Европ тив коронавирусээс “НУУГДАХГҮЙ”
Европ тив коронавирустэй анхны өвөл, мөн цар тахлын хоёр дахь давлагаанд бэлтгэж байна. Гэвч тэд тус тивийн аж амьдралыг доголдуулахад хүрсэн хөл хорионоос татгалзахаар шийджээ. Бүх нийтийг хамарсан хорио цээр нь нийгэм болон эдийн засагт хэт их хохирол үүсгэж байгаа учраас вирусээс бүрэн тусгаарлагдахгүйгээр хэрхэн амьдрал ахуй, үйл ажиллагаагаа зохицуулж болох талаарх гарц гаргалгааг улстөрчид хайцгаан, бараг олчихоод байгаа аж.
Бүх нийтийн хөл хорионы дэглэмээс энэ зун гарсны дараахан цар тахлын халдварын тоо нэлээд нэмэгдсэн хэдий ч одоогоор үхлийн аюул ч, эмнэлэгтэй холбоотой “шуурга” ч ерөнхийдөө намжмал байдалтай болжээ. Хүмүүс ядарч залхан, хөл хориог эсэргүүсэн жагсагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Бизнесийн, хүн амын, төр засгийн орлого унаж, харин “Хиймэл комд” орсон эдийн засгийг дэмжихэд чиглэсэн зардал чирэгдлүүд улам ихэссээр байна. Энэ бүхэн хөл хориогүйгээр ирэх өвлийг давах сэдэлжүүлгийг европчуудад төрүүлж байгаа бөгөөд анагаах ухаан ч, иргэд ч, бизнесийн салбар ч вирустэй амьдралд аажмаар дасан зохицсоор байгаа аж. Тэд амны хаалт тогтмол зүүж, гараа байнга угаан, хүн хоорондын зайгаа нарийн баримталж, гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж байна. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй итали, испаничууд хүртэл төлөв төвшин скандинавчууд шиг биеэ авч явж, цар тахлын хоёр дахь давлагааг дэлгүүр, кафе, офис, хилээ ч хаалгүйгээр шведийн туршлагаар даван туулахаар тооцоолж байгаа аж.
Шинэ хөл хорионы эсрэг Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон зэрэг Европын хамгийн нөлөө бүхий улстөрчид ч дуугарч эхэлсэн байна. “Бүх нийтийн хорио цээрийн дэглэм асар их сөрөг үр дагавруудтай учраас бид улс орны амьдралыг зогсонги байдалд оруулахыг хүсэхгүй байна” хэмээн Макрон Paris Match сэтгүүлд ярилцлага өгөхдөө онцолжээ.
Ангела Меркель Францад зочлон Макронтой ярилцах үедээ, дэлхий дээрх улс төрийн болон худалдааны томоохон холбооны 450 сая оршин суугчид гэнэт бие биеэсээ тусгаарлагдан салахад хүрсэн өнгөрөх хаврын гамшигт байдлыг давтахыг Европын Холбоон дахь ямар ч улс орон хүсэхгүй байгаа талаар өгүүлсэн юм. Тэрээр “Дахин хилээ хаах явдлаас ямар ч хамаагүй үнээр зайлсхийхийг улстөрчид бид эрмэлзэж байна. Гэвч ингэхийн тулд бид хоорондоо нягт хамтран ажиллах ёстой” хэмээн онцлон тэмдэглэжээ. Халдварт вирусын улмаас Европын холбооны 27 улс дэлхийгээс “тасарсан” төдийгүй, хэдэн арван жилийн турш бараг мартагдаад байсан хоорондын хилээ ч хаахад хүрсэн юм. Хүмүүс ажил төрөл, амралт зугаалгаар хаашаа ч явах аргагүй болсон хөл хорионы дэглэм нь Европын холбооны эдийн засагт томоохон хохирол учруулжээ. Өмнө нь жилд 14 их наяд евро олдог байсан эдийн засагт коронавирус цохилт өгч, энэ онд уналт найман хувь өсөн, нэг их наяд еврогийн алдагдал хүлээсэн байна. Цар тахлын нэгдүгээр давлагааны үед буюу энэ оны хоёрдугаар сараас зургадугаар сарын хооронд үйлчилгээний тулгуур салбар 16,4 хувь багасаж, харин аялал жуулчлалын үйлчилгээний алдагдал 75 хувьд хүрсэн аж. Зуны дунд үеэр зөвхөн рестораны бизнес ялимгүй сэргэж, өмнөх борлуулалтын хэмжээнийхээ тал хувьд хүрсэн бөгөөд харин зочид буудлууд болон нисэх компаниуд КОВИД-19-ын өмнөх үеэс 70 хувь буурсан үзүүлэлттэй, гүн хямралын байдалд хэвээр үлджээ.
