Нөхөн сонгуулийн хуанли

🕔 2021/08/13 10:19
 
Ирэх аравдугаар сард УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийн санал хураалт болно. Одоогоор нам, эвслүүд нөхөн сонгуульд оролцох хүсэлт, мөрийн хөтөлбөрөө сонгууль зохион байгуулах төв байгууллага болон Төрийн аудитын байгууллагад хүргүүлээд байна. Хэнтий болон СХД-т явагдах нөхөн сонгуулийн он цагийн дарааллыг хүргэе.
 
2021.07.06 
Парламент 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулах тогтоолын төслийг баталлаа.  Нөхөн сонгуульд улсын төсвөөс 2.2 тэрбум төгрөг гаргахаар батлав.
 
2021.07.16 
Нөхөн сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.
 
2021.07.29 
Сонгууль товлон зарласнаас хойш 20 хоногийн дотор хэсгийн хороо байгуулна гэсэн  хуулийн заалтыг үндэслэн СЕХ-ноос нөхөн сонгууль явуулах тойргуудад Сонгууль зохион байгуулах хэсгийн хороог байгуулжээ.
 
2021.8.11 
Нам, эвсэл  Үндсэн хууль болон холбогдох бусад хуультогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
 
2021.08.16 
Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
 
2021.08.26-09.01 
Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг мөн санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлнэ.
 
2021.09.04 
Нэр дэвшигч хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн ХОМ-ээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй.
 
2021.09.05 
АТГ нь нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
 
2021.09.06 
Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшигчийн талаарх  баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
 
2021.09.11 
Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.
 
2021.09.15 
Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно.
 
2021.09.18 
Сонгуулийн ерөнхий хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
 
2021.09.18-2021.10.08 
Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. 
 
2021.09.20 
Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20- иос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.
 
2021.09.21 
Нэр дэвшигч цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.
 
2021.10.07 
СЕХ саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.
 
2021.10.10 
Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
 
2021.10.25 
Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох