Олны анхаарал татсан хэргүүд ЮУ БОЛОВ
АТГ-аас үе үехэн сүр дуулиантайгаар баривчилгаа хийж, авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон эрхмүүдийн талаар мэдээлдэг. Гэвч тухайн үедээ л олны анхаарлыг татаж, дуулиан дэгдээж байгаад л нам жим болдог. Тиймээс олны анхаарал татсан хэргүүд ямар шатандаа яваа, юу болж байгаа эсэх талаар нэхэн сурвалжиллаа.
Экс Ерөнхий сайдуудын хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг сар гаруйн хугацаанд цагдан хорьж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан. Тодруулбал, тэднийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, "Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, "Айвенхоу Майнз Лимитед”, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм.
Тэгвэл уг хэргийг АТГ-ынхан одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг энэ сарын 17-нд шүүнэ
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн жилийн зургадугаар сард иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн хэрэгт холбогдож, улмаар өнгөрсөн зургадугаар сарын 14-нд гишүүнээсээ бүрэн чөлөөлөгдсөн. Нэгэнт гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн тул хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн юм. Улмаар энэ сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг болжээ. Хэлэлцүүлэгт нийслэлийн прокурор Н.Амарсанаа, яллагдагч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцож, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүгдэгчээр татсан байна. Ингэсгээр түүнийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг наймдугаар сарын 17-нд 10.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр шийдвэрлэсэн байна.
Ерөнхий сайдын туслах асан Н.Энхбаатарыг тендер хууль бусаар явуулсан хэрэгт шалгаж байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатарыг өнгөрсөн сарын сүүлээр АТГ-аас саатуулсан. Түүнийг 600 сая гаруй төгрөгийн хэргээр саатуулсан хэмээн хэвлэлээр мэдээлсэн ч АТГ-аас үгүйсгэсэн. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "МИАТ компанийн дэд захирлын тухайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг 600 сая төгрөгийн хахууль авсан, үйлдэл дээр нь барьсан гэсэн асуудал байхгүй. Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа. Хойшлуулшгүй баривчилгааг хийсэн. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авсан. Ямар үндэслэлээр холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм.
Тэгвэл бидэнд олдсон шинэ мэдээллээр, "МИАТ" -ын удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зарлагдсан тендерийг хууль бусаар явуулан өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож, улмаар хахууль авсан байж болзошгүй хэрэгт шалгаж байж болзошгүй аж.
Хэргийг АТГ-т үргэлжлүүлэн шалгаж байна.
"Тавантолгой ХК" хууль бусаар нүүрс олборлосон гэх хэргийг АТГ-т шалгаж байна
УИХ-ын гишүүн Л.Энхболд "Таван толгой" ХК нь Эрдэнэс Тавантолгойн ашиглалтын талбайгаас хууль бусаар нүүрс олборлоод зогсохгүй Хятадын Хуалан Тянь Жин гэх компани олборлолт хийх эрхийг олгосон хэмээн мэдээлсэн. Тиймээс энэ үйл ажиллагааг ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж, шалгаж өгөхийг хуулийн байгууллагаас хүссэн байдаг.
Тэгвэл энэ асуудал ямар шатандаа яваа эсэх талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас "Таван толгой” ХК нь хууль бусаар нүүрс олборлосон гэх мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа" гэлээ.
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг шүүнэ
УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад, улмаар шүүхэд шилжүүлээд байгаа. Уг хэргийг шүүх хурал энэ сарын 6-ны өдөр 09:00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд товлогдсон байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон байдаг.
Учир нь шүүгдэгч З.Баянсэлэнгэ тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг тэргүүтэй шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Ингэснээр шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа билээ. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Бэрэн групп” ХХК-ийн барьсан "Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутган шүүх гэж байгаа юм.
УИХ-ын гишүүн асан Д.Муратыг цагаатгав
УИХ-ын гишүүн Д.Муратыг иргэн Г.Бахытгүлийн биед хөнгөн гэмт учруулсан хэрэгт буруутгаж байв. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 11.6.1, 21.2.1-д зааснаар буруутган шүүсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Харин хохирогч Д.Бахытгүл энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд дараагийн шатны шүүхэд давж заалдахаа мэдэгдээд байгаа юм.
Б.Анир