчний системийг шинэчлэхэд 500 их наяд еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгвэл Европын холбооны орнууд салхи, нарны эрчим хүчийг нэмэгдүүлж, Оросын байгалийн хийн хэрэглээг үе шаттайгаар зогсоох нөхцөлийг бүрдүүлж чадна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Европын комисс ирэх долоо хоногт Европын эрчим хүчний системийг дижитал болгох төлөвлөгөөг нийтлэхээс гадна хийн үнийг бууруулах, эрчим хүчний компаниудыг аврах яаралтай арга хэмжээ авахаар төлөвлөж байна. “Ройтерс” агентлагийн үзсэн төлөвлөгөөний төсөлд 2030 он гэхэд цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүч, дулааны насосыг нэвтрүүлэх, чулуужсан түлшнээс татгалзахад 584 тэрбум еврогийн цахилгаан эрчим хүчний хөрөнгө оруулалт шаардлагатай гэжээ. Үүнээс 400 орчим тэрбум еврог түгээлтийн сүлжээнд чиглүүлнэ. Ухаалаг сүлжээг оролцуулаад төвлөрлийг сааруулахад ойролцоогоор 170 тэрбум евро. Мөн үүнд Оросын чулуужсан түлшийг хэдэн жилийн дотор зогсоохын тулд Европын холбоонд 2030 он гэхэд утаагүй 30 сая автомашин, 2029 он гэхэд бүх шинэ байшинд нарны зай хураагуур шаардлагатай болно гэж заажээ.
Испанийн ерөнхий сайд Педро Санчес энэ сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Европын холбооны эрчим хүчний зах зээл ажиллахаа больсон. Мөн Европын холбооны зарим орон нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг ажиллуулж байгааг шүүмжилсэн юм. Өнгөрсөн сарын 30-нд Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Европын холбооны салхины эрчим хүчийг хөгжүүлэхэд Европын комисс 5.6 тэрбум евро хуваарилсан тухай мэдээлэв. Европын холбоо 2030 он гэхэд далайн салхинаас 60 ГВт эрчим хүч үйлдвэрлэх зорилт тавьж байгаа. Балтийн тэнгисийн бүс нутаг энэ хэмжээний гуравны нэгийг хангах боломжтойг тэрбээр онцоллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 185 (6917)