ТОДРУУЛГА: Н.Алтанхуягийг АН-ын дарга болгохоор Х.Баттулга ажиллаж, нөгөөх нь зүүдэлчихсэн явна
Энэ сарын 18--нд УИХ дахь АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ж.Батсуурь, Ц.Туваан, Н.Ганибал, Д.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Б.Бейсен нар хуралдаж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг тус албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан байгаа юм.
Харин Д.Ганбат мэдээлэл хийж, Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг АН-ын гишүүнчлэлээс хассан тул бүлгээс хаслаа гэж мэдэгдсэн.
Энэ мэтээр тус намын дотоод маргаан өрнөж байна. Энэ талаар бид зарим эх сурвалжаас тодруулахад,“УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлгийн даргыг огцруулж, сольсон шийдвэрийг хүлээж авахгүй байж магадгүй байгаа” гэв. Учир нь улс төрийн намын дотоод маргаанд УИХ-ын дарга битгий хэл шүүх ч оролцох эрхгүй байдаг гэж тайлбарлав. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн, “13.9 -д Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.
Мөн тус намын зарим гишүүдийн хэлж буйгаар, “Товчхондоо, АН-ын хуучин удирдлага С.Эрдэнэ, Ц.Туваан нар энэ намаас зайлчуул тус нам шинэчлэгдэх ч, Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг тус намын дарга болно гээд ажиллаад эхэлсэн. Мөн Н.Алтанхуяг намын дарга болно гээд зүүдэлчихсэн явна. Энэ байдлаараа энэ намын залуус лангуун дээр тавиад зарагдахаа больсон өвөө нартаа бүдэрч унасаар дээшээ явахгүй нь” гэв. Энэ байдлаараа тус намын дотоод зөрчил, тэмцэл, хуваагдал дуусахгүй нь бололтой.
ЭХ СУРВАЛЖ: ISEE.MN
http://isee.mn/n/27064?fbclid=IwAR0Ufa25WQr6bfutTbHSElE1SmiBOtS8_t2ssmkYCytn-v-e4WlznG_CarE