Кубад жижиг, дунд үйлдвэрийг зөвшөөрнө

🕔 2016/05/26 09:13

 

Куба улс жижиг, дунд үйлдвэрийг хуулиар хүлээн зөвшөөрөхөөр болжээ. Коммунист намаас хэвлэлд өгсөн баримт бичиг дээр "Ажилчин болон түүний гэр бүлийн эрхэлж буй жижиг бизнес, жижиг, дунд хувийн үйлдвэрийг хүлээн зөвшөөрнө” хэмээн заажээ. Энэ асуудлыг дөрөвдүгээр сард болсон Коммунист намын их хурлаар хэлэлцсэн юм. Арлын социалист эдийн засгийг либералчлах үйл явцад энэ шийдвэр нь чухал алхам болж байна. Их хурлаар социализм гэдэг үг хэрэглэхээс зайлсхийж, эдийн засгаа гадаад ертөнц рүү хэрхэн нээх талаар түлхүү ярилцжээ. Гаваны эрх баригчид хувийн зах зээл, бизнесийг өргөжүүлэх талаар нэг алхам урагшилсан ч энэ тал дээр хэтэрхий удаан, хүнд сурталтай байгааг олон улсын тоймч, ажиглагчид шүүмжилж байна. Үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлж, хөгжил дэвшилд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг шинэчлэх, бүтээлч баг, хамт олныг бий болгоход улсын бус нөөц, баялгийг хөдөлгөөнд оруулах шаардлагатай байгааг эрх баригчид онцолжээ.

Хувийн бизнесийг хөгжүүлэх нь 2008 онд эрх мэдлийг гартаа авсан удирдагч Рауль Кастрогийн гол зорилгын нэг байсан юм. Кубад тариачид, фермерүүдэд газрыг нь өгч, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах дээр чөлөөтэй зарж, борлуулах эрхийг нь өгсөн. Мөн хувиараа ресторан, зоогийн газар, буурчийн газар ажиллуулахыг хүлээн зөвшөөрсөн ч эдгээр нь улсын хатуу хараа хяналт дор явж иржээ. Өнөөдөр Кубад зоогийн газар, дэн буудлын үйлчилгээ эрхэлдэг 1.5 сая орчим иргэн байна. Тэд үнэн хэрэгтээ хэдэн ажилтантай бизнесийн эзэд болсон ч хуулиндаа тэднийг үйлдвэр, компани хэмээн хүлээн зөвшөөрөөгүй байсан юм. Одоо тэднийг жижиг, дунд үйлдвэр, бизнесийн эзэн гэж хүлээн зөвшөөрснөөр хүнд суртал, улсаас зааж зааварладаг явдал үлэмж багасч, бизнес эрхлэгчид гадаадаас бараа, бүтээгдэхүүн худалдаж авах, импортлох эрхтэй болох юм.

Өнөөдрийг хүртэл хувийн бизнестэй куба иргэд зөвхөн улсын дэлгүүр, захаас бараа, бүтээгдэхүүн, түүхий эдээ худалдаж авах үүрэг хүлээж байна. Эсвэл хар захаас нууцаар, мөн агаараар зөөгч сүлжээ буюу куба иргэд гадаад улсаас ирэхдээ чемодандаа хийж авчирдаг бараа, материалыг ашигладаг. Энэ нь бизнесийн хан­гамж, хэрэгцээнд муугаар нө­лөөлж, хомсдол бий бо­лох, төрийн зах зээл дээрх үнэ нэмэгдэх үзэгдэл рүү түлхдэг байна. 2014 оноос эхлэн Куба, Америкийн харилцааны мөс хайлж, хоёр улс дипломат харил­цаа­гаа сэргээсэн билээ. Улмаар хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцалсаар байгаа нь сайшаалтай. Гэвч Куба улсаас хамаарах зүйл их байгаа бөгөөд жижиг, дунд бизнесийг хүлээн зөвшөөрч, өргөжүүлэх шийдвэр гаргасан нь Куба дахь хувийн өмчийг хөгжүүлэх нэг чухал алхам боллоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох