А.Мөнхсүх: Дарханд ”Сүхбаатар”-ын талбай барьсан
БНМАУ-ын Ерөнхий сайд болон МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Батмөнхийн амьдрал үйлсийн тухай өгүүлэх "Бүү март” баримтат уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Киноны ерөнхий найруулагч А.Мөнхсүхтэй ярилцлаа.
-Та яагаад заавал 1974-1990 оныг тэгээд Ж.Батмөнх агсны түүхээр кино хийе гэж зорив оо?
-"Бүү март хэмээх энэхүү киноны хувьд зохиолч Ж.Мөнхбат надад санал тавьж, зохиолоо барьж ирсэн. Киногоо гурван жилийн турш бүтээлээ. Түүхэн кино гэхээр л уран сайхны үзэгдэлгүй байж боломгүй санагдсан учраас энэхүү хоёр өгөгдлийг хоёуланг нь тусгасан. Нэг үзэгдэл нь алуучуудын хайр сэтгэлийн тухай бол нөгөө нь төр засгийн удирдлагууд буюу тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүд ямар хүмүүс, яаж ажиллаж байсан, ямар үйл явдал, зам туулсныг харуулах юм. Үүнийг Ж.Батмөнх агсны түүхээр төлөөлүүлж гаргасан. Цаг хугацааны хувьд киноны үйл явдал 1974 он буюу Ж.Батмөнх агсныг Сайд нарын зөвлөлийн даргаар сонгосон үеэс эхлэн 1990 онд огцрох хүртэлх цаг үеийн үйл явдлыг харуулахыг зорьсон.
-Шуудхан асуухад зохиолыг нь Ж.Мөнхбат гаргасан гэхээр нөгөө л улс төрийн намын нөлөө бий болов уу гэж хардлаа?
-Би нэг зүйлийг хэлмээр байна. Сонгууль дөхөж байгаа гээд л юм бүхнийг улс төрийн намтай холбож, хар бараан болгохоо болиосой гэж хүсэх байна. Бусад кино бүтээгчид яадгийг мэдэхгүй юм. Миний хувьд түүхэн үйл явдлыг хойч үед таниулан сурталчлахсан гэж зорьж түүхэн кино найруулдгаас биш аль нэг намын нөлөөнд автаж, мөнгөжих гэж ч юм уу тийм байдлаар уран бүтээл хийдэггүй ээ. Ж.Батмөнх агсан бол хоёр нийгэм солигдох яг тэр цаг үед төр барьж байсан хүн учраас энэ хүний түүхээр төлөөлүүлэн нийгэм цаг үеийн байдал, иргэдийн аж амьдралыг тольдон харуулах л гэсэн юм. Тэрнээс аль нэг улстөрийн бүлэглэл бидний ард нуугдчихаад бид өмнө нь нууж хаагаад байгаа юм биш.
- "Тэр жилийн тэр өдөр” киноны найруулагч Нагнайдорж гуай түүхэн кино үздэг ч хүн алга хэмээн гомдоллосон удаатай. Ер нь ийм төрлийн кино үзэгч цөөнтэй байдаг?
-Харин эсрэгээрээ түүхэн кино үзэх сонирхолтой хүн олон байдаг юм шиг санагддаг. Кино театруудын ямар төрлийн кино үзэхийг хүсч байна вэ гэсэн санал асуулгад түүхэн кино хамгийн өндөр саналтай байна лээ. Тийм ч учраас би баримтат бүтээл хийхийг зорьж байна. Ер нь олон хүн үзэж мөнгө олох нь чухал биш ээ. Мэдэх ёстой түүхийг мартахаас нь өмнө өргөн дэлгэцийн бүтээл болгож үлдээх л миний зорилго.
-Тэгвэл та мөнгөтэй хүн үү? Түүхэн гэлтгүй ер нь кино бүтээхэд их хөрөнгө зарцуулдаг.
-Тэр үнэн. Дэлгэцийн бүтээл хамгийн их өртөгөөр бүтдэг. Энэ замыг манай уран бүтээлчид тойроогүй ээ. 20-30 жилийн өмнех үеийн үзэгдэх орчны байгууламж, хувцаслалт, эд хэрэгсэл, байшин гээд бүхнийг тэр үеийн байдлаар шийдэх амаргүй л байсан. Гэхдээ манай киноны зураачид энэ бүхнийг маш сайн гүйцэтгэж бараг 30 хувийг нь компьютер графикаар шийдсэн байгаа. Ерөнхийдөө түүхэн кино тухайн цагийн өнгө төрх, амьдралын хэв маяг, тэр ч бүү хэл үг хэллэг, ёсолгоо, хүндлэл гээд их өөр орчинг бүрдүүлэх болдог. Аливаа кино хэр их өртөг зарцуулснаараа сайн уран бүтээл болдог тал ч бий.
-Дүр сонголтын тухайд тодруулмаар байна. Ж.Батмөнх агсантай адилхан жүжигчин олох гэж эрэл хайгуул их хийв үү?
-Дүрээ хайхдаа ганцхан салбарт харьяалагдахгүйгээр олон газраас хайсан. Ж.Батмөнх агсантай адилхан хүн олохын тулд аймгуудын мэргэжлийн байгууллагад хандсан. Үүний үр дүнд бидэнд 1000 гаруй жүжигчний зураг ирүүлсэн. Найруулагч түүхэн хүнтэйгээ адилхан жүжигчин сонгохоос гадна жүжигчний ур чадвар тухайн дүрийг гаргаж чадах эсэхийг нь харж сонгодог. Тэгээд Дарханы "Залуучууд” театрын жүжигчин өмнө нь "Долоон бурхан харвадаггүй” киноны Данзангийн дүрд тоглосон жүжигчин Н.Төмөрбатыг сонгож, тоглуулсан юм. Харамсалтай нь зураг авалт 80 гаруй хувьтай явж байхад жүжигчин маань таалал төгссөн.
-Киноны зураг авалтын улмаас болоогүй биз дээ?
-Үгүй үгүй. Өвчний улмаас таалал төгссөн. Энэ харамсалтай явдал ар гэрийнхэн болон киноны багт маш том хохирол болсон. Киноны зураг авалтыг зогсоодог юм уу гэж бодож байлаа. Тэгсэн үр хүүхдүүд нь "Аав минь дуртай ажлаа хийгээд хамт олныхоо дунд явж байгаад өнгөрлөө. Тийм учраас аавын минь хамгийн сүүлд тоглосон киног та бүхэн амжилттай дуусгаж өгөөрэй” гэж хүссэн. Үүний дагуу бид зохиолоо нэлээн өөрчилж, Ж.Батмөнх агсны зээ Д.Энхбаатар гэдэг залууг тоглуулсан.
-Д.Энхбаатар, Ж.Батмөнх гуайтай адилхан уу?
-Жүжигчнээ түүхэн хүнтэй илүү адилхан болгохын тулд шинэ технологи ашигласан л даа. Тухайн сонгосон хүний нүүрэнд түүхэн хүний нүүрний хэвтэй адил маск тавьдаг. Энэ маш үнэтэй технологи. Нэг удаагийн маск 600 гаруй мянган төгрөгийн үнэтэй. Жүжигчний ажиллагаанд нэлээд ачаалал нэмдэг. Учир нь зураг авалт эхлэхээс өмнө маск тавиулах ёстой байдаг. Хоёр цагийн турш нүүрэндээ маск тавиулсны дараа зураг авалтад ордог. Тиймээс жүжигчнээ амраахыг зорьдог байсан.
-Ю.Цэдэнбалын дүрд Ц.Төмөрбаатар тоглосон байна. Нэгэн цагт эсэргүүцэж явсан хүн өнөө цагт өөрийнх нь дүрд тоглосон гэхээр бас сонин юм.
-Ю.Цэдэнбал даргын дүрд тоглочихоод Төрийн шагналыг нь буцааж өгчихөөд аль нүүрээрээ энэ дүрд дахин тоглож байна вэ гэх хүмүүс байна. Гэхдээ Ц.Төмөрбаатар гуай бол уран бүтээлч хүн. Жүжигчин хүнд ямар үүрэг ногдуулна, тэрийгээ л гүйцэтгэх ёстой. Улстөр, бизнес ч ялгаа байхгүй бид чаддаг чаддагаараа л улс орноо хөгжүүлэх нь чухал шүү дээ. Тэгээд ч Ю.Цэдэнбал агсныг Ц.Төмөрбаатар ах л хамгийн сайнаар тодотгож чадна.
-Түүхэн кино бүтээхэд маш их судалгаа хийх шаардлагатай байх. Хэрхэн судлав?
-Бид 20-оод хүнтэй уулзаж, ном зохиол уншсанаас гадна архивт хадгалж буй баримтыг судалснаар тухайн үед болсон үйл явдлыг протоколд суурилан жүжигчдийн харилцан яриаг бичсэн. Киноны түүхийн зөвлөхөөр түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар ажилласан. Бид монгол хүний давуу мөн чанар юу юм бэ, монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэсэн монгол хүнийг дэлхийд сурталчлах зан чанарын талаар ярилцсан юм. Япон хүн маш хичээнгүй, гайхалтай ёс суртахуунтай гэж бид ярьдаг. Германчуудыг цаг маш сайн баримталдаг нямбай, Хятадуудыг багаар ажиллах чадвартай л гэдэг. Эдгээр зан чанараараа энэ хүмүүс дэлхийд танигдчихсан байна. Гэтэл монгол хүний хамгийн мундаг зан чанар нь юу вэ гээд ярихаар тоймтой хэлчихээр зүйл байдаггүй. Тиймээс монгол хүний давуу зан чанарын талаар судалж, нэлээд эрэл хайгуул хийсний эцэст монгол хүн бол уужуухан, сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, тайван хүмүүс юм байна. Монгол хүний энэ зан чанар Ж.Батмөнх агсанд байжээ гэдгийг харуулахыг зорьсон хэрэг.
