УИХ, БХАТИХ-ын байнгын уулзалтын механизмын гурав дахь уулзалт цахимаар боллоо
Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өнөөдөр (2020.11.25) боллоо.
Уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь нар даргаллаа.
Хоёр улсын парламентын дарга нар 2014 онд гарын үсэг зурж, ёсчилсон хоёр орны парламент хоорондын байнгын уулзалтын механизмын 3 дахь удаагийн уулзалтыг энэ жил Монгол Улсад зохион байгуулахаар товлосон юм. Коронавирусийн цар тахлын улмаас энэ удаагийн уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ хоёр улсын Засгийн газар хооронд “Талын зам” болон “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Санамж бичиг байгуулан, тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа, хоёр орны худалдааны эргэлт КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр буурсан ч Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн нь худалдаа, эдийн засгийн харилцааг харьцангуй богино хугацаанд сэргээхэд чухал түлхэц үзүүлснийг онцлон тэмдэглэлээ.
Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийн Монголын талын өрийг тэглэх, хөнгөлөх чиглэлээр Монгол Улсын Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1,8 тэрбум ам.долларыг зарцуулжээ. 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна. Монголын тал Хятадын талд нийт 4,4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байгаа юм.
Мөн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын санаачилгыг дэмжих, коронавирусний халдвартай тэмцэхэд хамтран ажиллах, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь хоёр улсын харилцаа улс төр, эдийн засаг, хүмүүнлэг гээд бүхий л салбарт эрчимтэй хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын харилцаа өргөжиж байгааг тэмдэглээд, Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлсэн юм.
Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын зүгээс Монгол Улсын Их Хуралтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад дараах санаачилгыг гаргаж байна гэв. Үүнд,
Нэгдүгээрт, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, Хоёрдугаарт, парламент хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Гуравдугаарт, цар тахлын халдварын эсрэг хамтран тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнд хүрэх, Дөрөвдүгээрт, олон талт үзлийг дэмжин, хамт хөгжих бодлогыг баримталж, олон улсын үйл ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан нар оролцон үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Харин БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Үндсэн хууль, Хууль зүйн хорооны дэд дарга Ху Кэмин, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга Шү Кэ, БХАТИХ-ын Хөдөө аж ахуй, хөдөө нутгийн хорооны дэд дарга Цай Фан, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Жоу Сүнхэ, БХАТИХ-ын Байгаль орчин, нөөц баялгийг хамгаалах хорооны гишүүн Жао Юун, БХАТИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны гишүүн Ли Вэй нар оролцож, үг хэллээ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ЫН ДЭД ДАРГА Т.АЮУРСАЙХАНЫ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, БҮХ ХЯТАДЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИХ ХУРАЛ ХООРОНДЫН БАЙНГЫН УУЛЗАЛТЫН МЕХАНИЗМЫН ГУРАВ ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТАД ХЭЛСЭНҮГ
Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх юм. Хөрш орнуудтай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгөх бодлогын тухайд манай улсын улс төрийн бүх нам нэгдмэл байр суурь, ойлголттой байдаг.
Хятад Улсын зүгээс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах” бодлого баримталж ирсэн нь хоёр талын харилцаа эрчимтэй хөгжихөд чухал түлхэц болж байна.
Монгол, Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд буйд Монголын тал сэтгэл хангалуун байдаг. УИХ-ын зүгээс хоёр улсын харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуй амьдралд тустай бодит хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлээр Засгийн газруудын зүгээс хийж буй ажил, дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжиж ирсэн, цаашид ч дэмжин ажиллах болно.
Хоёр орны дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох чиг үүрэг бүхийхууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин идэвхжиж буйд баяртай байна. Цаашид байнгын уулзалтын механизмын уулзалтыг жил бүр хийхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын удирдлага, Байнгын хороодын удирдлагын харилцан айлчлал, хоёр талын парламентын бүлгүүд, Тамгын газар хооронд туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулах нь зүйтэй гэсэн саналтай байна.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Монгол Улсад 2013 оноос хойш айлчлаагүй байгаа тул Монгол Улсын Их Хурлын даргын урилгыг үүгээр дахин нотолж, БХАТИХ-ын Байнгын хорооны Ли Жаньшу даргыг ирэх онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан манай талын урилгыг уламжилж өгнө үү.
Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол тулгуур салбар болж ирлээ.
Хоёр улсын Засгийн газар хооронд “Талын зам” болон “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Санамж бичиг байгуулан, тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна.
2020 он гарсаар КОВИД-19 цар тахлын улмаас олон улсын нөхцөл байдал хүнд, дэлхийн эдийн засаг хямралын байдалд байна.Хоёр орны худалдааны эргэлтКОВИД-19цар тахлын нөлөөгөөр буурсан чМонгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн нь худалдаа, эдийн засгийн харилцааг харьцангуй богино хугацаанд сэргээхэд чухал түлхэц үзүүлснийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх өргөн боломжтой гэж үздэг. Хоёр талын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхэд хүндрэлтэй болж буй хэдий ч хоёр талаас хамтран дэвшүүлсэн энэхүү зорилтод ойрын жилүүдэд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллах нь зүйтэй юм.
Хоёр хоногийн өмнө болсон Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрснийг хоёр улсын парламентын зүгээс дэмжиж ажиллах саналтай байна. КОВИД-19 цар тахал тодорхойгүй хугацаанд үргэлжлэх хандлагатай байгаа тул хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн явуулах үүднээс “Ногоон гарц” түр журмыг цаашид ч идэвхтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Хоёр улсын аж ахуй нэгжүүдийн шууд харилцаа, хэлхээ холбоог өргөжүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд тустай тул аж ахуйн нэгжүүдийн хооронд үзэсгэлэн яармаг, бизнес форум, сэдэвчилсэн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах нь чухал юм.
Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуй, тээвэр, дэд бүтцийн чиглэлээр гүнзгийрүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэхэд хоёр орны хууль тогтоох байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болгож байна.
Цахим худалдаа дэлхийн худалдааны ерөнхий чиг хандлага болж буйтай уялдуулан хил дамнасан цахим худалдааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлага бий болж байна. Хятад Улс цахим худалдааны дотоодын болон олон улсын эрх зүйн зохицуулалтыг харьцангуй сайн хийсэн улс гэж тооцогддог тул энэ чиглэлдБүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас туршлага судлах саналтай байна.
2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Хятадын тал соёрхон батлаагүй байгаагийн улмаас хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй байгааг та бүхэн мэднэ. Энэ хэлэлцээрийг соёрхон батлах явцыг түргэтгэхэд дэмжлэг үзүүлэн анхаарал хандуулахыг Эрхэм хүндэт Байма Чилинь дарга Танаас хүсье.
Монголбанк Хятадын Ардын банктай "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийг байгуулснаар 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1.8 тэрбум ам.долларыг зарцуулж, 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна.
Монголын тал Хятадын талд нийт 4.4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байна.
Тиймээс коронавируст цар тахлын улмаас үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг харгалзан үзэж Монголын талын нийт өрийг тэглэхийг дэмжиж Монгол Улсын Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хамтарч ажиллах саналтай байна.
Соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй байгаа нь хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол, Хятад хоёр улс өндөр хариуцлагатай, нягт хамтран ажиллаж, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж, мэдээлэл солилцсоны үр дүнд хоёр улсын хооронд халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй бөгөөд энэхүү амжилтыг хадгалахын тулд цаашид ч нягт хамтран ажиллах сонирхолтой байна.
Манай улсынКОВИД-19цар тахалтай тэмцэх хүч чармайлтад БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдийн зүгээс эд материалын тусламж үзүүлж, эмчилгээтэй холбогдох мэдээллийг шуурхай өгч ирсэнд талархал илэрхийлье.
“Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд тодорхой ахиц гарч буйд бид баяртай байна. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг урагшлуулах гурван талын Ажлын хэсгийн дарга нарын уулзалтыг энэ сард амжилттай зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны асуудлуудыг ярилцаж тохиролцсон. Гурван улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг энэ онд багтаан зохион байгуулах нь чухал ач холбогдолтой юм.
ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Хятадын талтай илүү идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгааг энэ завшааныг ашиглан илэрхийлье. Энэхүү төслийг урагшлуулахад хоёр улсын парламент, Засгийн газрын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болгож байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.