“Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтнууд тендер будилуулдагийг тогтоожээ
🕔 2020/09/10 12:56
“Эрдэнэс Тавантолгой” компанийн эрх бүхий албан тушаалтнууд тендер будилуулж, өөрсдийн болон улстөрчдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг гэх хэрэгт нэг бус удаа холбогдсон.
Тэдний нэг болох тус компанийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ажилтан, Тендерийн үнэлгээний хорооны гишүүн Б.Батболдод холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан дээрх компаниас зарласан автобус худалдан авах тендерийг будилаантуулж, 270 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Уг мөнгөөр худалдан авсан автобусууд чанарын шаардлага хангахгүй байсан нь ийнхүү шалгах үндэслэл болсон аж.
АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Батболдоор дээрх хэмжээний хохирлыг нөхөн төлүүлээд байгаа гэнэ. Түүгээр зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан Б.Батболдыг ажлаас нь чөлөөлсөн байна.
Г.Равжаа