НАМУУД НӨХӨН СОНГУУЛЬД БЭЛЭН ҮҮ

🕔 2018/03/06 08:25

НАМУУД НӨХӨН СОНГУУЛЬД БЭЛЭН ҮҮ

 

Сонгууль шударга явагдсангүй гэх маргаан бараг бүх сонгуулиар гардаг. 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн бүх шатны сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ч түүнээс тойроогүй. Харин ч бүр их хэл ам таталсан гэж болно. Өмнө байгаагүй луйвар булхайн хар технологи ч идэвхжсэн. Ялангуяа орон нутгийн сонгууль УИХ-д нэг нам үнэмлэхүй олонх болсноороо түрэмгийлсэн шударга бус үйлдлээр дүүрэн байв. Тэр нь хууль, шүүхийн байгууллага дээр гацсан, орон нутгийн Иргэдийн хурлыг нэг нам барьцаалж нөхөн сонгуулийн хугацааг зарлахгүй байх зэргээр хоёр жил тойров.

Бүх шатны нөхөн сонгууль хуулиараа аравдугаар сарын эхний ням гариг эсвэл зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт болох заалтгай. Энэ дагуу ирэх зургадугаар сард бүх шатны нөхөн сонгуулийг зарлах ёстой. Шилжилт хөдөлгөөн, төрийн албанд орсон, нас барсан, өөр ажилд томилогдсон ч, түүнчлэн шүүхийн шатанд яваа маргаануудын эцсийн дүнд үндэслэн сонгууль зарлах эрх бүхий байгууллага нөхөн сонгуулийн товыг зарлах ажээ. Харин үүнд хэрхэн бэлтгэх вэ, хэнийгээ сойх вэ гэдэг нь улс төрийн намуудын энэ хаврын улс төрийг тодорхойлохоор байна.

Нөхөн сонгуулийн хамгийн халуун цэгийн жагсаалтыг МАН, АН-ын талцал газар авч, орон нутгийн хөгжил, ард иргэдийнх нь амьдралд "чөдөр тушаа” болоод буй Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэг, Орхон аймаг тэргүүлж байна.


СҮХБААТАРТ МАН, АН ХАЙНАА ХАГАЛНА


Сүхбаатар аймгийн ИТХ 33 суудалтай. 2016 оны сонгуульд МАН 16, АН 17 суудал авсан ч нэг тойрогт маргаан гарч, шүүхээр удтал заргалдсан. Эцэст нь 2016 оны аравдугаар сард Дарьганга сумд нөхөн сонгууль зарлаж, АН-аас нэр дэвшигч П.Мөнхжаргал ялалт байгуулснаар орон нутагт АН засаглах эрхтэй болсон. Гэтэл ИТХ дахь МАН-ын бүлэг хууль бусаар хуралдаж, ИТХ-ын даргыг сонгож, тамга тэмдэг хуурамчаар үйлдэн Засаг даргаар З.Энхтөрийг батламжлуулсан. Энэ маргаан шүүх дээр сунжирч, ИТХ нь хуралдаж чадахгүй, төсөв, үндсэн чиглэл батлагдахгүй он дамжсан талцал, маргаан өрнөсөн. 65 суудалтай МАН аймгийн АН-ынхныг АТГ, хууль, шүүхээр айлган дарамталж, "шүд сугалах” мэхээр ИТХ-ын төлөөлөгчдийг татуулж орон нутагт эрх мэдлээ тогтооно хэмээн сүрдүүлж байв.

Удалгүй аймгийн 14 дүгээр тойрог буюу Баруун-Урт сумын II багт АН-аас нэр дэвшиж сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтансүхийн төлөөлөгчийн эрхийг хүчингүй болгож тус тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон. Гэсэн ч аймгийн ИТХ дахь МАН-ынха ннөхөн сонгуулийн хугацааг зарлалгүй хойшлуулж өдий хүрэв. Ж.Эрдэнэбатын үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр очсон ч үр дүнд хүрээгүй. Өнгөрсөн сард Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзалт хийж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх биечлэн очсон ч ахиц гарсангүй. Иймд ирэх зургадугаар сард тус аймагт нөхөн сонгууль зарлах, эсэхийг харах л үлдэж байна.


МАН АЙДАСТАЙ БАЙНА


Баянзүрх дүүргийн МАН-ын хороо 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүдэрсэн. Иймд хариуцлагын асуудал ярих ёстой гэсэн шаардлагыг гишүүд, дэмжигчид нь тавьж ирсэн. Харин намын хорооны дарга нар "Бид орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн юм биш. Таван хороо, зургаан төлөөлөгчийн асуудал шүүх дээр байгаа. Бид ялагдаагүй” гэсэн тайлбар хэлдэг. Гэтэл Улсын Дээд шүүхээс АН-ын талд шийдвэр гарч МАН маргаанаа авч чадалгүй өвдөг шороодсон. 2017 оны аравдугаар сард Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болоогүй. Харин БЗД-ийн X хороон дээр хоёр төлөөлөгчийн маргаантай асуудал шүүхийн шатанд байгаа аж. Ирэх зургадугаар сараас өмнө шүүхийн шийдвэр гарч эцэслэгдвэл хоёр мандат дээр нөхөн сонгууль болно.
 

22 ТОЙРОГТ ДАХИН СОНГУУЛЬ ХИЙНЭ


Орхон аймгийн сонгуулийн хорооноос АН-аас 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн 28 иргэнийг бүртгэж авахаас татгалзсан нь гурван шатны шүүхээр хэлэлцэгдсэний эцэст Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны шүүх хуралдааны 2017 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 320 тоот тогтоолоор эцэслэгдсэн. Үүнд Орхон аймгийн 1, 2, 3,4, 5,6, 7, 8, 9, 10, 11, 12,13,14,15,16,17,18,19, 20, 21, 22 дугаар тойрогт ИТХ-ын сонгуулийг дахин зарлах үндэслэлтэй гэж үзэж, анхан болон давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрүүдийг хэрэгсэ^гүй болгосон. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тус аймагт ИТХ-ын нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар товлоод байна.

Зууны мэдээ
Ч.Зотол

скачать dle 12.0

Санал болгох