Цөмийн дайн гарах уу?

🕔 2022/07/25 15:50

Цөмийн дайн гарах уу?

 

Хорин нэгдүгээр зуунд цөмийн дайн гарах уу. Хорьдугаар зуунд дэлхийн нэг, хоёрдугаар дайн болж, зэвсэг техник нь асар хүчтэй болж, сүүлдээ атомын бөмбөг бүтээж японы хотод хаяж нийтдээ энэ зуунд манай цэнхэр гаригийн 200 сая хүн дайн байлдаанд амь үрэгдсэн байдаг. Харин хорин нэгдүгээр зуун эхэлснээс хойш  хүйтэн дайн зогссон тул том дайн болоогүй байсан юм. Гэтэл энэ зуунд Оросын өдөөсөн Украины дайн гараад ирлээ.
 
Украйнд явуулж буй Путины дайн эдүгээ улам өргөжиж байна. Оросын арми Украйны Крымийг 2014 онд эзлээд зогсохгүй, Украйны зүүн муж Донецк, Луганскийг түрэмгийлэн эзлээд цаашлаад бүр Донбассыг эзлээд байна. Оросын арми одооны байдлаар Украины нутаг дэвсгэрийн тавны нэгийг түрэмгийлэн эзлээд байна. Оросууд Украиныг 3 хоногийн дотор эзэлнэ, украинчууд оросын танкийг цэцэг барин угтах болно хэмээн тооцсон боловч байдал өөрөөр эргэчихээд байна.
 
Путин Украиныг хуучирсан зөвлөлтийн үеийн зэвсэгтэй, зөвлөлтийн үеийн цэргийн сургуулийн хоцрогдсон тактиктай тул эзлэхэд хялбар хэмээн хэмээн тооцсон боловч  дайн  үргэлжлээд таван сар болж байна. Орос улс холбооныхоо төсвөөс украины дайнд зориулж зөвхөн нэг өдөрт татвар төлөгчдийн 500 сая орчим долларыг зарцуулж байна. Ийм өндөр өртөгтэй дайн хэнд хэрэгтэй юм бол. Путин нэг зүйлийг анзаараагүй. Украин улс сүүлийн гучин жилд туурга тусгаар болж хөгжсөн, эрх чөлөөг эрхэмлэдэг европын орон болсон. Ард түмэн нь  эрх чөлөөтэй, эх оронч ард түмэн болсон. Ерөнхийлөгчөө ард түмэн нь сонгодог болсон. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй болсон. Эдийн засаг нь сайжирсан. Гэтэл Орос орон энэ хугацаанд ганц хүний дарангуйллын орон болсон. Үндсэн хууль, эрх чөлөө гэдэг Орос оронд хоосон цаас болсон. Орос оронд эдүгээ эрх чөлөө Горбачёвын үеэс ч долоон дор болсон. Эдүгээ 91 настай Михайл Горбачёв Путины өдөөсөн энэ дайнд ихэд дургуйцсэн гэнэ лээ.   
 
Эдүгээ оросын арми НҮБ-ын мэдээлснээр 15 000 цэргээ алуулж, 45 000 цэргээ шархдуулсан аж. Өдөр бүр хоёр талаас хэдэн зуун цэрэг дайнд үрэгдсээр байна. Украины тал нэг өдөрт 100-200 цэргээ алдаж байна. Украины арми  яагаад дэлхийн хоёр номерийн хүчирхэг армийг сөрж зогсож чадаж байгаа юм бол? Украины арми сүүлийн гучин жилд орчин үеийн арми болж чаджээ. Ялангуяа _рөнхийлөгч Порошенкогийн үед украины цэргийн хүчин чадал орчин үеийн хэмжээнд хүрч амжжээ. Украины арми 2014 он хүртэл тийм их их хүчирхэг байгаагүй. Гэтэл Путины орос цэргүүд Украины Крымийг эзэлсний дараа Украины арми эрс сайжирчээ.
 
