ОЛОН ӨНГӨ: Үнийн өсөлтөө гүйцэхээ больсон цалин

🕔 2022/03/30 10:09

Он гарснаас хойш олон баярын ард арай гэж гараад байгаа иргэд хадгалах, хураах гэдэг үгийг бараг л мартжээ. Учир нь, нийгмийн даатгалын шимтгэл нь нэмэгдээд удаагүй байгаатай зэрэгцэн инфляц 14.6 хувьд хүрээд байгаа юм. Үүнээс үүдэн үнийн өсөлтийн дарамтад ороод байна. Тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөгт хүрсэн ч эм тан, эмчилгээний зардлаас хэтэрдэггүй гэдгийг тэтгэврийн насны иргэд ярьж байна. Монголбанкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2012 онд 1399 төгрөг байсан бол энэ оны мөн үеэр 2924 төгрөг болоод байна.
10 жилийн өмнө Монгол Улсад дундаж цалин 335 ам.доллар байв. Харин одоо  468 ам.доллар байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дундаж цалин ердөө 110 ам.доллароор өссөнийг инфляцын өсөлттэй харьцуулахад бараг байрнаасаа хөдлөөгүйтэй адил байгаа юм. 
Өнөөгийн амьдрал нь монголчуудыг “Насаараа цалингаараа амьдраарай” гэх еврей хараалаар ч амьдарч чадахгүй болсныг харуулж байна.
Хөгжил нь хүн амын өсөлтөө гүйцэхгүй гэж ярьж байсан бол одоо цалин, тэтгэвэр нь үнийн өсөлт болон инфляцыг гүйцэхгүй болж таарлаа. Хараалаар ч амьдарч чадахгүй байгаа монголчууд удахгүй мах ногоогоо ч худалдаж авч чадахаа болих үе ойртсоор. “Манжин байхад махаар яах вэ, Манж байхад Монголоор яах вэ” гэдэг шиг Манжийн дарлалын үеэс ч дор байдалд орох вий. Инфляц энэ хэвээрээ өсөн, эдийн засаг энэ эрчээрээ унавал төгрөг улам үнэгүйдэж юаниар худалдаа хийж “Энэ чинь Юань улсын үеэс үүссэн манай мөнгөн тэмдэгт” гээд халаглаад сууж байх вий дээ.
О.ГАНЖАРГАЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Санал болгох