ХӨЛ ХОРИОГҮЙГЭЭР ДАВАН ТУУЛАХ
Одоогийн хэмнэлээр цаашид явах юм бол бизнесийн зарим салбар цар тахлын хоёр дахь давлагааг давж гарч чадахгүй, тэр ч байтугай бараг түүнээс өмнө ч дампуурах эрсдэлтэй байна. Европт хичээл сургууль эхлэн, оюутан сурагчид хагас жил завсарласны эцэст нийтийн тээврээр зорчиж байгаатай холбоотойгоор хоёр дахь давлагааны болгоомжлол өсөх хандлагатай, мөн хүйтэн сэрүүний улирал ойртож буй учраас хүмүүс дулаан байр саванд олноор бөөгнөрснөөр халдварын тархалт ихсэх эрсдэлтэй зэрэг нь асуудлын гол цөм биш аж. Харин цар тахал яаж ч хурцадсан тохиолдолд хүмүүсийг хэдэн долоо хоногоор гэрт нь хорихгүй, хэрхэн зохицуулж болох арга чаргыг хайж олох явдал Европын өнөөгийн чин хүсэл болоод байна.
“Манай улсад шинээр хөл хорио тогтоох явдлыг би дэмжихгүй байна. Бүх нийтийн хорио цээрийн дэглэм манайд шаардлагагүй” хэмээн Италийн эрүүл мэндийн сайд Роберто Сперанца Bloomberg агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Одоогоор эмнэлгүүд хангалттай бэлтгэгдсэн, оношлогоог хурдан хугацаанд хийж байгаа, халдварлагсдын дундаж нас 30 бөгөөд тэдний ихэнхэд шинж тэмдэг ч бараг илрэхгүй байгаа, хаврын оргил халдварын үед 4068 хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан бол наймдугаар сарын сүүлч гэхэд 66 өвчтөн л тэнд эмчлүүлж байгаа зэрэг нь түүнийг ийнхүү итгэл төгс ярихад хүргэсэн хэмээн тэрээр тайлбарлажээ. Герман улс ч намар, өвлийг ямар нэгэн томоохон хөл хориогүйгээр даван гарна гэдэгт итгэлтэй байгааг тус улсын эрүүл мэндийн сайд Йенс Шпан бас илэрхийлсэн байна. Сүүлийн хагас жилийн хугацаанд Германы эмч, мэргэжилтнүүд цар тахалтай хэрхэн оновчтой тэмцэн, халдварын голомтыг амжилттай тусгаарлах чиглэлээр хангалттай суралцсан хэмээн тэрээр нэмэн дурдсан аж.
ВИРУСТЭЙ ХАМТ АМЬДАРЧ СУРАХ
Үхлийн аюултай вирусын айдсын анхны довтолгоо алсрах тусам эдийн засаг, нийгмийн хямралын тойм тодорхой болсноор цар тахлын эхний саруудад дэлхийн олон орны эрх баригчдын хэрэглэсэн тактикийг илүүтэйгээр шүүмжлэх болжээ. Тэгээд ч сонгогчид дээрээ туршилтаа давтахыг ихэнх улстөрчид хүсэхээ байсан аж. “Өнгөрөгч гурав, дөрөвдүгээр сард бид албадангаар хорио цээрийн дэглэмд шилжин, нийгмийн болон эдийн засгийн хувьд ихээхэн хор хохирол амссан учраас одоо тиймэрхүү арга хэмжээнээс дурын үнээр татгалзах ёстой” гэж Португалийн ерөнхий сайд Антониу Кошта өгүүлсэн байна. “Өнгөрөгч гуравдугаар сард нөхцөл байдал одоогийнх шиг байсангүй. Халдварын талаарх бидний мэдлэг хомс, үйл явц ч өнөөгийнхөөс өөр байсан. Тухайн үед хүмүүсийг хамгаалах хамгийн найдвартай цор ганц шийдэл бол хөл хорионы арга хэмжээ байсан” гэж тэрээр дурджээ.
