Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ
Байгалийн онц аюулт үзэгдэлтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар нар мэдээлэл хийлээ.
2016 оны 3 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Увс аймагт цасан шуурга болж, зарим газарт салхины хурд 30 м/сек хүрч, цаг агаарын онц аюулт үзэгдэл боллоо. Нийт нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсантай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гамшгийн болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна гэж Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар хэллээ. Мөн өнгөрсөн шөнийн байдлаар байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас 83 хүн шуурганд төөрч, сураггүй болсныг онцгой байдлын асуудал хариуцсан эрхэлсэн байгууллагын албан хаагчид, орон нутгийн удирдлагууд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах ажиллагааг явуулсны дүнд өнөөдөр 16.00 цагийн байдлаар 81 хүнийг эсэн мэнд олж, Архангай болон Баян-Өлгий аймгийн 2 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Сураггүй болсон иргэдийн дунд гадаадын 12 иргэн байсныг эсэн мэнд олсон гэдгийг онцолсон юм.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар 3 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд төвийн болон зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, цаг агаарын онц аюулт үзэгдэл болох төлөвтэй байгаа учраас Улсын онцгой комиссын хэсэгчилсэн хурлыг яаралтай хуралдуулж, Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисст байгалийн онц аюулт үзэгдлээс урьдчилах сэргийлэх талаар холбогдох үүрэг чиглэлийг өгч, удирдлагаар ханган ажиллаж байна гэж мэдэгдлээ.
Ингээд Шадар сайд Ц.Оюунбаатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ.
2016 оны 3 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Увс аймагт цас орон шуурч, зарим газар салхины хурд 30 м/сек хүрч, цаг агаарын онц аюулт үзэгдэл боллоо.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээг Онцгой байдлын ерөнхий газар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон удаагийн давтамжтайгаар дуут дохиоллын цамхагаар хуваарийн дагуу явууллаа.
Нийт нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсантай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гамшгийн болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн сайдад үүрэг өгч, сайдын 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 49 дүгээр тушаалаар мөн өдрийн 21:00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоов.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан нийслэлийн Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, цагдаагийн нийт 20 албан хаагч, 13 автомашинтайгаар тээврийн хэрэгслийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхгүй байх үүрэг гүйцэтгэж байна.
Гэвч өнгөрсөн шөнийн байдлаар байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас 83 хүн шуурганд төөрч, сураггүй болсныг онцгой байдлын асуудал хариуцсан эрхэлсэн байгууллагын албан хаагчид, орон нутгийн удирдлагууд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах ажиллагааг явуулсны дүнд 3 дугаар сарын 4-ний өдрийн 16.00 цагийн байдлаар 81 хүнийг эсэн мэнд олж, Архангай -1хүн, Баян-Өлгий -1 хүн, нийт 2 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Сураггүй болсон иргэдийн дунд гадаадын 12 иргэн байсныг эсэн мэнд олов.
Зарим аймгуудаас мал олноороо цасанд дарагдсан, хүчтэй цасан шуурганы улмаас айлын гэр нурсан тухай мэдээллүүд ирсээр байна.
Цаг агаарын онц аюултай үзэгдлийн талаар малчид, ард иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулсаар байтал бага насны хүүхдээ дагуулж, нимгэн хувцастай машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгслээр аян замд гарах явдал гарчээ.
2016 оны 3 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд төвийн болон зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, цаг агаарын онц аюулт үзэгдэл болох төлөвтэй байгаа тул Улсын онцгой комиссын хэсэгчилсэн хурлыг яаралтай хуралдуулж, Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисст холбогдох үүрэг чиглэлийг өгч, удирдлагаар ханган ажиллаж байна.