Цаг ухрааж, урагшлуулснаар юу хожив?

🕔 2016/03/17 10:42
Цаг ухрааж, урагшлуулснаар юу хожив?

Энэ сарын 26-27-нд шилжих шөнө улс даяар цаг урагшлуулж, зуны цагийн хуваарьт шилжинэ. Манай улс анх Европын орнуудыг дууриаж 1985-1999 онд  цагийг урагшлуулж, ухрааж хэрэглэсэн.  Сайн, муу талыг нь бишгүй, ярьж, бичсээр больсон ч өнгөрсөн жилээс Засгийн газар дахин хэрэглэх шийдвэр гаргасан.  Ингэхдээ "Өдөр уртсаж байгаатай холбоотойгоор нарны гэрлийг ашиглан хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгаа өсгөх,  цахилгаан, эрчим хүч хэмнэх, гэмт хэргийн гаралт буурах гэхчлэн сайн талтай” гэсэн гоё үгс уриа  нь болж, хотын даргаас эхлээд тоть шиг давтаж байв. Тэгвэл, цаг ухрааж, урагшлуулснаар бид юу хожив? Энэ талаар тооцоо, судалгаа  байна уу?

Харамсалтай нь ийм амжилт гарлаа, тийм дэвшил авчирлаа гэсэн тоймтой тоо баримт алга. Бараан талын бас ч гэж эргэж харууштай мэдээллүүд харин байдаг юм байна. Манай улс аль 2006 онд цаг урагшлуулснаар 140 сая төгрөгийн цахилгаан хэмнэсэн гэсэн тооцоог Диспетчерийн үндэсний төв гаргаснаас хойш шинээр судалгаа хийгээгүй аж. Гэтэл энэ салбарын мэргэжилтнүүд, тухайлбал III цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны орлогч дарга, Санхүүгийн болон Эрчим хүчний хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Дорж гэдэг хүн  тухайн үед цахилгааны ямар ч хэмнэлт хийгээгүй, хэн ч тооцож гаргаагүй гэдгийг хэлсэн  байх юм.  Хөдөлмөрийн бүтээмж өссөн гэсэн аман яриа л байхаас яг ингэж өссөн гэсэн нэг ч  тоон үзүүлэлт алга. Бусад улс энэ талын судалгааг цогцоор  хийж  ирсний дотор ОХУ-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тогтоож, хүн амын 75 хувь нь эрхтэн системийн хямралд орж, зүрх судасны өвчлөл өсдөг болохыг тогтоожээ.

Тэгвэл цаг шилжүүлс­нээр хүний ажлын чадвар 10-15 хувь буурдаг болохыг хроно биологи, био хэмнэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, академич Л.Лхагва ярьж байна.

Гэмт хэргийн гаралт бууралтын тухайд нийт гэмт хэргийн 90 орчим хувь нь шөнө, оройн цагаар үйлдэгддэг гэсэн судалгаа байгаа ч цаг урагшлуулснаар хэргийн гаралт буурсан гэсэн тайлан мэдээлэл алга. Эрүүл мэндийн салбарт ямар нөлөөтэй болохыг тодруулахаар төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг,  эрүүл мэндийн байгууллагуудаас лавлагаа авахад "Цаг урагшлуулж, ухраахтай холбогдуулж юм хэлмээргүй байна. Ер нь бол хавар, намрын улиралд зүрх судасны өвчлөл нэмэгддэг. Ачаалал ч  их байдаг” гэсэн хариу өгч байна.Улирлын байдалтай холбоотой юу, цаг урагшлуулж ухраах нөлөөлсөн үү гээд үзвэл  аль алиных нь нөлөө байх магадлалтай аж. Тиймээс  төр аливаа асуудлаар  муйхар шийдвэр гаргах бус  судалгаатай хандаж, эрдэмтэн судлаачдаа сонсч байвал яасан юм бэ. Цаг урагшлуулах шийдвэр гаргаснаас хойш юу хожсоноо тайлагнавал яасан юм бэ, Ерөнхий сайд аа.

Ч.Зотол

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох