"Төмс..."

🕔 2022/07/25 09:49

"Төмс..."

 

Нэгэн цагт дэлхийн иргэдийг өлмөн зөлмөнгөөс аварч асан төмс үнэ нь тэнгэрт хадсан өчигдөрийг хүртэл бахархах зүйл нь ардаа хоцорсон Монгол түмэн шигээ зүсэн зүйлийн хүнсний ногоо өрсөн лангуун дундаа "үл үзэгдэн" байлаа. Рэстараан, гуанзны таваг, аяганд шавхруу болон гомдолтойхон хоцордог байлаа. Зоорины мухарт гахайн тэжээл болохоор гунигтайхан илжирдэг байлаа. "Нялх" сайдын бэлэг ч болж, хоч ч болж байлаа. "Төмс, хүнсний ногоо" гээд ижил сүргээсээ таслалаар таслагдаж байлаа. Идэхгүйгээс хойш гээд спирт болгох ярианд орж байлаа. "Нийслэл салат"-нд нэр төдий орж байлаа. Хүүхэд ахуйд үнсэнд булж иддэг байсан төмс маань үнсэнд хаясан шалз шиг үнсэндээ "булагдаад" үлдсэн байлаа. Гэх мэтээр ард түмний цэснээс аажмаар алсран холдож байлаа. 
 
Тэгтэл тэрбээр лангуун тайзан дээрээ сенсаацтайгаар эргэн ирэлт хийлээ. Ирэхдээ таргална гээд иддэггүй иргэдийнхээ "хөх инээдийг" хүргэн байж, өндөр үнэтэйгээр эргэн ирлээ. Өгөрцийтэй хамт нэг жин дээр зогсож, өргөн олныхоо нүдийг орой дээр нь гаргалаа. Төмс түүхэндээ байгаагүй өндөр үнэ хүрлээ. Төмс бараг л төгрөгийг орлох шахлаа. 
 
Түүнийг өнгөрсөн хаврын өгөрций шиг, түрүү жилийн өндөг шиг, тээр жилийн сонгино шиг өндөрт өргөн, ам булаалдан ярьж байна. Гэхдээ "өхөөрдөж" ярьж байна. Төмс 5000 хүрчээ хэхэ. 
Төрийн наадам дууслаа. Түмний амьдрал үргэлжиллээ. Бүх юмны үнэ бөөндөө тасарч, саахалтын зайтай хатирч явахад төмс л хөөрхий сүүл мушгиж, баян ходоод болон үнээ өсгөлөө. Одоо түүний ард Монгол төгрөгийн үнэ цэнэ хэзээ өсөх нь тодорхойгүй сажилж явна. Барианд оролгүй бахардаж унаж ч магадгүй. "Эрлийз доллар"-т чирэгдэж үхэх шахсан үйлтэй Монгол төгрөг. Хөөс сахруулан унасан цагт нь эрхэм дээд төрийн дээдсүүд маань хөндий цээж рүү нь хэд ч өшиглөсөн эмчилгээгүй болсон байх вий. Төгрөгийн ханш минь төмсөөр л зогсож "уясан" Монгол банк, "унасан" ард түмнээ баярлуулаарай даа.
 
Үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх энэ үнэ тарьсан эзэндээ илчээ өгч таван цаасны орлого өгнө гэж найднам. ЖДҮ олддоггүй тэдэнд жижигхэн ч гэсэн "дусал тариа" болох биз ээ. Анхны ургацын дээжээрээ зээл, хүүгээ төлж, мөрөн дээрх ачаанаасаа мөчидхөн ч гэсэн салж байгаа байх аа. 
Харин төмсөнд "дуртай" ард түмэн минь тэвчиж жаахан хүлээ. Газар доорх гахайнууд чинь таргалж гүйцээд ирэхийн цагт хямд үнэ, амт чанартайгаар гал тогоонд чинь заларч гарын хоолонд чинь "порц" нэмэх биз ээ...
 
 
Ч.Явуухүү
 
 
Улаанбаатар хот Баянзүрх зах. 2022 оны 7 сарын 23-ы өдрийн хүнсний ногоо, үнэ ханш:
 
 
сонин mn
 
 
 
 
 
 
сонин mn
 
сонин mn
 
сонин mn
 
сонин mn
скачать dle 12.0

Санал болгох