Дэлхий нийтийн вакцинд итгэх итгэл нэмэгджээ
ЛОНДОН. /Reuters/. Дэлхий дахины “COVID-19”-ийн вакцинд итгэх итгэл нэмэгдэж байгааг Их Британийн “YouGov” судалгааны төв, Лондоны хааны коллежийн Дэлхий нийтийн эрүүл мэндийн инновацын хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.Санал асуулгад оролцсон 15 орны иргэдээс ирэх долоо хоногт вакцин хийлгэхийг санал болговол тариулах эсэх талаар асуухад тэн хагасаас илүү хувь нь тийм гэж хариулжээ. Харин Францад вакцинд үл итгэх байдлын үзүүлэлт харьцангуй өндөр байсны зэрэгцээ Азийн зарим оронд вакцинд итгэх итгэл буурсан дүн үзүүлсэн бол Европын орнуудад өссөн байна.
Уг санал асуулгын дүнг ерөнхийд нь авч үзвэл өнгөрсөн 11 дүгээр сард явуулсан ижил судалгаанаас өссөн дүн үзүүлжээ. Тухайн үед судалгаанд оролцсон 15 орны 13500 иргэний дөнгөж 40 хувь нь коронавирусний вакцинжуулалтад хамрагдах хүсэлтэй байжээ.
Харин шинэ санал асуулгын дүнгээр Их Британийн иргэдийн 78 хувь нь вакцин хийлгэх хүсэлтэй байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болсон бол тус улсын араас Дани /67 хувь/ жагссан байна.
Францын хувьд санал асуулгад оролцогчдын хамгийн их буюу 44 хувь нь вакцин хийлгэхгүй гэж хариулжээ. Гэвч вакцин хийлгэх зайлшгүй хэрэгтэй гэж үзэж буй хүмүүсийнх нь үзүүлэлт 11 дүгээр сард 15 хувь байсан бол нэгдүгээр сард хоёр дахин нэмэгдэж, 30 хувьд хүрчээ. Үүнээс гадна Австрали, Япон, БНСУ, Сингапурт вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүсийн тоо 11 дүгээр сарынхаас буурчээ.
“Вакцинууд цар тахлыг хяналтад авахад амин чухал үүрэг гүйцэтгэх тул улс орнуудын удирдагчид хүн амдаа вакцинжуулалтад хамрагдахын ашиг тусыг илүү сайн ойлгуулахад хувь нэмрээ оруулж, нэг хүнийг ч үлдээхгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй” гэж Дэлхий нийтийн эрүүл мэндийн инновацын хүрээлэнгийн дарга, ДЭМБ-ын “COVID-19”-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Дэвид Набарро мэдээлжээ.
Энэхүү санал асуулга нь цар тахлын үед олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой зан төлөв, хандлагыг хянах чиглэлд гаргаж буй ДЭМБ болон бусад байгууллагын хүчин чармайлтын нэгээхэн хэсэг ажээ. Судлаачид 2020 оны дөрөвдүгээр сараас хойш 470 мянга гаруй хүнийг санал асуулгад хамруулжээ.
Хамгийн сүүлд буюу нэгдүгээр сарын 4-24-нд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд хүмүүсийн дийлэнх нь буюу гуравны хоёр нь вакцинд итгэж байгаагаа илэрхийлсэн бол 12 хувь нь огт итгэхгүй байна гэж хариулжээ. Мөн санал асуулгад оролцогчдын гуравны хоёр нь вакцин хийлгэхийг эрүүл мэнддээ ач холбогдолтой гэж үзэж байгааг тогтоожээ.
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг