“EВS” media группын захирал Ц. Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар төрийн албанд ажиллах эрхээ хасуулдаг юм байна лээ
Япон улсын парламентэд гурван удаа сонгогдон 18 жил гишүүнээр суусан анхны хөгжлийн бэрхшээлтэй улс төрч Хори тошиказүны бичсэн "Тэмцэл дунд өнгөрүүлсэн он жилүүд” номыг редакторласан "EВS” media группын захирал Ц.Чинбаттай цөөн хором ярилцлаа. Тэрбээр 2000 онд балмад залуусын халдлагад өртөж, энэ ертөнцийг харах эрхтэнээсээ хагацжээ.
-Таныг хараагүй болсны дараа ямар хүчин зүйл нөлөөлж өнөөгийн түвшинд хүргэсэн бэ?
-2000 онд ахуйн осол буюу найман залууд зодуулж хараагүй болсон. Ер нь ямар ч өвчин сайхан байдаггүй. Тэр тусмаа хараагүй болно гэдэг өөрөө байгаль эргэн тойронтойгоо харьцах 96 хувиа алдсан гэсэн үг. 2000-2003 онд гэртээ байсан.
Энэ хугацаанд маш их зүйлийг бодож шаналж, өөрийгөө нийгмээс гадуурхаж, ганцаардах зам руугаа явж эхэлсэн. 2003 оноос өөрийн өөртэйгээ тэмцэж ингэж болохгүй юм байна, өөрийн өөрийнхөө төлөө явах ёстой юм байна гэх бодол төрсөн. Нийгэмд буцаж ирэх гэж маш олон жил хөдөлмөрлөж байж өнөөдрийн хэмжээнд хүрсэн.
-Та хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамт энэ хугацаанд юу хийж байсан бэ? Эсвэл анх удаа дугарч байна уу?
-Үгүй ээ би анх удаа дугараагүй урьд нь 2003 онд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо гэдэг газарт очиж өөрийн адил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэйгээ танилцсан. Нийгмээс хүмүүс яаж тусгаарлагдаж, хөмөрсөн тогоо шиг жижигхэн орон зайд амьдардаг байдлыг би олж харсан.
2003 онд "Хараагүйчүүдийн нийгэмлэг”-ийн хэсэг хараагүй залуучуудтай нэгдэж харааны бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалж жагсаал цуглаан хийж тэмцэж тодорхой үр дүнд хүрч байлаа. 2007 онд НХХЯ-ны гадаа харааний бэрхшээлтэй иргэдийн хамтаар нийгмийн халамжийн хуулинд өөрчлөлт оруулах гэж 80 гаруй цаг өлсөгөлөн зарлаж хуулинд өөрчлөлт оруулж чадсан юм.
Энэ бүх зүйлд оролцож явж байхдаа юуг бодсон гэхээр ер нь бол хүмүүс эрүүл ч бай хөгжлийн бэрхшээлтэй ч бай хүн гэдэг ухагдахуунаа алдаж болохгүй юм байна бусадтайгаа адилхан тэгш оролцоонд амьдрах ёстой юм байна гэдэг зүйлийг олж харж, хийж явж байлаа.
-Та ингэхэд ямар боловсрол эзэмшсэн хүн бэ? Эрдэнэтэддээ иргэдийн хуралд нэр дэвшиж байсан гэсэн энэ талаар яриагаа үргэлжлүүлье.
-Баярлалаа. Би 1993-1997 онуудад МУИС-ийг улс төрч мэргэжлээр 2008- 2010 онд УТБА-ийг төрийн удирдлагийн магистар хамгаалсан. 2003 оноос эхлээд "EВS” media группыг байгуулж, захиралаар ажиллаж байгаа.
2008, 2012 онуудад ИТХ-ийн сонгуульд өрсөлдөж ялагдаж байсан. Гэхдээ надад ялагдал юу авч ирсэн бэ гэхээр ямар ч байсан 30 гаруй хувийн хүмүүс надад итгэжээ, намайг хүмүүс хүлээн зөвшөөрөх тэр хэмжээнд би очсон юм байна гэдгийг олж харсан.
Анх 2008 онд нэр дэвшиж байхад хүмүүс цочирдон хүлээж авч байсан бол 2012 онд Чинбат нэр дэвших ёстой хэмээн хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд очсон. Энэ нь өөрөө маш том боломж л доо.
-Таныг саяхан төрийн албаны шалгалт өгөх гэсэн чинь аваагүй гэж сонссон яагаад аваагүй юм бэ?
-Тиймээ би саяхан төрийн албаны шалгалт өгөх гээд шалгалтандаа орж чадсангүй. Учир нь төрийн албанд эрүүл байх гэсэн заалт байдаг. Эрүүл гэдэг нь ямар байх ёстой бэ. Оюуны хувьд хомсдолтой байх ёстой юмуу, эсвэл бие оргинизмын хувьд эрүүл байх ёстой юмуу энэ тал дээр маргалдаж эхэлсэн. "Таниас шалгалт авна гэхээр хэцүү байнаа. Хараагүй болохоор” гэдэг асуудал гарч ирсэн.
Тэгэхээр хамгийн түрүүнд шийдэгдээсэй гэж хүсээд байгаа зүйл нь төрийн албаны шалгалт өгөхөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулах боломж нөхцлийг нь бүрдүүлээсэй. Энэ хамгийн амархан шийдэгдэх асуудлын нэг. Тэр эрүүл байх гэдэг нь ямар томъёоллоор хэрэглэгдэх ёстой юм бэ.
Оюун ухааны хувьд хомсдолтой бол байх боломжгүй, харин бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэргэнцэртэй ч бай, нуруу нугасны үеийн саажилттай, хараагүй ч бай энэ хүмүүст төрийн албанд орох боломж олгооч ээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд их дээд сургууль төгслөө гэж бодоё. Тодорхой боловсрол эзэмшээд гараад ирлээ. Гэтэл тэр хүмүүсийг нийгэмд төрийн байгууллага хүлээж авахгүй.
Заалтан дээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс төрийн албаны шалгалт өгч болохгүй гээд заачихсан. Тэгчихээд хувийн хэвшлийхнийг ав гээд шахдаг. Төр өөрөө эхлээд энэ байдал дээрээ анхаарах ёстой. Энэ боломжийг нь нээгээд өгөх юм бол тэр хүн төрийн албанд ороод ажиллаг л дээ.
Компьютерийн ард тэргэнцэртэй хүн суугаад өдрийн найман цаг ажиллах боломж байна. Хараагүй хүмүүст компютер хэрэглэж болох программ гарчихлаа. Яагаад хорооны нийгмийн ажилтан,сэтгэл зүйчийг хараагүй хүн хийж болохгүй гэж. Энэ хүмүүст магадгүй давуу тал байж болно шүү дээ.
-Та ном орчуулан редактарлаж гаргаж байгаа гэсэн ямар ном юм бэ?
- Япон улсын үндэсний парламентэд гурван удаа сонгогдож 18 жил гишүүнээр суусан хөгжлийн бэрхшээлтэй улс төрч Хори тошиказүны бүтээл "тэмцэл дунд өгөрүүлсэн он жилүүд” хэмээх ном хэвлэгдсэн даруйдаа олон мянган япон уншигдын талархлыг хүлээж чадсан байдаг. Энэхүү ном нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулаагүй.
Эрүүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тэгш оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй хүн хэрхэн улсынхаа парламентанд сонгогдон сууж чадсан, тэр хүн сонгогдож ажилассанаар өөрсдийнхөө төлөө ямар асуудлуудыг шийдэж чадсан гээд маш олон талыг бүтээлдээ тусган харуулсан байдаг.
Мөн түүнийг иргэд нь хэрхэн дэмжиж өгдөг, хөгжлийн бэрхшээлтэй хүн парламентад сууснаар ямар ахицтай бодитой өөрчлөлтүүд гарав , хараагүй тэргэнцэртэй гэдэг утгаар нь хүнийг энэ өнцгөөс хараад байх нь зөв үү, буруу юу гээд эндээс харахад Монгол, Япон хоёр улсын төрийн бодлого, хуулийн заалтуудад асар том ялгаа харагдана.
