ДАРХАНЫ ШИНЭ ЗАСАГ НАМЫН ТОХИРООГООР ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙСЭН ҮҮ

🕔 2015/11/04 10:39
ДАРХАНЫ ШИНЭ ЗАСАГ НАМЫН ТОХИРООГООР ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙСЭН ҮҮДархан-Уул аймгийн улс төрийн байдал тогтворгүй бас дуулиан шуугианиар тасардаггүй. Сандал суудлын төлөө сөрөг хүчин гэлтгүй нам дотроо хөлөө жийлцэн "цус сэлбэх” нэрээр  улс төрийн тоглолт хийдэг. Тэгвэл яг одоо тус аймагт улс төрийн хурцадмал байдал дахин үүсжээ. Өмнөх Засаг дарга С.Насанбат нь төсвийн хөрөнгийг идэж, уусан хэргээр аавын хаалга татахад тун ойрхон буй. АТГ-аас түүнийг шалгаж, цагдан хорьж байсан ч саяхан батлан даалтад гараад байгаа юм. 

Харин энэ хооронд өмнөх засгаа унаган байж сонгогдсон гэх А.Энхболд сонгогдсон даруйдаа л газар, хэлтсийн дарга нараа халж, солилоогэх шуум тасраагүй. Тодруулбал, Засгаар сонгогдоод гуравхан сар болохдоо таван хүнийг ажлаас нь халсан аж. Тэдний дунд Засаг даргын тамгын газрын дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Дархан хотын ерөнхий архетектурч, Засаг даргын орлогч  зэрэг удирдах албаны хүмүүс багтсан байна. 

-Би хэнийг ч халаагүй. Тэд хамтарч ажиллахыг хүсээгүй-
 
Дээрх нэр бүхий хүмүүсийг ажлын ур чадвар дутуу гэх шалтгаанаар нэг л өдөр халж орхисон гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Харин энэ талаар А.Энхболд даргаас тодруулахад "Хэнийг ч халаагүй. Эдгээр хүмүүс намайг ажлаа авснаас хойш надтай уулзаагүй. Өөрсдөө хамтарч ажиллах хүсэлгүй мэт өргөдлөө өгөөд гарсан” гэх тайлбарыг хийлээ.  Харин эх сурвалжууд энэ мэдээллийг үгүйсгэж, арай өөр зүйлийг хэлж байна. Мөн  энэ халаа сэлгээнд намын тохироо явагдаж байгаа гэдэг шуум ч байгаа юм. 

Өдгөө Дарханы АН гурав хуваагдаж, МАН хоёр хуваагдсан гэх тул аль аль нь эрх ашгаа бодон намын тохироогоор дээрх ажлаас гарсан хүмүүсийн орны хүнийг томилсон тухай  яриа ч бий.Тэгвэл намын тохироогоор халаа сэлгээ хийсэн талаар А.Энхболд засаг даргаас тодруулахад "Цомхотгол хийгээгүй гэж хэлэхгүй. Бид хариуцлага тооцож, төрийн албаны хууль дүрэмд нийцүүлээд явахыг зорьж байна. Ер нь өөрийнхөө оногдсон үүрэгт ажлаа хийсэн шиг хийж байгаа хүнтэй асуудал ярихгүй. Тухайлбал, манай хэлтсийн дарга нар хурууны хээгээр ирц бүртгүүлдэггүй явсаар ирсэн хийгээд олон бугшсан асуудал бий.Үүнд нь бид хариуцлага тооцох механизм ярих ёстой. Зарим алба хаагчдын гэмт хэргийн чанартай асуудал АТГ-т шалгагдаж байгаа. Энэ үндэслэлээр үзвэл халагдах хэмжээний хариуцлага тооцох хүн байсан учир би халсан. Харин өөрийнхүө сэлтээр ажлаа өгсөн хүмүүс дунд намайг ажлаас чөлөөлөөд өгөөч. Ингэснээр би цаашид төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэнэ гэсэн хүсэлт тавиад гарч байна” гэх хариултыг өгсөн юм.

Ямартай ч Дархан-Уул аймагт  халаа сэлгээ явагдаж, ажлаа өгсөн хүмүүсийг орлох зарим албан тушаалтан томилогдсон сураг байгаа юм. 

Манай сурвалжлах баг тус аймагт үүсээд буй нөхцөл байдлыг  ийнхүү тодрууллаа. 

Үргэлжлэл бий. 
Б.Сансар
olloo.mn
скачать dle 12.0

Санал болгох