Өнгөрсөн хугацаанд Covid-19-өөр өвчлөгсдийг хэрхэн амжилттай эмчлэх талаар эмч нар сайн боловсорч, эрдэмтэд хэд хэдэн вакцин бүтээгээд одоо туршиж байгаа, харин төр засгийн зүгээс эрүүл мэндийн системээ улам бэхжүүлэн, өндөр настны асрамжийн газрууд дахь үхлийн дэгдэлтийг арилган, нийтээр нь оношлох ажлыг зохион байгуулж байна. Ази болон Европт үхлийн тохиолдол бараг гарахгүй болж, ингэснээр 100 жилийн өмнөх “Испани ханиад” болон дундад зуунд Европт дэгдсэн хар тахлын хэмжээний шинэ аюул ирэх вий гэх айдас алга болжээ. Иймд хэвийн амьдралын горимдоо буцан орох цаг боллоо хэмээн ихэнх хүмүүс үзэж байна. Өвчний вирусээс илүүтэй тухайн вирустэй хийж буй тэмцэл томоохон хохирол учруулж байна гэж тэд үзэн, эрүүл ахуйн тэмцэл хөдөлгөөн бүхий л Европыг хамраад байгаа юм.
Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай. Эхлээд эдийн засгаа хөдөлгөөнд оруулж, хүүхдүүдийг сургуульд нь, ажилтнуудыг ажилд нь оруулна. Хэрэв энэ бүхний төлөө бүгд амны хаалт зүүж, бөөгнөрлөөс татгалзах ёстой бол нийтээрээ хэрэгжүүлэх үүрэгтэй, зөрчсөн тохиолдолд торгох арга хэмжээ авна хэмээн эрх баригчдын зүгээс мэдэгдэж байна. “Бид энэхүү вирустэй удаан хугацаанд хамт амьдарч таарах нь. Цар тахлын халдварыг барьж тогтоох явдал зуныг бодвол намар, өвөлдөө илүү хүндрэлтэй. Асуудал урдын адил ноцтой хэвээр байгаа. Иймд түүнд аль болохоор буурь суурьтай хандах шаардлагатай” хэмээн Германы канцлер Ангела Меркель хэвлэлийн бага хурал дээр мэдэгдээд, үүнтэй холбоотой дүрэм журам, торгууль шийтгэлийг саяхан чангатгасан шийдвэрээ тайлбарлажээ. “Өнөөгийн нөхцөл байдлаас харахад, ирэх зун гэхэд бүх зүйл хэвийн болох магадлалтай. Одоогоор тавьж буй ганц зорилго бол өнгөрөгч гуравдугаар сарын хэмжээний хөл хорионд оролгүйгээр цар тахлыг давж гарах явдал” гэж Австрийн канцлер Себястьян Курц мэдэгдсэн байна.
Австритай адил уулын цанын амралтуудаараа алдартай Францын ерөнхийлөгч түүний хэлсэн үгийг халуунаар дэмжин, өвлийн аяллын ашиг орлогоо алдахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ. “Манай гол зорилт бол хүмүүсийг ажилд нь буцаан оруулах. Иймд бүх нийтийг хамарсан хөл хорионы дэглэмээс зайлсхийхийн тулд хамаг л хүчин чармайлтаа дайчилж байна. Өнгөрсөн хугацаанд бид хангалттай хэмжээний туршлага, мэдлэг чадвар хуримтлуулж чадсан учраас зорилгодоо хүрэхийн тулд бүхий л боломжит зүйлсийг хийх болно” хэмээн Макрон өгүүлжээ.
https://zindaa.mn/3dgi