Би хувьдаа "Тэмцэл дунд өнгөрүүлсэн он жилүүд” номыг эрүүл, хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүс уншиж оюундаа хөрөнгө оруулах тийм хэмжээний томоохон бүтээл болсон гэж дүгнэсэн.
-Япон, Монгол хоёр улсын хөгжлийн хувьд асар том ялгаа бий. Хори тошиказү гэх улс төрч улсынхаа парламентэд сууснаар өөрсдийнхөө төлөө яг ямар том дэвшилт, өөрчлөлтийг хийж чадсан бэ?
-Хори тошиказү гуай үндэсний хэмжээний парламентад сууснаар юуг өөрчилж чадсан гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг шатлалаар ахиулсан. Мөн амьдрах орчныг нь ахиулж чадсан байдаг. Бүр цаашлаад барилгын стандарт дээр нь өөрөө ажиллаж бүх асуудлыг нь шийдүүлсэн.
Энэ бүгдээс харахад манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө өөрчлөх ёстой олон зүйл бий. Ядаж барилга байгууламжинд стандарт тавигдах ёстой. Эргээд өөрсдөд маань нь ч хэрэгтэй. Гадаадаас ирсэн хүмүүс ч Монголын төр энэ хүмүүсийнхээ төлөө юм хийдэг юм байна гэж харна.
-Та дээрх номын эзэнтэй нүүр тулж уулзасан уу? Хүний ном зөвшөөрөлгүйгээр орчуулж хэвлэж олонд хүргэх нь оюуны өмчид халдаж байгаа хэрэг гэж үздэг.
-Санаа зоволтгүй ээ манай эхнэр мөн хараагүй хүн бий л дээ. Японд бакалаварын зэрэгтэй таван жил зүү төөнүүр эмчилгээгээр сургууль төгсөж ирсэн. Сураад төгсөх үед нь би очсон. Тэнд очиход надад юу бодогдож байсан гэхээр японы хараагүй иргэд яаж амьдардаг вэ, үүнийг яаж хийв ээ гэдэг нь сонирхолтой санагдсан. Би бодохдоо олон жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөгжил рүү анхаарлаа хандуулсан байх гэж боддог.
Би Хори тошиказү гуайтай өөрийн биеэр уулзсан л даа. Тэр хүнтэй танилцаж уулзаад Японд яаж өөрчлөлт хийсэн тухай ойлголтуудыг авсан. Засгийн газар нь ямар байдаг, парламент нь ямар байдаг, Хори тошиказү гэдэг хүнийг яаж хүлээж авсан гээд бид хоёрын яриа нэлээн удаан болсон. Тэгээд сүүлд нь ном гаргасныг сонсоод тэр номыг нь Монголд орчуулах санал тависны дагуу эрхийг нь авч Монголдоо орчууллаа.
-Ардчилсан нийгэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг яаж хангадаг юм бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө төр орчинг нь бий болгох тал дээр нэлээн дорвитой юм хийх хэрэгтэй байна. Ядаж хараагүй, тэргэнцэртэй хүн явах замтай байх, дуут дохиотой байх, төрийн байгууллагууд нь энэ хүмүүсээ хүлээж авч харилцдаг, тэдний оролцоог бий болгодог байх.
Бид өөрсдөө энэ бүхэнд оролцож хийдэг болмоор байна. Биднийг ганцхан төрөөс халамж хүсдэг гэсэн өнцгөөс битгий хараач ээ. Эрүүл хүмүүс мэдэхгүй байх л даа. Хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг маш хүнд асуудал.
Тэргэнцэртэй хүн байлаа гэж бодоход түүнд эрүүл хүмүүсээс хэд дахин илүү амьдарлын хүнд ачаа ирж байгаа. Эдгээр хүмүүсийн зовлонг хуваалцах нь хүмүүнлэг энэрэнгүй гээд байдаг ардчилсан нийгэмийн амин судас оршино.
-Таны хүсэж мөрөөдөж байгаа болгон биелэх болтугай ярилцлага өгсөнд баярлалаа