”Бүх ард түмний эв нэгдэл цуглаан” Говь-Алтай, Дархан хотуудад үргэлжлэх аж
"Жудагт Монгол" холбооноос "Бүх ард түмний эв нэгдэл” цуглааныг Ялалтын талбайд зохион байгуулав.
Энэхүү цуглаанд Монголын ахмадын холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын ардчилсан холбоо зэрэг 50 гаруй холбоод болон төрийн бус байгууллагууд нэгдэж үзэл бодлоо илэрхийлж байна. Уг жагсаалд оролцогчид, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж саналыг машинаар тоолохгүй байх, Монгол улсыг түүхий эд хангагч биш үйлдвэрлэгч орон болгох, баялгыг тэгш эрхтэйгээр хүртээмжтэй хуваарилах, эх хүүхдийн амьдралын баталгааг хангах, нийгмийн үйл ажиллагаанд иргэний оролцоо хяналтыг баталгаажуулах, цөмийн хаягдалгүй бүс нутаг болохыг шаардсан уриа лоозон барьжээ.
Энэ үеэр МоАХ-ны тэргүүн Х.Баттулга УИХ-д дахин сонгож болохгүй гишүүдийн нэрийг зарласан юм. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс эхлүүлээд С.Баярцогт, Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Г.Батхүү, М.Энхсайхан нарын нэрсийг дурдсан юм. Тэр дундаа "Та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү" хэмээн онцлон зарлав.
Түүнчлэн "Жудагт Монгол” холбооны тэргүүн Ж.Гомбожав "Төр засагт дуу хоолойгоо хүргэх үүднээс саналаа хэлэлцье гэсэн юм. Манай хөдөлгөөний гишүүн биш ч биднийг дэмжих хүмүүс энэ жагсаалд оролцох эрх нь нээлттэй байна. Та бүхэн өөрийнхөө төлөө үзэл бодлоо индэр дээрээс чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэлээ. Харин тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Л.Дашням "Нийгмийн дунд нэг буруу ойлголт төрүүлээд байгааг хэлэх хэрэгтэй. Бие даагчид УИХ-д олон орвол төрийн ажил гацна гэсэн сөрөг суртал их явж байна. Харин ч намууд, намын гишүүдээс болоод төрийн ажил гацдаг болсон. Олон жил дархлагдаж, УИХ-д суусан хүмүүс одоо өөрсдийгөө шүүмжлэх болсноос харагдаж байна. Энэ удаагийн сонгуулийг төрийг хүчтэй болгоход чиглүүлэх хэрэгтэй. Бидний хийж буй энэ жагсаал бол ард түмэн өөрсдийнхөө төлөө тэмцэж байгаа хэрэг юм гэв.
Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Монгол улсын нийгмийн бүх л салбарт байгаа хүнд суртал, шударга бус байдлын золиос хүүхэд, эмэгтэйчүүд, эхчүүд болж байна. Тиймээс би Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувьд эхчүүд хүүхдүүд эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах, тэдний амьдралын баталгааг хангах зорилгоор "Жудагт Монгол” хөдөлгөөнд нэгдэж байна гэсэн юм.