Хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна уу!
Үнийн өсөлт тэнгэрт тулж, төгрөгийн ханш газарт шигдээд байна. Тэр чинээгээр ард иргэдийн амьдрал улам дордож, амь зуухад хүндхэн боллоо. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ ч авч дийлэхээ болих нь. Ганцхан килограмм төмс 4500 төгрөгт хүрээд байна.
Ард иргэд хэмнэж, гамнаад ч нэмэргүй тийм хүнд цохилтод орсныг төрд суугаа дээдсүүд мэдэж байгаа болов уу. Тун эргэлзээтэй. Хэдэн сарын өмнө УИХ-ын дарга иргэдийг хэмнэлтийн горимд шилжихийг уриалсан.
Үнэндээ иргэд чинь хэмнэх гээд ч халаас нь хоосон байна. Ойлгож байна уу, одоо сэхээрээд нэг бодооч. Орлого давсан зарлага өрх бүрийн хаалгыг тогшсон. Сонголтгүй сонголт. Өөрөөр тайлбарлах аргагүй. Иргэд чинь илүү зарлагадаж, тансаглаад байгаа юм биш. Эргэн тойронд нь бүх юмны үнэ өсөж байна. Орлогоо нэмээгүй цагт олдог хэд нь амьдралд нь яагаад ч хүрэлцэхгүй нь тодорхой. Энгийнээр тайлбарлахад ийм л юм болоод байна, Монголын нийгэмд.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд төрөөс үнийн хөөрөгдлийн эсрэг юу хийв. Ард иргэдээ бүсээ чангалахыг уриалж, хэмнэцгээе гээд байсан. Яаж хэмнэв. Төрийн хэмнэллтийн тухай хуулийг батлаад бүтэн улирал өнгөрлөө. Болж бүтсэн зүйл юу байна. Эргэн сөхье.
ХЭМНЭЛТИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИВ ҮҮ
“Хэмнэлтийн бодлого хэрэгжүүлнэ” хэмээн манай бодлого тодорхойлогч нар өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлээд хэлэлцэж эхэлсэн. Ярьж, тохирсноороо хийдэг бол сайн хэрэг. Харамсалтай нь хэлснээ хэрэгжүүлдэг тогтолцоо манай улсад даанч алга. Дарга нарын тоог цөөлнө, орлогч болон дэд дарга нарын орон тоог цомхотгоно гэж байв. Тэр бүү хэл дэд сайдуудыг хүртэл байлгах уу, үгүй юу хэмээж байсан. Харин өнөөдөр юу болов. Хэдэн дарга цомхотгож, төсөвт хэчнээн төгрөгийн хэмнэлт хийв.
Тодорхой, тооцоололтой зүйл өнөөг хэр нь алга. Ер нь Хэмнэлтийн бодлого хэрхэн хэрэгжиж байгааг хянаж чадаж байна уу. Тухайлбал, Улсын их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд орлогч дарга, яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагын дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин хориглоно гэж байсан. Энэ хэрэгжиж байна уу.
Мөн “Орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн ААН эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно” гэж байсныг хэн хянаж байна.
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН ТАНСАГЛАЛЫГ ТАНАЖ ЧАДАВ УУ
Та бүхэн сонсож л байсан байх. Төрийн өндөр албан тушаалтнуудын эрх ямба, төсвөөс эдлэх хангамж чамгүй их. Тухайлбал, гар утасны төлбөрөө хүртэл та, бидний бүрдүүлдэг татварын мөнгөөр төлүүлж ирсэн түүхтэй. Түүнчлэн сар бүр шатахууны зардалдаа нэг гишүүн 500 мянган төгрөг авдаг гэж байгаа. Тэгвэл энэ бүх зардлаа УИХ-ын гишүүд хэмнэж чадсан уу.
Уг нь Хэмнэлтийн бодлогодоо “Албаны бус автотээврийн хэрэгслийн шатахууны төлбөр”-ийг хэмнэнэ гэж: маш тодорхой заасан. Энэ заалт хэрэгжиж байна уу.
Мөн “Ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт эсвэл эхнэр болон нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал”-ыг төрөөс даахгүй тухай заасан. Аль ч утгаар нь аваад үзсэн урьдын энэ жишиг байж боломгүй зүйл. Гэтэл өдийг хүртэл энэ тогтолцоо манай төрд байсан. Үүнийг халах тухай асуудал гуравхан сарын өмнө л сөхөгдлөө. Гэхдээ бодитоор хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг бас л эргэлзээтэй. Дээрээс нь нэмж дурдахад Төрийн хэмнэлтийн тухай хуульд “Хэвлэлийн захиалгын төлбөр зэргийг санхүүжүүлж, зарцуулахыг хориглоно” хэмээн тусгасан байдаг. Арга ядсан, аль эсвэл хэлбэрдсэн гэх үү.
Ямартаа ч төрд суугаа дээдсүүд хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлж чадсангүй. Хэлбэр төдий хэдэн заалт баталсан ч тэр нь хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Тийм атал талхны мөнгөө яая даа гэж буй иргэдээ бүсээ чангал, хэмнэ хэмээн доёолох нь хэтийдсэн хэрэг биш гэж үү.
Эх сурвалж: Өглөөний сонин