Уяхан замбуутивийн наран

🕔 2020/06/16 16:59


Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт “Сүүдэртийн улаан овоо” хэмээх дуун эгшгийн эрчис онгод шингэсэн ер бусын орон хангай бий. Энэ л овооны бэлд дэлхийд Монголынхоо нэрийг дуурьсгасан их дууч мэндэлжээ. Долоохон настайгаасаа уртын дуу дуулж эхэлсэн жаахан охиныг нутгийнхан нь өхөөрдөн Дуучин шар хэмээн дууддаг байж. Дэрэн нутгийн Тавхай гэж тохьтой буурал Улаанбаатар хотоос эгшигт хайрцаг гээч юмыг анх аваачиж олны нүдийг орой дээр нь гаргасан гэдэг. Тэрхүү эгшигт хайрцгаар алдарт дуучин Магсар хурцын Дугаржав, Төмөр, Ичинхорлоо, Дорждагва нарын дуулахыг анх сонссон Норовбанзад охин тэдгээр нэр алдартай дуучдын дуулсан дууны ая дан, үгийг тогтоож аваад малын бэлчээрт, гэрт гадаагүй хангинуулж явах болсон аж.
Хонины бэлчээрт дуулахыг нь сонссон айл саахалтынхан нь “Танай энэ шар охины хоолойн тунгалагийг ээ. Яасан сайхан дуулна вэ. Манай нутгийнхны найр наадам ч дуу хуураар тасрахгүй даг шүү” хэмээн ярилцдаг байж. Бага сургуульд орсноосоо хойш сумын улаан булан, соёлын төвийн тайзнаа дуулж, олны хайр хүндлэлийг хүлээж эхэлжээ.
1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяраар сайн дурын уран сайханч Н.Норовбанзад Улаанбаатарт ирж “Идэр жинчин” дууг дуулснаар их урлагт хөл тавьсан гэдэг.
Харин 1956 онд Ардын хувьсгалын 35 жилийн ойн өмнөхөн болсон бүх ард түмний урлагийн их наадмаас 25-хан настай залуу бүсгүй Норовбанзад алтан медаль хүртсэн нь урлагийн тайзнаа хүртсэн анхны том шагнал нь байв. Дараа жил нь буюу 1957 онд Москвад болсон Дэлхийн залуучууд оюутны VI их наадамд “Сэрүүн сайхан хангай” дуугаараа оролцон тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн байна.
Энэ бол Н.Норовбанзад дуучны хувьд олон улсын анхны шагнал төдийгүй Монголын уртын дуу дэлхийн олон улс орны үзэгчид, сонсогчдын мэлмий, сонорт хүрч, бишрэл хүндэтгэлийг нь төрүүлсэн анхны тохиолдол. Монголчуудын хүн төрөлхтний сонгодог болон язгуур урлагийн их сан хөмрөгт оруулсан үнэт эрдэнэ уртын дуу уяхан замбуутивийн энгээр эгшиглэж эхэлсэн нь энэ байлаа.
Москвагийн тайзнаа шуранхайлсан “Сэрүүн сайхан хангай” дуу бол их дууч Н.Норовбанзадын анх сурсан уртын дуу нь. Тиймээс тэрээр “Сэрүүн сайхан хангай бол миний зүрхний дуулал, миний сүлд дуу” хэмээн нэгэнтээ өгүүлжээ. Монголын язгуур урлагийн охь дээж уртын дууг дэлхийн энгээр дуурьсгасан их дуучийн зүрхний дуулал болсон “Сэрүүн сайхан хангай” дуу нь түүний дуулснаар 2005 онд ЮНЕСКО-гийн Аман ба соёлын биет бус өвийн шилдэг бүтээлээр тодорсон билээ. Дуулсан ганц дуу нь л гэхэд ийм гайхамшигт түүхийг бүтээж, хүмүүн төрөлхтний соёлын их өвд монголчуудын оруулсан үнэт эрдэнэ, хосгүй дурсгал болон гялалзаж байгаа нь Н.Норовбанзад хэмээх агуу дуучны авьяас билиг, хоолойн цараа, уран бүтээлчийн уйгагүй хөдөлмөрийн илрэл юм.
Тэрээр Монгол ардын уртын дууны охь болсон “Сэрүүн сайхан хангай”, “Уяхан замбуутивийн наран”, “Эртний сайхан”, “Дөмөн”, “Энх мэндийн баяр”, “Хэрлэнгийн барьяа”, “Түмэн эх”, “Өвгөн шувуу хоёр”, “Дуртмал сайхан”, “Бор борын бялзуухай”, “Саруул тал” зэрэг дуунаас гадна монгол ардын богино дуу “Баян Монгол”, “Үхэрчин хүү”, “Үлэмжийн чанар”, “Манарч байгаа шил”, “Ганган хар морь”, “Гоолингоо”, “Ян тайван гөөгөө” зэрэг дуу түүнчлэн “Дөрвөн цагийн тал” зэрэг шинэ цагийн шилдэг, сонгомол дуунуудыг дуулсан нь дууны урлагийн алтан санг баяжуулжээ. Түүний уянгалаг цээл хоолой Франц, Дани, Орос, Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Бангладеш, Герман, Итали, Швейцарь, Чехословак, Унгар, Болгар, Польш, Югослав, АНУ зэрэг дэлхийн олон арван улс оронд шуранхайлж, монгол ардын уртын дууны гайхамшгийг таниулж, бишрүүлж байв.
“Уяхан замбуутивийн наран” дуу бол Н.Норовбанзад гуайн дуулсан хамгийн алдартай дууны нэг. Энэ л дууг нь сонссон дэлхийн олон орны хүмүүс монгол ардын уртын дууны тэнгэрлэг ид шид, монгол дуучны хоолойн цараа, цээл ярууг гайхан биширдэг.
“Би ер нь хаанахын хэн ч бай хүн олонд дуугаа зориулж явахдаа жаргалтай байдаг. Ард олныхоо хайр ивээлийг өдөр тутам хүртэж явна. Тэр дундаа “Уяхан замбуутивийн наран” дуугаа дуулахдаа нэгэн ер бусын гайхамшигт ертөнцөд нисэн хүрэх мэт болж, үлэмж жаргал эдэлдэг юм даа” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.“Сэрүүн сайхан”, “Уяхан замбуутивийн наран” дуу нь давтагдашгүй урлаг болсныг манайд төдийгүй дэлхийд ч гайхан биширдэг. Эдгээр дуугаараа Норовбанзад давтагдашгүй дээд амжилт тогтоосон хэмээн ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, судлаач Н.Жанцанноров тэмдэглэсэн нь бий.
Монгол ардын уртын дууны давтагдашгүй уран бүтээлч төдийгүй ардын уртын дууг урлагийн тайзны урлагт хүргэн хөгжүүлэн, мөнхжүүлж өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгосон энэ гайхамшигтай дуучин нэгэн насны амьдралаа ардын урлагтаа зориулж, зуун зуунд дуурьсах дуун хөшөөгөө босгосон юм.
Түүний дуулахыг сонссон гадаадын хөгжим судлаачид, “Хүний хоолой яаж ийм хүчтэй өнгийг гаргаж огцом, намуун тайван тэгсэн атлаа цохилго, чичирхийлэлттэй дуурьсана вэ” хэмээн шагширдаг.
Үнэхээр тэрээр уртын дууг тэнгэрээс харамгүй хайрласан ид шидэт хоолойгоор дуулдаг байв. ОХУ-ын урлаг судлаач В.Кондаков “Советская Россия” сонины 1986 оны 172 дугаарт “Гайхамшигтай, түүний дуу хүний боломжоос хэтэрчээ. Тайзан дээр нэг биш хэд хэдэн хүн дуулах мэт сэтгэгдэл төрнө” гэсэн бол Японы 11 сая уншигчтай “Асахи” сонины 1993 оны нэгэн дугаарт, “Бурхнаас заяасан хоолойтой дуучин” гэж үнэлсэн байдаг. “Ленинградская правда” сонины 1976 оны 21 дугаарт “Өргөн дэлгэр аялгуу аажимхан дуурсана. Энэ аялгуунд уужим тавиун тал, уулын тунгалаг горхины мөнгөн хонх шиг чимээ, морины яарамгүй хатирааг агуулжээ. Тайзан дээр монголын уртын дууны мастер, ардын жүжигчин Н.Норовбанзад дуулж байна. Түүний аугаа их ур чадварт Прага, Софи, Бухарест, Варшав, Берлин, Парисын үзэгчид алга нижигнүүлэн ташиж байлаа” хэмээн үнэлсэн байна.
“Мэйничи Дейли ньюс” сонины 1992 оны есдүгээр сарын 11-ний дугаарт “Монголын онцгой дуучны хоолойн цараа хүрээ нь тэнгэрээр хэмжигдэх ажээ” гэсэн гарчигтай нийтлэлдээ “Түүний цээл хоолой намуухнаар эхлэн төдөлгүй өгсөн тэнгэр өөд цойлж уран гоё нугалаа, жиргээ, цохилтоор чимэгдэн хөвөлзөнө. Хоолойн цараа нь өөрсдийнхөө хоолойг күбүши шинжтэй гэж үздэг Японы “Мин ёо” дуучдыг санагдуулах боловч Норовбанзадын хоолойн хүч чадал, цар хүрээ нь зүйрлэшгүй агуу авай. Хязгааргүй хэмжээлшгүй гайхамшигт хоолойгоор дуулагдаж байгаа дуу нь болор хундага хагаран жингэнэх байдлаар төсөөлөгдөн чихэнд хангинана. Хэрэв тэр ВОМАД (дуу хөгжмийн дэлхийн аваргын тэмцээн) фестивалд оролцох бололцоо тохиосон бол Нустар, Али хан, Салир Кета нарыг түвэггүй ардаа орхих дуучин мөн” гэж бичиж байв.
Эх сурвалж: Нэр дэвшигч Б.Дэлгэрмаагийн сонгуулийн штаб
 
скачать dle 12.0

Санал болгох