Ардчилсан хувьсгалыг аварсан Ж.Батмөнхөд улсын баатар цол нэхэн олгоё

🕔 2016/03/10 15:51

Тэртээ түүхийн нугачаанд өөрийн орон зайгаа үлдээсэн БНМАУ-ын сүүлчийн удирдагчдын нэг Жамбын Батмөнхийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний гэргий Даариймаа нөхрийнхөө хөшөөнд нүдэндээ нулимстай цэцэг өргөж, зогсоно. Өдгөө амьд сэрүүн асан бол 90 насны босгыг алхах байжээ.

Цөөхөн монголчууд хэзээ ч нэгэндээ  хүч хэрэглэж болохгүй гэдэг уужуу ухаанаар асуудалд хандаж байсан Ж.Батмөнхөд Улсын баатар цолыг нэхэн олгохсон.  1990 оны ардчилалын дүйвээнд төрийн хар хүний холч ухаанаар хандаж, хулганы хамраас цус гаргалгүй нэг системээс нөгөөд тайван замаар шилжих үндэс суурийг нь тавьсан шилдэг удирдагч Ж.Батмөнх агсан байлаа. Өнөөгийн дарга нар шиг цээжээ дэлдсэн нөхдүүд тухайн үед төр засгийн толгойд байсан бол "Иргэний дайн" ч гарах байсан юм билүү хэн мэдлээ. Энх тайван замаар, цусны толбо, хар дурсамжгүй залуучуудын санал санаачилгыг хүлээн авч улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасны төлөө энэ хүнд Улсын баатар цол олгох ч багадмаар санагдана.

Өнөөдөр өөрсдийгөө ардчиллын алтан хараацай хэмээн нэрийдэж, цээжээ дэлдэн омогших эрх баригчдад төрийн эрх мэдэл авч өндөрт дүүлэн нисэх боломжийг нь Ж.Батмөнх гуай өгсөн юм шүү дээ.  Хэрвээ тухайн үеийн удирдагчид ухвар мөчид бодлоор асуудалд хандаж, МоАХ-ны эсэргүүцлийг хүч түрэмгийлэн дарахыг оролдсон бол өнөөдрийн алтан хараацайнууд төр засгийн тэргүүн болтлоо өсч дэвжихгүй байлаа. Тиймээс Ж.Батмөнх Монголд ардчилалыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд ардчиллын алтан хараацайнуудаас дутуугүй чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

МоАХ-ны анхдугаар их хурал 1990 оны хоёрдугаар сарын 18-нд хуралдаж,  Улаанбаатар болоод хөдөө орон нутагт өөрчлөлт шинэчлэлийн салхи сэвэлзсэн ер бусын уур амьсгалтай тэр өдрүүдэд Ж.Батмөнхийг ямар алхам хийхийг иргэд чих тавин хүлээж байлаа. Залуучуудын зүгээс МАХН-д өөрчлөлт шинэчлэл хийх, аливааг бодитоор хүлээн авах эр зориг байхгүй хэмээн үзэж байсан ч Ж.Батмөнх тэр эр зоригийг гаргаж чадсан юм.

МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн  дарга Ж.Батмөнх  иргэдэд хандаж хэлсэн үгэндээ " Манай орны дотоод байдлыг нийтэд нь авч үзвэл нэг талаас өөрчлөн байгуулалтын ажил нийгмийн амьдралын бүх салбарыг хамран өрнөж, нөгөө талаар улс төр, эдийн засаг, оюун санааны амьдралд шинэ шинэ асуудал дэвшигдэн гарч улам нарийн түвэгтэй болж байна.

Нийгмийн улс төрийн системийн хувьд гэвэл өөрчлөн байгуулалтын ажил удаашралтай явагдаж байгаа тал бий" хэмээн  "/Үнэн”, 1990.02.22   № 45 дугаарт / бодит байдлыг үнэлж дүгнэн зоригтойгоор дуугарсан байдаг юм. Үүнийх нь төлөө эрх чөлөөт Монголын залуус бид түүнд талархах учиртай.  Тэгээд ч хотын дарга Э.Бат-Үүл улсын баатар болчихоод  оодорч байхад хоёр системийн өөрчлөлтөд хулганы хамраас цус гаргалгүй Ардчилсан хувьсгалыг аварсан Ж.Батмөнхөд яагаад энэ цолыг нэхэн олгож болохгүй гэж. Улсын баатар цолоор гоёсон Э.Бат-Үүлтэй  харьцуулбал Ж.Батмөнх хэлсэн үг, хийсэн ажилтай удирдагч шүү дээ.

скачать dle 12.0

Санал болгох