Путин энэ оны 2-р сарын 24-ний дайн эхэлсэн өдөр Украиныг болон Өрнөдийг цөмийн зэвсгээр айлгаж сүрдүүлж эхэлсэн юм. Дайн эхэлсэн өдөр Путин Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд цөмийн зэвсгийн өндөржүүлсэн бэлэн байдалд орохыг тушааж  байв. Хэрэв Украины арми Оросын армийг эх нутгаасаа буцаан хөөж эх нутгаа оросын цэргээс чөлөөлж чадвал “ичсэн хүн тараг үлээнэ” гэгчээр Путин эцсийн аргаа хэрэглэж Украинд цөмийн цохилт эхэлж хийж болох юм.Энэ дайн цаашид даамжирвал Путин Польшид цөмийн довтолгоо ч хийж мэдэх юм.Учир нь Путины баруун гар Чечений удирдагч Кадыров “Бид Польштой байлдахад бэлэн” хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа л даа. Дэлхий нийт Оросын түрэмгийллэлийг эсэргүүцэж, Украины талд бат зогсож байна.Украинд АНУ нийтдээ 8 тэрбум долларын тусламж үзүүлээд байгаагийн 2.2 тэрбум долларыг сүүлийн нэг сард олгоод байна.Украин мэдээж эх орноо оросын рашизмаас чөлөөлнө, оросын сүүчийн цэрэг украинаас тонилтол байлдана гэж байгаа. Путин харин “Украинд бид жинхэнэ дайнаа эхлээ ч үгүй байна. Сүүлчийн украин хүн үхэж дуустал  бид байлдана” гээд байгаа. Их л хэцүү юм болж байна даа. Дайн буруу гэдэг нь мэдээж. Өнөөдрийн дайны хэнээтэн хэн бэ, дайны гэмт хэрэгтэн хэн бэ, дайнаас болж Украин улс ямар их хохирол хүлээгээд байгааг дэлхий нийт сайн мэднэ.
 
Саяхан АНУ-ын генерал Бридлав болон Жонс нар сурвалжлагч нарын асуултад хариулахдаа: Эдүгээ өнөөдөр цөмийн мөргөлдөөний аюул 1962 оны Кубын хямралын үеэс дутахгүй их байна.Иймд НАТО цөмийн аюулаас хамгаалах асуудлаа улам сайжруулах хэрэгтэй” хэмээжээ. Европд байгаа НАТО-гийн цэргийн мэргэжилтнүүд ч гэсэн өөрсдийн дүгнэлтээ хийгээд байна.Тэд үзэхдээ: “Эдүгээ Оросын Холбооны нутаг дэвсгэр дээр хэдэн мянган цөмийн хошуу болон устөрөгчийн бөмбөг цэргийн агуулахад хадгалагдаж байгаа. Өнөөдөр оросын арми нэг л төрлийн цөмийн зэвсэг ашиглах хүчин чадалтай байна. Тэр нь тив алгасах цөмийн хошуутай пуужин юм.Орос улс энэ пуужинг эх газраас болон далайн шумбагч хөлөг онгоцноос харвах хүчин чадалтай. Хэрэв оросын арми эхэлж цөмийн зэвсэг хэрэглэвэл НАТО цөмийн довтолгоог няцааж чадах уу гэдэгт  гол асуудал байгаа юм” гэцгээж байна. Европ дахь НАТО-гийн хуучин ерөнхий захирагч, генерал Филип Бридлав “ Украин дахь Оросын арми амжилтгүй байлдаж байна, армийн төрөл бүрийн хүчнүүдийг бүрэн ашиглах явдал хангалтгүй  байгаа нь харагдлаа. Оросын армийн командлал Украйн дахь цэргийн ажиллагааг сайн удирдаж чадахгүй байгаа нь ажиглагдлаа. Ялангуяа дивиз, корпусыг удирдах, зохицуулах ажиллагаа сул байна.
 
НАТО-гийн цэргийн хүчин Оросын цэргийн хүчнийг дайны талбар дээр ялах боломжтой. Гэхдээ НАТО-гийн цэрэг өндөржүүлсэн бэлэн байдлаа улам сайжруудах талаар олон ажил хийх шаардлагатай. Мадридад болсон уулзалтаар хэлэлцсэн асуудлаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэрхүү Мадридын уулзалт дээр НАТО-гийн 300 000 цэргийн өндөржүүлсэн бэлэн байдлын талаар асуудал яригдсан. 2014 онд  намайг Европ дахь НАТО-гийн ерөнхий захирагчаар ажиллаж  байх үед  Орос эхлээд Украйны Крымийг эзлээд, дараа нь Донбасс руу хоёр дахь удаагаа довтолж байсан юм. Тэр үед НАТО өөрийн цэргээ орчин үеийн зэвсгээр хангаж 40 000 цэргийг байлдааны бэлэн байдалд оруулж чадсан байдаг юм.
 
