Монгол нэвтрүүлэг олон улсын наадмаас шагнал хүртэв
МҮОНРТ-ийн уран бүтээлчид Ази, Номхон далайн орнуудын радио телевизийн шилдэг бүтээл шалгаруулах "ABU AWARD 2015” наадмаас "Би монгол хүн” богино хэмжээний бүтээлээрээ шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртжээ.
Энэхүү бүтээлд 50 жилийн өмнө 11 настайдаа Өвөр Монголоос аав, хойт эх хоёроо даган тэмээгээр Ар Монголыг зорин ирж байсан Г.Чимэдцэрэн гэж эмэгтэй хэрхэн Монгол улсын иргэн болохыг 44 жил хүлээсэн тухай өгүүлдэг. Амьдралдаа ажил хийсэн ч үнэлүүлэх, сонгууль болсон ч оролцох, өвдвөл эмчлүүлэх эрхгүй өнгөрөөсөн энэ хүн 2009 онд сонгуулийн өмнө Монгол Улсын иргэн болохдоо одоо л хүн боллоо гэж бодогдсон хэмээн өгүүлэх нь олон хүнд ухаарал хайрлаж, монгол хүн байхын үнэ цэнийг харуулжээ.
Таван минут үргэлжлэх энэхүү бүтээлийн найруулагч, зураглаачаар О.Энхболд, редактороор Х.Шинэ-Од, эвлүүлгийн найруулагчаар О.Эрдэнэпүрэв, продюссерээр СГЗ Д.Цоодол нар ажиллажээ. Мөн уг бүтээл телевиз дотроо зохион байгуулсан "Цэнхэр дэлгэц” наадмын Гранпри шагнал хүртэж байжээ.
Дашрамд дурдахад, "ABU AWARD 2015” наадмыг зохион байгуулсан "Asia Pacific Broadcasting Union" 50 гаруй жилийн түүхтэй байгууллага нь 58 орны 275 гишүүнтэй бөгөөд Азийн улс орнуудын үндэсний, олон нийтэд үнэ төлбөргүй цацагддаг сувгуудыг эгнээндээ багтаадаг аж.
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг