М.Энхболд: Монгол Улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталдаг бөгөөд цаашид ч үргэлжлэх болно

🕔 2018/10/22 17:19

М.Энхболд: Монгол Улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталдаг бөгөөд цаашид ч үргэлжлэх болно

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжуныг хүлээн авч уулзав.
"Хоёр талын хүчин чармайлтын үр дүнд Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд, бүхий л салбарт шинэ агуулгаар өргөжин хөгжиж байна. Хамтын ажиллагаа цаашид гүнзгийрэхэд Таны Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн УИХ-ын дарга М.Энхболд үгийнхээ эхэнд онцоллоо.
 
Тэрбээр БНХАУ-тай хамтын ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн гэдгийг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурал энэхүү харилцааг идэвхжүүлэхэд онцгой анхаарч байна гэв.
 
Түүнчлэн  Монгол Улс "Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталдаг бөгөөд цаашид ч үргэлжлэх болно гэдгийг онцоллоо.
-Тяньжин хот бол Монгол Улсад хамгийн ойр далайн гарц, манай гадаад эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой боомт юм. Миний бие 1999 онд Улаанбаатар хотын даргын хувиар Тяньжин хотод зочилж, Улаанбаатар-Тяньжин хотыг найрамдалт харилцаатай хот болгох баримт бичигт гарын үсэг зурж байлаа. Мөн 2008 онд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын тэргүүний хувьд Тяньжиний Дунжян дүүрэгт Улаанбаатар хотын Төлөөлөгчийн газрыг байгуулах ёслолд оролцож байснаа санаж байна. Энэхүү Төлөөлөгчийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй ажиллуулах талаар анхаарах зүйл бий. Таны айлчлалын үеэр энэ асуудлыг хөндөж ярьж байгаад баяртай байна гэж УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.
Түүнчлэн БНХАУ-ын дарга Си Зиньпиний дэвшүүлсэн "Бүс ба зам” санаачилгын хүрээнд Монгол-ОХУ-БНХАУ-ын "Эдийн засгийн коридор” байгуулах зорилтод тусгагдсан төслүүдийг бодит ажил хэрэг болгох нь чухал юм. Энэ чиглэлээр манай парламентаас холбогдох шийдвэрийг гаргаж ажиллахад бэлэн байна хэмээн тэмдэглээд, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хөндөж ярив.
Тэрбээр " УИХ болон БХАТИХ-ын хамтын ажиллагаа идэвхжиж, харилцан төлөөлөгчид солилцож, уулзалт яриа тогтмолжиж байна. Саяхан Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны Эдийн засгийн байнгын хорооны орлогч дарга Юй Гуанжоу тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Хамтын ажиллагааны байнгын механизм байгуулж, 2 жил тутамд хуралдаан зохион байгуулж байна” гээд, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-г Монголд айлчлахыг урьсан урилгаа дахин нотолж, түүнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжилж өгнө үү гэж ноён Ли Хунжунаас хүслээ.
 
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжун " БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад 2014 онд хийсэн айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргасан билээ.
 
Бид Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монголын ард түмний сонгосон замыг бүрнээ хүндэтгэж, хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхийг байнга дэмжсээр ирсэн.
 
Найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан харилцаагаа бэхжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлэх нь чухал юм гэлээ.
Тэрбээр БНХАУ-ын дарга Си Зиньпиний дэвшүүлсэн "Бүс ба зам” санаачилга, Монгол Улсын "Талын зам” төслийг уялдуулж, "Эдийн засгийн коридор” байгуулах зорилтын хүрээнд олон төсөл хэрэгжинэ. Түүний нэг болох Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл нааштай шийдэгдэж байна. Тяньжиний Дунжян дүүрэг дэх Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлж, Тээвэр ложистикийн төв байгуулах, энэ үйл ажиллагаанд хөнгөлөлт дэмжлэг үзүүлэхэд бид бэлэн байна хэмээн онцоллоо.
Ноён Ли Хунжун ХКН-ын XIX их хурал хуралдаж, БНХАУ-ын дарга Си Зиньпин шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализм байгуулах шинэ бодлогыг тунхаглалаа. Энэ бодлогын дагуу илүү чинээлэг, илүү хүчирхэг, илүү үзэсгэлэнт улс болох зорилт дэвшүүлсэн нь хөрш орнуудын хувьд эдийн засгаа хамтран хөгжүүлэх завшаан мөн юм гэж тэмдэглэв.
Тэрбээр хүнсний ногооны хүлэмжийн аж ахуй хамтран эрхлэх; Тяньжин-Улаанбатарын хооронд агаарын нислэгийн шугам нээх; Тяньжиний их сургуульд монгол хэлний анги нээж, мэргэжилтэн бэлтгэх; эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, орчин үеийн анагаах ухаан, Хятадын уламжлалт эмчилгээг хослуулсан Тяньжиний эрүүл мэнлийн салбарынхны туршлага, мэдлэгийг монголчуудтай хуваалцах; Тяньжиний Дунжян дүүрэгт "Тээвэр ложистикийн төв” байгуулах; аялал жуулчлалыг хамтран хөгжүүлж, Улаанбаатар хотод Тяньжиний жуулчлалын төв байгуулах; Тяньжинд хийгддэг гаалийн үйлчилгээг хялбарчлах зорилгоор Улаанбаатарт дээрх төрлийн бүрдүүлэлт, үйлчилгээг үзүүлдэг болох; Тяньжин хотын төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт байгуулах зэрэг 10 тодорхой саналыг дэвшүүллээ.
УИХ-ын дарга М.Энхболд эдгээр саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр  хоёр тал 2019 онд тохиох Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, 2021 онд болох МАН, ХКН-ын 100 жилийн ойг угтаж улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнэлгийн олон талт арга хэмжээ хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
 
 
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
скачать dle 12.0

Санал болгох