Одоо бид тэр үеэс улам их хүчирхэг НАТО-гийн цэргийн хүчний тухай ярих болж байна.Цөмийн зэвсгийн хувьд ярихад бид ноён Путин болон ноён Валерий Герасимов  нарын цөмийн зэвсэг хэрэглэх тухай яриаг маш болгоомжтой анхаарч авч үзэх хэрэгтэй. Үүнээс үүдэж бид европт зөв үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.Ноён Путины дэлхийн гуравдугаар дайны тухай яриаг ч орхигдуулж болохгүй.” гэв. НАТО-гийн халагдсан генерал Жеймс Жонс ярихдаа “ Орос, Украины хил хуурай газраар Европд ойрхон байгаа нь их аюул дагуулж байгаа юм. Энэ нь Кубын хямралаа ч илүү аюултай. Манай НАТО-гийн сэтгэл зүй бол хамгаалах сэтгэл зүй гэдгийг бүгд мэднэ. Хүйтэн дайны үед ч НАТО  бусдыг хэзээ ч эхэлж буудаж байгаагүй. Өнөөдрийн нөхцөлд Путин НАТО-гийн гишүүн орны эсрэг бус, НАТО-гийн түнш Украины эсрэг аль хэдийн эхэлж буудсан гэдгийг сайтар санах хэрэгтэй. Би үзэхдээ энэ дайны үед НАТО улам нэгдэж нягтрах хэрэгтэй. Ноён Путин НАТО-гийн эгнээд шинээр Финлянд, Швед улс элсэн ороход улам дургуйцэх нь мэдээж. Ер нь өнөөдрийн байдлаар оросын армийн мэргэжлийн түвшин доогуур түвшинд байна гэдэг нь харагдаж байна. Миний бодлоор өнөөдөр НАТО Украинд цэргээ илгээхгүй, гэхдээ хэрэв ноён Путин цэргээ Өрнөд рүү  хөдөлгөвөл НАТО ямар ч эргэлзээгүй тэдний эсрэг цэргээ хөдөлгөх нь зүйтэй. Энэ дайнд цөмийн зэвсэг хэрэглэх нь хамгийн эцсийн алхам байж мэднэ. Гэхдээ ийм алхам бүү хийгээсэй. НАТО-гийн өнөөдрийн удирдагчид ийм алхам хийхийг ноён Путинд зөвшөөрөхгүй байх, ийм боломж олгохгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэв энэ хязгаарыг давбал юү болж төгсөхийг хэн ч үл мэднэ. НАТО болон АНУ бүхий л боломжоороо цөмийн зэвсэг хэрэглэх ийм байдалд хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Кремлийг цөмийн зэвсэг хэрэглэх явдлаас татгалзуулаад зогсохгүй,  дайнаас нь татгалзуулах нь чухал байна.” гэж мэдэгдэв. 
    
“Кубын хямрал” гэж юу юм бэ?
 
сонин mn
 
Орчин үеийн монголчууд энэ нэр томьёог сайн мэдэхгүй биз.Энэ явдал хүйтэн дайны ид оргил үед 1962 оны 9-10-р сард болсон юм. Оросууд энэ явдлыг “Карибийн тэнгисийн хямрал” гэдэг. Америкчууд “Кубын хямрал” гэдэг юм. Бүх юм зөвлөлтийн шумбагч хөлөгнүүд Кубад нууцаар “Анадырь” гэсэн ажиллагаа явуулж цөмийн пуужингуудаа тээвэрлэж Кубад байрлуулж америкийн эсрэг онилчихоод байснаас болсон юм. Кубад төрийн эргэлт хийж засгийн эрхийг хууль бусаар булааж авсан улаан коммунист Фидел Кастро зөвлөлтийн цэрэг Кубад ирж байрлахыг хүсч улмаар америкийн эсрэг цөмийн пуужин байрлуулахыг зөвшөөрчихсөн байлаа. Зөвлөлтийн цөмийн хошуутай пуужингууд тэр үед зөвлөлтийн зүүн хойд нутаг Чукотскд америкийн эсрэг онилоостой байсан бол энэ удаа америкийн хамар дор Кубад байрлаж америкийн эсрэг онилчихсон байсан нь АНУ-г маш их айлгасан юм. АНУ-ын Конгресс энэ хямралыг цэргийн хүчээр шийдвэрлэж Кубыг нэн даруй бүсэлж Кубад цэргээ оруулж Кубын коммунист дэглэмийг  дарахыг шаардаж байлаа. Гэвч тэр үеийн ерөнхийлөгч Жон Кеннеди  уужуу тайван, хүлээцтэй хүн байсан тул яаравчлан Кубыг цэргийн хүчээр довтолсонгүй.
 
Вашингтон – Москва хотын хооронд хоёр орны ерөнхийлөгч нар  шууд харилцах телефон утас тавьж,  зөвлөлтийн удирдагч Никита Хрущевтай хэлэлцээр хийх санал тавив. Хрущев энэ саналыг зөвшөөрөв. Энэ байдлыг Фидель Кастро эсэргүүцэж, Хрущевийг АНУ-тай хэлэлцээр хийж болохгүй, харин америкийн эсрэг Кубын арлаас пуужин харваж цөмийн дайн хийж америкийн империализмыг булшлах хэрэгтэй хэмээн ятгаж  шаардаж байв. 1962 оны 10-р сарын 27- ны өдөр дэлхийн гуравдугаар дайн золтой л гарчихсангүй. Харин Кеннеди, Хрущев нар хоёр талт хэлэлцээр хийж дайны байдлыг эцэс болгов. Энэ явдалд кубын коммунистууд “биднийг зөвлөлтийнхөн америктай хуйвалдаж хөсөр орхилоо” хэмээн ихэд гомдож байсан гэдэг.Тэрхүү хэлэлцээрээр зөвлөлтийн тал цөмийн хошуутай пуужингуудаа Кубээс татахаар болов. АНУ Кубыг далайгаар бүсэлсэн бүслэлтээ орхив. Америкчууд хэлсэндээ хүрч одоо болтол Кубыг огт хөндөөгүй юм. Куба ч коммунист дэглэмийн дор 60 жил ядуу хэвээр өдий болтол үлджээ.
 
Энэ явдлаас хойш далаад оны сүүлчээр америк, зөвлөлтийн удирдагчид цөмийн дайнаас эрс татгазаж, цөмийн зэвсгийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Зөвлөлтийн удирдагч Леонид Брежнев, Михаил Горбачёв, америкийн ерөнхийлөгч Ричард Никсон, Роналд Рейган нар дал, наяад онуудад цөмийн зэвсгийг хязгаарлах,  хүйтэн дайныг зогсоох талаар их зүйл хийсэн дээ. Харин одоо 70 настай Путин, 80 настай Байден хоёр яах юм бол? Дэлхийн цэргийн хүчин чадлаараа нэг номерийн улс,  хоёр номерийн улс  хоёр яах бол? Дэлхийд цөмийн дайн гарах болов уу. Арай үгүй байлгүй дээ. Арай хүн төрөлхтөн өөрсдийгөө хөнөөхгүй  биз. Энэрэхүй сэтгэл,  оюун ухаан хоёрт нь л найдаж байна даа. 
 
Цаашид Орос, Америк хоёр цөмийн дайнаас эрс татгалзах хэрэгтэй. Эдүгээ орчин үеийн цөмийн зэвсгийн нэг хошуу 1945 онд японы Хиросимод хаясан атомын бөмбөгнөөс 1000 дахин хүчтэй, хор хөнөөлтэй болсон. Цөмийн дайнд ялагч гэж байхгүй. Цөмийн дайн болвол дэлхий сөнөнө гэдгийг 23 жил өнөөгийн Орос орныг удирдаж байгаа туршлагатай улс төрч ноён Путин уг нь мэдмээр л юм. Ийм туршлагатай улс төрийн зүтгэлтэн улс орноо ковидоос салгаж, ядуурлаас гаргахын оронд ах дүү славян үндэстнийхээ эсрэг дайн өдөөснийг нь би хараад үнэхээр гайхаж харамсдаг юм. Ер нь энэ славянчууд анх манай эриний 511- 911 оны хооронд  Византийн гүрнээс соёл иргэншил, шашнаа авч “Русь” гэдэг скандинавчуудын  өгсөн нэртэй болж,  улс нь анх буй болсон түүхтэй. “Славян” гэдэг нэр бол эртний грек ромын хэлээр “sklavi – склави” буюу “боол” гэсэн утгатай үг л дээ.
 
Эртний соёлт грек ромчуудын хувьд славянчууд бол бүдүүлэг хоцрогдсон боол мэт хүмүүс байсан нь үнэн түүх юм. Гэвч цаг үе өөрчлөгдөж Орос орон хэрхэн хүчирхэг гүрэн болсныг бид түүхээс сайн мэднэ. Эдүгээ ганц хүний дарангуйллын Орос орноос өнөөдрийн байдлааар 700 000 орос иргэн гадаад руу дүрвэжээ. Дэлхий нийт ялангуяа өрнөдийн улсууд Орост тавьж байгаа эдийн засгийн хоригоо улам чангалсаар байна. Оросыг дэмждэг гадаад улсын иргэдэд хүртэл хориг тавьж байна.
 
Монгол улсын иргэд ч гэсэн энэ украины дайны үед Орос улс руу бизнесийн болон шашны хэргээр зорчиж явах нь зөв үү, буруу юү гэдгийг  анхаарч  болгоомжлох хэрэгтэй болжээ. Учир нь саяхан Японд 3 жил амжилттай ажиллаж амьдралаа дээшлүүлж байсан  нэгэн монгол залуу амралтаа аваад наадмаар Монголд түр ирээд байхад нь эмэг эх нь Буриадын Иволгын дацанд хамт очиж Итгэлт хамбад мөргөе, аялалын зардал нь хямд болжээ гэснийг нь хүү нь зөвшөөрч Оросын  хил давж Иволгод очжээ. Хүү нь удалгүй саяхан Япон руу буцаж очсон боловч Японы хил дээр түүний  гадаад паспортыг нь шалгаад дайны энэ үед  Орос улс руу хил  нэвтэрсэн байна хэмээн үзээд Япон руу огт нэвтрүүлэхгүй Монгол руу нь бүрмөсөн буцаажээ.Тэр залуугийн Японд 5 жил ажиллах байсан гэрээ ийнхүү хүчингүй болжээ. Мөн Америкад 20 жил амьдраад Монголд түр ирсэн  америкийн ногоон карттай монгол иргэн мөн л Оросын Буриад улс руу яваад   яг ийм явдал тохиолдож тэр монгол хүн дахин АНУ явах эрхгүй болж хар дансанд бичигджээ.
 
Украины дайн дууссан ч гэсэн ийм хүмүүс дахин өрнөд рүү явах эрхгүй болох аж. Манай монголчууд  Туркэд  олноороо аялдаг, тэнд  амьдарч ажилладаг хүмүүс ч  буй. Ийм явдал Турк руу явах гэсэн  монголчуудад тохиолдохгүй гэхийн аргагүй болжээ. Учир нь Турк улс НАТО-гийн гишүүн орон. Яг өнөөдрийн байдлаар хүн төрөлхтөнийг цөмийн зэвсгээр айлгаж сүрдүүлж байгаа хоёрхон л улс  байна.
 
Орос, Хойд Солонгос хоёр. АНУ тэргүүтэй өрнөдийн цэргийн хүчирхэг  эвсэл нэг зүйлийг сайн санах хэрэгтэй. Владимир Путин, Ким  Жон У хоёрыг буланд хэт шахаж болохгүй. Хэрэв тэднийг  буланд хэт их шахвал цөмийн дайн гарч, хэдэн зуун сая хүний амь нас хоромхон зуур салхинд хийснэ гэдгийг давхар бодох хэрэгтэй. Цаашид Орос орон дарангуйллын харгис орон хэвээр үлдэх үү, эсхүл дарангуйллын дэглэмийг нурааж ардчилсан улс болох уу. Үүнийг яг хэлж чадах хүн алга. Маргааш дэлхийд юү болохыг хэн ч үл мэднэ. Хорин нэгдүгээр зуун бол хүн төрөлхтний оюун ухаан, технологи, энх амгалангийн эрин зуун билээ. Дайн, тахал, өлсгөлөн,  өвчин бүхэн дуусах болтугай.  Амар амгалан, аз жаргал,  хөгжил дэвшил бүхэн дэлгэрэх  болтугай.     
 
 
Хуульч, сэтгүүлч Доржийн Сүхбаатар     
скачать dle 12.0

Санал болгох