Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүх дахин томилогдлоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын томилгооны асуудлыг хэлэлцэн баталлаа.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонх суудал авсан Монгол Ардын намаас У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Ерөнхийлөгчид өчигдөр /2020.07.01/ өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-д оруулсны дагуу ийнхүү өнөөдөр хэлэлцэв.
Эхлээд шинээр бүрдсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэн эрхийн хугацааны анхны хуралдаан өнөөдөр 09:14 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж, Ерөнхий сайдаар томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Гишүүд Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Ингээд УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асуун, үг хэлж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явууллаа.
Санал хураалтад 71 гишүүн оролцсоноос Б.Пүрэвдорж гишүүнээс бусад нь буюу 98.5 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар улираан томиллоо.
Ухнаагийн Хүрэлсүх нь 1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Тэрбээр 1989-1990 ондМонголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 ондМАХН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан,1994-1996 ондУИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх,1996-1997 ондМАХН-ын “Залуучууд хөгжил” төвийн ерөнхий захирал,1997-1999, 2000-2005 ондМонголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч,1999-2000 ондУИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2000-2007 ондМАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2007 оноос Монголын зүүний хүчний Холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.
Улмаар 2000-2004, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв.
Тэрбээр 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргаар ажиллаж, 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр, мөн ийнхүү өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин сонгогдоод байна.