Л.Буянбат: Бид Дарханд Монгол улсын шатахууны хэрэглээний нэлээд хувийг хангах үйлдвэр барина

🕔 2016/03/21 15:37

Сайн байна уу? та, "Дарханы хөгжил” Олон улсын форумын үеэр манай аймагт хэрэгжүүлэх гэж байгаа "Бүх төрлийн хатуу хог хаягдал, хүрэн нүүрсийг боловсруулж шингэн түлш болон цахилгаан үйлдвэрлэх төсөл”-өө танилцуулах гэж байгаа юм байна.

Хог хаягдлыг дахин боловсруулж, монгол улсад импортоор орж ирдэг, стратегийн чухал бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх гэж байгаа нь сонирхол татлаа л даа. Та энэхүү төслийнхөө талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Манай компанийн хэрэгжүүлж байгаа төсөл нь "Бүх төрлийн хатуу хог хаягдалыг боловсруулж шингэн түлш болон цахилгаан үйлдвэрлэх төсөл” юм. Төсөлд ашиглагдах технологи нь маш дэвшилттэй бөгөөд үйлдвэрлэлийн хувьд бага хэмжээгээр эхлүүлэх боломжтой байгаа нь манай орны хувьд хамгийн тохиромжтой юм байна гэдэгт төслийн судалгааны багийхан нэгдсэн.

Үндсэндээ 2 жил гаруйн өмнөөс судалгааны ажлууд хийгдэж, хэд хэдэн хог боловсруулах технологиудыг судалж үзсэн. Бусад технологиудын хувьд хогийг заавал ангилан ялгах, эсвэл тодорхой нэг төрлийн хогийг түүхий эд болгон ашиглах зэрэг сул талтай байсан. Мөн тэдгээр хог хаягдлыг шууд шатаах замаар түүнээс зөвхөн дулаан эсвэл цахилгаан гэх мэт тодорхой нэг төрлийн бүтээгдэхүүн гаргах технологиуд байсан юм.

Харин бидний оруулж ирэх гэж буй энэхүү технологийн хувьд ямар нэгэн ангилан ялгалт шаардлагагүйгээр шууд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн нь шатахуун мөн цахилгаан болдгоороо онцлогтой. Тодорхой нэг төрлийн буюу тухайлбал зөвхөн хуванцар, эсвэл хаягдал дугуй гэх мэт нэг төрлийн биет хогийг боловсруулах нь учир дутагдалтай, амьдралд төдийлөн нийцэхгүй. Мөн монголчууд хогоо ангилан хаях хэвшилд төдийлөн суралцаагүй байгаа бөгөөд ийм дадал суухад нэлээдгүй хугацаа шаардлагатай.

Цахилгаан эрчим хүч болон шатахуун үйлдвэрлэн гаргана гэлээ. Энэ талаар нэмж тодруулбал ...

Энэ технологи нь түүхий эд буюу хог, түүнтэй хольсон нүүрс, мөн дан түүхий нүүрсийг тусгай зууханд шатаах явцдаа түүхий эдийг үндсэн элементүүдээр нь задлаж ангилна гэсэн үг. Түүгээрээ шатахуун үйлдвэрлэж, илүүдэл дулаанаар цахилгаан гаргана. Гэхдээ тухайн үйлдвэр нэг л төрлийн шатахууныг гаргах боломжтой тул анх суурилуулахаас нь эхлэн ямар төрлийн шатахуун үйлдвэрлэхээ сонгоно гэсэн үг. Бид дизель түлш үйлдвэрлэх нь Монгол орны хувьд хамгийн тохиромжтой юм гэсэн саналтай байгаа. Мөн энэхүү технологи нь үйл ажиллагааны хувьд харьцангуй бага зардалтай тул үйлдвэрлэсэн дээрх бүтээгдэхүүнүүд маань зах зээлийн үнээс харьцангуй хямдаар нийлүүлэгдэх боломжтой.

Түүхий эд буюу хогийг иргэдээс үнэлэн авна гэж байсан. Энэ тал дээр ямар зохион байгуулалт хийх вэ?

Одоогоор энэ талаар тодорхой шийдэлд хүрээгүй байна. Дархан-Уул аймгийн засаг захиргааныхантай болон НАҮГ-ын удирдлагуудтай ярилцаж байгаа. Иргэдээс хог хаягдлыг үнэлэн авах уу, аль эсвэл тэдний хог тээвэрлэлтийн хөлсийг хөнгөлөх журмаар явах уу гэдгийн аль нэг шийдэлд хүрэх байх. Хамгийн нээлттэй бөгөөд иргэдэд ашигтай байх хувилбарыг сонгох болно.

Төслийн ажил одоогоор ямар үе шатандаа явж байна вэ? Хэзээ бодит үр дүн гарч эхлэх бол?

Яг одоогийн бидний төлөвлөж байгаагаар бол 2017 оны сүүлээр ашиглалтанд оруулахаар зорьж байна. ТЭЗҮ-г хийгээд дуусч байна. Газрын асуудал шийдэгдэхээр байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдэнэ. Мөн үйлдвэрлэл явуулахтай холбогдон аж үйлдвэрийн болон эрчим хүчний яамнаас тусгай зөвшөөрлүүд авна. Холбогдох газруудтай урьдчилсан байдлаар уулзаж, бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Үйлдвэр байгуулагдсанаар орон нутгийн төсөвт болон иргэдийн амьдралд ч эерэг үр дүнгүүд өгөхөөр харагдаж байна л даа. Хэчнээн ажлын байр нэмэгдэх вэ? Өндөр мэргэжлийн боловсон хүчнүүд гадаадаас ирэх үү?

Эхний ээлжид 30-40 ажлын байр нэмэгдэнэ. Үүнээс 80%-г нь орон нутгаас авна. Бусад нь удирдлагын баг болон инженер мэргэжилтүүд байна. Энэхүү технологийн давуу тал нь ашиглахад хялбар учир өндөр түвшний нарийн мэргэшсэн боловсон хүчин шаардлагагүй тул технологи нийлүүлэгч компаниас тоног төхөөрөмжөө суурилуулаад, өөрсдөө анхны сургалтуудыг явуулна. Ерөнхий үйл ажиллагаа автомат удирдлагатай байх юм.

Түүнчлэн орон нутгийн төсөвт төлбөл зохих бүх төрлийн татварууд гэх мэтээр тодорхой үр нөлөө үзүүлэх байхаа. Цаашид бид Дархан-Уул аймагтаа төдийгүй бүс нутгийн хөгжилд дэм болохуйц эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана гэсэн бодолтой байгаа.

Бизнес эрхлэгчдийн хувьд тодорхой төсөл хэрэгжүүлэх газар нутгийг сонгохдоо борлуулалтын зах зээлээ, эсхүл түүхий эдийн нөөцөө түшиглэн сонгох хандлагатай байдаг. Та бүхний хувьд Дархан-Уул аймгийн газар нутагт үйлдвэрийг барих болсон ямар үндэслэл байв. Өөрөөр хэлбэл Дарханд барихын давуу тал юу байв?

Манай хувьд сонголт хийхэд хамгийн чухал нь нэгдүгээрт дэд бүтэц, хоёрт ажиллах хүчинд анхаарч байсан. Бид нэлээд олон газар нутгийг судалсны эцэст хамгийн тохиромжтой газар бол яг өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймаг юм байна гэж шийдвэрлэсэн. Учир нь Дархан бол бусад газруудтай харьцуулахад дэд бүтцийн хувьд хангагдсан. Мөн Монгол улсын дизелийн зах зээлийн хувьд хамгийн том бүсд хамаарах, ажиллах хүчний нөөц сайтай газар юм.

Мөн бидний хувьд энэхүү төслийн дараагийн үе шат болох нүүрсээр шатахуун гарган авах технологийг хэрэгжүүлэхэд "Шарын гол”-ын нүүрсний уурхайтай ойрхон байршиж, төмөр замаар шууд холбогдож байгаа нь ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл төслийн дараагийн шат нь энэ баригдах хог боловсруулах үйлдвэрээ түшиглэн баригдана. Энэхүү үйлдвэрийн түүхий эд нь Шарын голын уурхайгаас гарах нүүрс юм. Манай технологийг нийлүүлэгч компанийн чанарын шаардлагад Шарын голын уурхайн нүүрс тохирч байгаа юм.

Тун удахгүй болох гэж буй "ДАРХАНЫ ХӨГЖИЛ” ОУ-н форумын ач холбогдлыг та бүхэн юу гэж харж байна. Уг форумаас ямар хүлээлттэй оролцож байна?

Дархан-Уул аймгийн засаг захиргаа, удирдлагын баг бүрэлдэхүүний зүгээс манай төслийг маш их дэмжиж ажиллаж байгаад бид тун их баяртай байгаа юм.

Форумын хувьд Дархан-Уул аймагтаа аж үйлдвэр, шинэ салбар, шинэ бизнесийг хөгжүүлэх тал дээр аймгийн удирдлага нэлээд анхаарал тавьж тодорхой ажлууд зохион байгуулж байгаагийн нэг гэж тун их талархалтайгаар хүлээн авч байгаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр маш олон гадны төлөөлөгч нар ирж байгаа нь Дархан-Уул аймгийг сурталчлах, танилцуулах томоохон гүүр болж байна. Энэ ч утгаараа бид форумын үйл ажиллагаанд оролцох болсондоо тун их баяртай байна.

Таны хувьд хөндлөнгийн нүдээр харахад Дархан хэрхэн хөгжвөл зохистой мөн юу нь ололттой, бас юуг нь өөрчилмөөр санагддаг вэ?

Дархан бол яахын аргагүй Монгол улсын хоёр дахь том хот. Би энд ирэх их дуртай. Бараг долоо хоног бүр ирж байна. Дархан хот их цэвэрхэн сайхан орчинтой, хөгжиж байгаа залуусын хот. Хүмүүс нь ч их найрсаг, боловсон, соёлтой. Цаашид ч бүс нутгийн хөгжлийг тодорхойлох том хот болох ёстой гэж боддог.

Анх барьж байгуулсан түүхийг нь харахад Монгол улсын барилгын салбарыг авч явахуйц бааз, боловсон хүчнийг бэлтгэсэн байдаг. Үйлдвэрийн районд очиж үзэхэд маш том том бүтээн байгуулалтуудыг хийж байж. Зөвхөн эндээс харахад л дэд бүтэц, боловсон хүчний маш өндөр чадавхи энд бий болжээ гэж бодогддог. Гэвч харамсалтай нь зарим нэг үйлдвэр үүдээ барьсан, зогссон харагддаг. Энэ нь ажилгүйдэл нэмэгдэхэд нөлөөлсөн байх.

Дархан-Уул аймгийн хувьд хөгжлийн гол салбар нь аж үйлдвэр байх нь зөв гэж бодож байна. Иймээс ч сүүлийн жилүүдэд шинэ үйлдвэрүүд нэлээдгүй нэмэгдэж байгаа. Гэхдээ үйлдвэрлэлийн хувьд дан ганц барилгын материалын үйлдвэрлэл бус өөр бусад чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл байх тал дээр анхаарвал зүгээр санагддаг.

Энэ тал дээр бид өөрсдийн хувь нэмрээ оруулж, аль болох олон залуусыг ажлын байртай болгож, олон Дарханчуудыг орлоготой, мэргэжилтэй болгох тал дээр ажиллана. Манайх ажиллах хүчний хувьд эхний ээлжинд дээр дурьдсанчлан цөөн тоогоор авах боловч цаашилбал төлөвлөсний дагуу хоёр дахь, гурав дахь төслүүд хэрэгжээд эхэлбэл хэдэн мянган ажлын байр нэмэгдэх боломжтой.

Бид энэ бүсэд, энэ нутагт Монгол улсын шатахууны хэрэглээний нэлээд хувийг хангах үйлдвэр барих зорилготой байгаа бөгөөд энэ нь өнөөгийн Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хүрэх бүтээн байгуулалт, ажлын байр, нөөц боломж бий гэсэн үг юм.

Ярилцсанд баярлалаа. Үйлдвэр хурдан босож үр ашгаа бүгдэд өгөөсэй гэж хүсэж байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

Г.Ганцэцэг

Эх сурвалж: Darkhan.gov.mn

скачать dle 12.0

Санал болгох