“COVID-19”-өөр халдварлаж байсан хүмүүс вакцины хоёр дахь тунг хийлгэх хэрэгтэй

🕔 2021/02/05 16:08
“COVID-19”-өөр халдварлаж байсан хүмүүс вакцины хоёр дахь тунг хийлгэх хэрэгтэй гэж АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга, доктор Энтоны Фаучи мэдэгджээ.“АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газрын удирдамжийн дагуу хоёр тун вакциныг 21-28 хоногийн зайтай хийлгэх ёстой бөгөөд халдвар авч байсан хүмүүс үүнийг мөрдөх хэрэгтэй. Хэдийгээр коронавирусээр халдварласан байх нь вакцинжуулалтын үр дүн нэмэгдэхэд нөлөөлж болох ч одоогоор энэ талаарх хангалттай нотолгоо байхгүй байна” гэж Э.Фаучи мэдээлжээ.
“COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүст нэг тун вакцин хийсний дараах эсрэг биетийн түвшин халдвар авч байгаагүй хүмүүсийн хоёр тун хийлгэсний дараах үеийнхтэй тэнцүү юм уу илүү байгааг нэгэн судалгаагаар тогтоосон тухай мэдээлэл энэ долоо хоногт гарсан юм.
Мөн Э.Фаучи коронавирусээр халдварлаж байсан бүх хүн вакцин хийлгэх хэрэгтэй гэж мэдээлжээ. Түүний хэлснээр, халдвар авснаас хойш 90 хоногийн дараа дахин халдвар авах тохиолдол түгээмэл байгаа ажээ. Иймээс энэ хугацааг харгалзан вакцин хийлгэх боломжтой бөгөөд халдвар аваад эдгэрсний дараа вакцин хийлгэх нь аюулгүй гэж тэрбээр хэлсэн байна. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Санал болгох