-Түүний амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан зүйлээс кино зураг авахдаа ашиглав уу?
-Ж.Батмөнх агсны эдэлж, хэрэглэж байсан зүйлсийг хүмүүсийн сэтгэлд үлдсэнээр нь гаргахыг хичээсэн. Гэхдээ эдэлж, хэрэглэж байсан зүйл тийм ч олон байдаггүй юм билээ. Учир нь 1990 онд огцорсныхоо дараа бэлгэнд ирсэн, албаны шугамаар авсан бусад зүйлээ Засгийн газарт тушаачихсан юм байна лээ. Бид түүний гэргий А.Даариймаа гуайтай уулзаж, зөвшөөрөл авч тэдний хэрэглэж байсан Румыны тавилгыг зураг авалтдаа ашигласан. Мөн бугуйн цаг, үзэг, цув, пиджакийг нь гол дүрийн жүжигчиндээ өмсүүлж, хэрэглүүлсэн. Олзуурхууштай нь жүжигчинд хувцас нь маш сайхан таарсан. Ер нь кино зураг авалтын явцад би түүнийг одоогийн улстөрчид үлгэр дуурайл авахаар маш өндөр ёс суртахуунтай төрийн түшээ байжээ гэж бодсон. Тэрбээр "арын хаалга” гэдэг зүйлийг хэрэгжүүлдэггүй байж. Ямар сайндаа л төрсөн дүүгээ хөдөөнөөс нүүгээд ирэх гэхэд нь "Та нар миний нэрийг бариад хотод ороод ирэхээр малыг чинь хэн маллах юм бэ” гэж хэлээд буцаасан байгаа юм. Мөн ах нь насаараа хэвлэх үйлдвэрийн манаач хийсэн, хүүхдүүдээ улсын зардлаар гадаадад сургадаггүй байсан гээд хэлбэл үлгэр дуурайл авахаар зан чанар Ж.Батмөнх гуайд олон байж.
-Хамгийн сүүлд Их тэнгэрээс нүүгээд Дамбадаржаад хашаа байшинд эгэл жирийнээр амьдарсан гэдэг?
-Тиймээ. 1990 онд огцорсныхоо дараа хэрхэн амьдарч байсан талаар нь гэргийгээр нь яриулсан. Дамбадаржаад ногоо тарьж, картын бараанд дугаарлаж эгэл бидний адил амьдарсаар насан өөд болсон хүн юм билээ. Хүүхдүүддээ эгэл нэгэн аав байсныг А.Даариймаа гуай хэлсэн. Хүүхдүүдтэйгээ волейбол тоглож, цана чаргаар гулгадаг байж. Өргөмөл гурван хүүтэй, тэдэндээ амь байсан тухай сонссон. Гэргийгээ хоёр л удаа гадаад руу дагуулж явсан гэсэн. Бусад үед улсын зардлаар явах хэрэггүй гээд дагуулж явдаггүй байсан юм билээ.
-Кино багт гадаадын уран бүтээлчид ажиллажээ?
-Крис Мартин манай киноны ерөнхий зураглчаар ажилласан. Дууны найруулагчаар Оросын Санкт-Петербургийн Михайл гэдэг залууг урьж ажиллууллаа. Тэр хүн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай хувийнхаа тоног төхөөрөмжөө авчирч киноны багт ажилласан нь том тус хүргэсэн. Киноны зарим зургийг ОХУ-т авсан. Нийт зураг авалтын тал хувийг гадаа, үлдсэнийг нь дотор авлаа. Дотор зураг авалтын бүх интерьерийг тэр үеийнхээр тохижуулж авсан л даа. Тэр байтугай Д.Сүхбаатарын хөшөөг барьж зураг авсан тохиолдол ч бий. Одоогийн Д.Сүхбаатарын талбай дээр зураг авах гэсэн боловч зөвшөөрөөгүй. Тэгээд ч дуу чимээ ихтэй тухайн цаг үеэс өөр болчих гээд байсан учир Дарханд Д.Сүхбаатарын хөшөөг яг төв талбайд байдаг шиг нь хийлгээд зураг авсан.
-Та ихэвчлэн түүхэн сэдэвт киног найрууллаа. Дараагийн уран бүтээл?
-Уран бүтээлчид ярьдаг. Хүн нэг кино хийсний дараа нэг сургууль төгсөх дайны мэдлэгтэй болдог гэж ярьдаг юм. Ж.Батмөнх гуайн тухай кино "Долоон бурхан харвадаггүй”-гээс гурав дахин их ажиллагаатай кино байлаа. Одоо би инээдмийн төрлийн уран бүтээл дээр ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн