В.Зеленский: Орос Украйн руу довтолно гэсэн баттай мэдээлэл байхгүй

🕔 2022/02/14 09:45


Олон улсын зарим хэвлэлүүд ОХУ-ын цэрэг Украинд  довтлох хугацааг энэ долоо хоногийн лхагва гараг гэж мэдээлжээ.  Үүнтэй холбоотойгоор Украины иргэд Киев хотод бямба гарагт жагслаа. Тэд "Дайн асуудлын шийдэл биш” гэсэн лоозон барьсан агаад тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа нь энэ юм. Украины нийслэл Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдээлснээр ОХУ-ын цэргийн дайралтад бэлтгэн нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг баталжээ. Тэрбээр "Онц байдал зарласан үед цэргийн дайралтыг эсэргүүцэх, өдөөн хатгалгыг зогсооход сэргийлсэн төлөвлөгөө боловсрууллаа. Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу хотод хоргодох байруудыг бэлтгэж, шаардлагатай техник хэрэгслүүд, хүн хүчийг бэлтгэсэн" гэж мэдэгдэв.
 
Харин АНУ "Орос улс довтлоход бэлэн болсон тул  48 цагийн дотор Украиныг орхино уу” гэж иргэддээ анхаарууллаа. Мөн тус улсын Украйн дахь Элчин сайдын яамны консулын үйлчилгээ өчигдрөөс эхлэн түр зогслоо. Оросын дайралт агаарын цохилтоор эхэлж магадгүй гэж Цагаан ордон үзэж байгаа юм. Америкийн тооцоолсноор Украины хилийн ойролцоо Оросын 100 мянга гаруй цэрэг төвлөрсөн нь дайн болж магадгүй гэсэн айдсыг төрүүлээд байна.
 
Үүний дараахан дэлхийн бусад орны айдас улам нэмэгдэж, одоогийн байдлаар Их Британи, Герман, Австрали, Итали, Израиль, Япон тэргүүтэй 10 гаруй улс Украйнаас гарахыг иргэддээ анхааруулаад байна. Зарим нь дипломат ажилтнууд болон тэдний ар гэрийнхэнийг нүүлгэн шилжүүлжээ. Харин Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг үндэслэлгүй, хоосон хардлага гэж мэдэгдээд, ОХУ хэнд ч заналхийлээгүй гэдгийг онцолжээ.
 
Гэвч одоогийн байдлаар ОХУ Крымын өмнө зүгт, хоёр орны Оросын хил болоод Беларусийн хойд зүг гэсэн гурван байрлалд цэргүүдээ байршуулаад байгаа юм. Мөн тэд олон тооны зэвсэгтэй байгаа аж. Энэ талаар сансрын дагуулаар зураг авдаг "Maxar” компанийн захирал Стипэн Вүүд "Олон тооны танк, өөрөө явагч их буу болон бусад хэрэгслүүдийг төв паркаас нэмэлтээр бусад цэгүүд рүү шилжүүлж байгаа харагдлаа. Мөн Орос Беларусийн хэд хэдэн байршилд сургуулилт хийж байна. Үүнээс гадна Крымын нийслэл Симферополь хотын хойд хэсэгт 500 гаруй цэргийн майхан, хэдэн зуун техник хэрэгсэл байршуулжээ” гэж CNN-д ярьжээ.
 
Үүнээс гадна Орос өөрийн холбоотон болох Беларусьд олон тооны цэргээ байрлуулсан юм. Энэ нь Украинд довтлох өөр нэгэн гарц нь байж магадгүй хэмээн шинжээчид анхаарууллаа. Тус хоёр улс пүрэв гарагаас эхлэн хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа билээ. Энэ дуулиан шуугианы дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Өргөн цар хүрээтэй, том хэмжээний дайн болно гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Ямар эрсдэлтэй тулгарахаа бид ойлгож байгаа. ОХУ Украйн руу довтолно гэсэн 100 хувь найдвартай мэдээлэлтэй хүн байвал бидэнтэй хуваалцаарай” гэж ярьжээ.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох