Б.Ууганбаяр: Эндээс явуулсан хүмүүсийн нэрийг хассан тохиолдол нэг бус удаа гарсан

🕔 2020/07/10 11:19
J1A0522-6uf94jwicawi8cigz0s0v7o9k0bz672i9b0p3kpplq8.jpg
Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнөөдрийн байдлаар хэчнээн өргөдөл, гомдол ирсэн бэ. Хэрхэн шийдвэрлэв?
-Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар шуурхай штаб байгуулаад дөрвөн сар орчим ажиллаж байна. Энэ хугацаанд гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагаа зохион байгуулсаар ирлээ. Дөрөвдүгээр сарын 10-наас долдугаар сарын 3-ны байдлаар дэлхийн 50 гаруй улсаас 11 мянга гаруй иргэн  эх орондоо ирэхээр өргөдөл ирүүлжээ. Тэдний 2000 гаруй нь өргөдлөө 2-3 удаа давтан ирүүлсэн байна. Ирсэн өргөдлүүдийг шалтгаан, цаг хугацааны байдлаар нь ангилж, дараалалд оруулан цахимаар бүртгэлжүүлсэн. Зарим иргэн нэг өргөдлийг 20-30 удаа бичиж ирүүлсэн байсан. Өргөдөл гээгдэнэ гэсэн асуудал гарахгүй тул дахин дахин ирүүлэх хэрэггүй.

-Гадаадад буй монголчууд энд байгаа ах, дүү нараараа дамжуулан өргөдөл өгч байна уу?
-Монголд байгаа ах, дүү нар нь өргөдөл өгөхөөс гадна, өөрсдөө УОК-ын Шуурхай штабын мэйл хаяг руу хүсэлтээ явуулдаг. Тэр бүхнийг нэгтгэн бүртгэнэ. Овог, нэр, регистр, гадаад паспортын дугаараар бүртгэхээр энд ах, дүү нар нь өргөдөл өгчихсөн байвал давхцаад гарч ирэх жишээтэй. Дараа нь нотлох баримт болж үлдэх учир бүх өргөдлийг хадгалж байгаа.

-Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дийлэнх шалтгаан нь юу байна вэ?
-УОК-оос өндөр настан, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, эрүүл мэндийн болон бусад шалтгаантай иргэдээ татан авчирч байгаа. Ийм шалтгаан дурдсан өргөдлүүд ирж байна. Үүнээс гадна дийлэнх нь эрүүл мэндийн шалтгаантай. Нягталж үзэхэд худал зүйл бичсэн өргөдөл цөөнгүй. Гадаадад буй монгол иргэд бараг л бүгдээрээ хорт хавдар тусчихсан мэт. Монголд хүлээж буй ар гэрийнхэн нь “Өнөө, маргаашгүй болчихлоо” гэсэн утгатай өргөдөл их ирдэг. Өргөдөл шалгаруулах ажлын хэсэг үүнийг  дүнгэж, нягталж байгаа. Тухайлбал, аль нэгдүгээр сард хилээр гарсан эмэгтэй дөрөвдүгээр сард Монголд жирэмсний үзлэгт орсон гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлчихсэн байсан. Яах аргагүй эмнэлэгт хэвтэж буй, мэс засал хийлгэсэн хүмүүс зургаа өргөдөлдөө хавсарган ирүүлж байна. Ийм тохиолдолд нэн тэргүүнд эх оронд нь авчирч байгаа.  Өвчинтэй гэдгээ нотолсон баримт хавсаргаагүй өргөдөл цөөнгүй. Эрүүл мэндийн байгууллагын бичиг хавсаргасан өргөдлийг дотор нь ангилдаг. Гэхдээ сүүлийн үед “өвчинтэй” гэх өргөдөл хавтгайрлаа. Бүр ноцтой өвчний нэр дурдсан байгаа юм. Энэ мэт асуудал, хүндрэл их бий.

-Харийн нутагт, өвчний голомтод буй иргэд бүгд л Монгол руугаа ирэх гэж зүтгэж байна. “УОК шаардлагатай хүнийг үлдээчихлээ” гэсэн гомдол их гарах боллоо. Мөн онгоцны тийзийн зардал төлөх боломжгүй хүн ч цөөнгүй. “Гадаадад байгаа л бол мөнгөтэй” гэж харж байна гэх шүүмжлэл газар авсаар. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Бид гадаадад буй монгол иргэдээ шуналын нүдээр хэзээ ч хараагүй, хандаагүйг албан ёсоор хэлье. УОК-ын Шуурхай штабд өргөдөл ирүүлсэн 11 мянга гаруй иргэнээ аль болох татаж авахаар ажиллаж байна. Нөөц боломжид тулгуурладаг. Бид өмнө нь БНСУ-руу нэг онгоц нисгэж байсан бол өдөрт хоёрыг хөөргөж байна. Энэ сар гарснаас хойш дөрвөн онгоц тус улсыг зорьсон. 250, 260 хүний багтаамжтай онгоц нисгэж байгаа. Нэг онгоцонд 60-70 жирэмсэн эмэгтэйг авчирлаа. Урьд нь сард 1500 орчим иргэн авчирч байсан бол энэ сард 3000 орчим хүнээ татан авна. Тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байгаа нь хүндрэл учруулсаар байна. Тусгаарлах байр бэлдэх гэж бүх л зэрэглэлийн зочид буудлын эзэдтэй уулзаж, ярилцлаа. Өдөрт гурван хоолтой, хоногийн төлбөр нь 50 000 төгрөг байх буудал төдийлөн олддоггүй. Дээд зэрэглэлийн буудлын хоногийн төлбөр 120-150 мянган төгрөг. Гадаадад олон сар болсон иргэд ийм хэмжээний төлбөр төлөх боломжгүй учраас ийм байр сонгож чадахгүй байгаа. Хоногт 120 мянган төгрөг төлөөд байрлах хүсэлтэй хүн байж магадгүй. Гэхдээ олон биш. Өндөр үнэтэй газар цөөн хүн байрлуулчихаад бүхэлд нь хамгаалалтад авна гэдэг том ажил болно. Тусгаарлах байранд эрүүл мэндийн болон онцгой байдлын албаны ажилтан 21 хоног хамт тусгаарлагдаж байгаа. Цагдаагийн байгууллагын ажилтан гадна талд нь үүрэг гүйцэтгэдэг. Нийт 30 байрлалд 2481 хүн тусгаарлалтад байна. Нэг өрөөнд нэг хүн тусгаарлана гэсэн шаардлагаас шалтгаалан хомсдол үүссэн. Бид зарим газрыг мэргэжлийн байгууллагаар цэвэрлүүлж, хивс, дрожийг нь сольж, цагаан хэрэглэл, аяга таваг худалдан авсан тохиолдол ч бий. Цэцэрлэгийн гал тогоонд хоол хийж “Тоёоко инн” зочид буудал руу зөөж байна. Хөрөнгө чинээгээр нь хэнийг ч ялгахгүйгээр гачигдал, зовлонтой иргэдээ авчирч байгаа. Шуурхай штаб дээр ирж, зовлонгоо ярьсан хүн бүрийн асуудлыг шийдсэн. Үүнийг би нотлох баримттай хэлнэ. “50 настай хүү минь элгээ солиулчихаад ирж чадахгүй байна гээд” уйлж суусан 80 гаруй настай буурлын хүүхдийг авчирсан. Асуудлаа аль болох дотооддоо шийдэж, янз бүрийн зөрчлийг хэвлэл мэдээлэл, олон нийтэд дэлгэхгүй байгаа.

-Гадаадаас ирж буй иргэдийн төлбөрийг хэрхэн зарцуулж байгаа бол?
-Онгоцны тийзээ иргэн өөрөө төлж ирнэ. Тусгаарлах байранд хоногийн 50 мянган төгрөг тушаасныг бид тухайн зочид буудал руу нь шилжүүлдэг. Тэр мөнгийг хадгалах, буруу зориулалтаар ашиглах ямар ч зохицуулалт байхгүй. Мөнгийг нь шууд шилжүүлж байгаа учраас л тухайн буудал, тусгаарлах байрныхан хүмүүсийг хоол, цайгаар хангаж байгаа юм.

-ОХУ-аас ирсэн оюутнууд МҮИС-ийн дотуур байранд бохир орчинд байрлаж байна лээ. Ижилхэн мөнгө төлсөн хэдий ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд байлгаж буйд тэд сэтгэл дундуур байсан. Дараа, дараагийн ирэх хүмүүсийг ийм орчин нөхцөлд байлгахгүй тал дээр хэрхэн анхаарч байна даа?
-Хүнд нөхцөл биш. Тухайн үед суларсан байранд нь л хуваарилж оруулдаг. Өвчинтэй, өндөр настай хүмүүсийг  аль болох зочид буудалд байрлуулах бодлого барьж байгаа. Өвчний голомтоос авчирлаа. Хэдхэн хоног тэвчиж болохгүй гэж үү. “Үхлээ, гудамжинд байна, аваач ээ” гэж эх орондоо ирчихээд элдэв зан гаргадаг хүн цөөнгүй. Эмч нар хоолыг нь аягалан зөөж байна, халдваргүй газар байлгаж байна шүү дээ. Яагаад ийм тэвчээргүй юм бэ. Хүний нутагт соёлтай зан гаргаад, эх орондоо ирчихээд арслан бар шиг авирлах юм. Өчнөөн бэрхшээлийг бид нуун дарж байгаа. “Вин зоу” зочид буудалд байрласан нэг эмэгтэй үхрийн гуяны махаар хийсэн хоол иднэ гэж уурласан. Энэ мэт асуудлыг ярихаар хов жив хөөцөлдсөн болох юм. Нэг зүйл онцлоход “Сүнжин гранд”, “Вин зоу”, “Амар”,  “Тоёоко Инн” зэрэг гадаад эзэнтэй зочид буудал бидний үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж байгаа. Үнэнийг хэлэхэд, монгол эзэнтэй зочид буудлуудад гадаадаас ирсэн иргэнээ буулгаж чадаагүй. Болзол, нөхцөлөө тайлбарлан, бүгдтэй нь уулзахад “боломжгүй” гэсэн хариу сонссон. Улаанбаатарын эргэн тойронд байгаа амралт, сувиллын газруудад хүн аваач гэж олон нийтээс ханддаг. Монгол гэрт байрлуулбал халдвар хамгааллын дэглэм зөрчигдөнө гээд ЭМЯ зөвшөөрдөггүй юм.  

-Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдээ тусгаарлахдаа 21 биш, 14 хоног байлгаж болдоггүй юм уу гэсэн санал иргэдээс гарч байна. Тусгаарлах байранд байсан хорт хавдартай эмэгтэй 16 дахь хоногтоо нас барсан шүү дээ?
-ЭМЯ-наас тогтоосон хугацаа.

-УОК-т иргэд, аж ахуйн нэгжээс багагүй хандив өгсөн. Үүнийг хэрхэн зарцуулж байгаа бол?
-Цар тахалтай тэмцэх ажиллагаанд зориулж, иргэд, аж ахуйн нэгжээс нийт  6.8 тэрбум төгрөгийн тусламж ирсэн. Үүний 3.2 тэрбум нь бэлэн мөнгө, 3.6 тэрбум төгрөгийн бараа, материал цугласан. Энд олон улсын байгууллагын тусламж, дэмжлэг багтаж байгаа. Бэлэн мөнгөний дийлэнхийг эрүүл мэндийн салбарын чадавхыг сайжруулахад зориулсан. Уушги орлуулагч ЭКМО аппаратын төлбөрийн хагас гэхэд л 450 сая төгрөг. Үлдсэн төлбөрийг нь цаад компани нь хандиваар өгсөн. Мөн уг хандиваас амьсгал, бөөр дэмжих аппарат, нэг удаагийн хувцас, хэрэглэлд зарцуулж байна. Нисэх онгоц,  тусгаарлах байранд ажиллаж буй хүн бүрт нэг удаагийн, зориулалтын хувцас, хэрэглэл өгдөг. ХӨСҮТ-ийн нөөц дуусахад Шадар сайдын шийдвэрээр тусламжаар ирсэн амны хаалт, нэг удаагийн хувцас хэрэглэлийг бүгдийг нь  тус эмнэлэгт өгсөн. Заримыг нь голомтод ажиллаж буй, мэргэжлийн байгууллагын ажилтнуудын урамшуулал, дархлаа дэмжих амин дэм авахад нь зориулсан. Нэг төгрөг ч хууль бусаар, гадагш зориулаагүй. Шадар сайд асан Ө.Энхтүвшин зарцуулалтын тайланг  АТГ-д шалгуулахаар өгсөн. Аль болох хүмүүсээ олноор нь татах, байр саваа бэлдэх гээд завгүй ажиллаж байхад ташаа мэдээлэл их гарч байна. Бид эв нэгдэлтэй байж энэ бэрхшээлийг давж чадна.

-Голомтод ажиллаж буй алба хаагчдадаа урамшуулал олгож чадаж байгаа юу?
-ХӨСҮТ-д олгосон. УОК-ын даргын тушаалаар алба хаагчдад олгосон. Цаашдаа ч олгоно.

-Мөнгөгүй, ядарсан иргэд нь харьд үлдээд хахууль өгсөн, танил талтай хүмүүс нь эх орондоо ирж байна байна гэх хэл ам гарах боллоо. Та үүнд ямар тайлбар өгөх бол?
-Намайг хахууль авсан мэтээр цахим орчинд бичсэн байсан. Үүнийг шалгуулахаар тагнуулын байгууллагад албан ёсны хүсэлт тавьсан. Энэ үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглаач гэсэн санал бүхий, гарын үсэгтэй  бичгээ  АТГ-т хүргүүллээ. Шуурхай штабт мөнгө төгрөг авсан асуудал гараагүйг тагнуулын байгууллагынхан хэлсэн. Гурав, дөрөвдөгч хүнээр дамжуулж өргөдөл битгий өгөөч ээ гэж би  өмнө нь хэвлэлд ярьсан шүү дээ. Шуурхай штабт хэн нэгнийг таньдаг гэж худал ярьж, дундуур нь өгөө, авааны зүйл гаргаж болзошгүй гэж бид хардаж байгаа. Гадаадад байгаа зарим ажилтан  эндээс явуулсан иргэний нэ сольж, өөр хүн оруулсан тохиолдол гаргасныг ГХЯ-ны Консулын газрын ажилтнууд хэлсэн. Нэр нь багтсан хүмүүс ирж чадахгүй болж, хэл ам гаргахаар  “Ууганбаяр дарга өөрчилсөн” гэж миний нэр барьж, худал хэлээд байгааг хатуу анхааруулсан. Ийм тохиолдол нэг бус удаа гарлаа. Тиймээс хэн нэгнийг таньдаг гэсэн үүднээс өргөдөл өгч болохгүй. Ер нь бол одоо дийлэнх өргөдөл ирчихсэн байх. Тиймээс нэг өргөдлөө дахин дахин өгөх шаардлагагүй. Дарга, цэрэг хамаагүй, өвчинтэй, зовлонтой хүмүүс бүгд ирэх ёстой.

-Ирэх хүсэлтээ өгсөн ч чадахгүй байсаар “Ковид-19”-ийн халдвар авч харийн нутагт нас барсан тохиолдол цөөнгүй гарсан гэж сошиалаар бичих боллоо. Албан ёсны мэдээлэл өгөхгүй юү?  
-Энэ тухай ГХЯ-наас албан ёсоор танилцуулсан мэдээлэл байхгүй. УОК-оос гаргасан таван шаардлага бүхий иргэдээ авчирч дуусаад бусдыг нь мөн татах ажиллагаа явуулна. Оюутан, түр аяллаар яваад гацсан иргэдээ авчирмаар байна. Атлантын далай дээр хөлөг онгоцонд гацсан хоёр монгол иргэнээ бид авчирсан. Дэлхийн бүх тивээс хүнээ авчирлаа. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг дотор нь бужигнуулжг асуудал үүсгэдэг хүмүүс бий. Тэдний талаарх мэдээллийг тагнуулын байгууллагад өгсөн. Тухайлбал, БНСУ-д бичиг,  цаас барьсан жагсаал цуглааны гол зохион байгуулагч залуу өөрөө Монголд ирэх хүсэлт гаргаагүй, тэнд амьдардаг хүн байсан. Мөн ОБЕГ-ын гадаа цугласан эмэгтэйчүүдийг уриалсан бүсгүй аль эрт Солонгосоос ирчихсэн байсан. Хүмүүсийг ямар зорилгоор ингэж өдөөн хатгаж буйг ойлгохгүй байна. Тусгаарлах байранд буй иргэд ноцтой зөрчил гаргасаар байгаа. “Гоё” тарагны дотор гялгар уутанд архи хийгээд оруулах гэж байсныг манай албан хаагч илрүүлсэн. “Хөгжингүй оронд амьдарч байсан, ийм буудалд буухгүй” гээд шөнийн 00.00 цагт хэл ам хийж, бусдыгаа уриалаад сууж байсан эмэгтэй бий. Цар тахлын энэ үед монгол хүний мөн чанарыг маш сайн ойлгож авч байна даа.

скачать dle 12.0

Санал болгох