Шүүх: “Капитал банк”-аас НДС-гийн мөнгийг эхэлж авах ёстой гэж дүгнэв
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй “Капитал банк”-ны эрх хүлээн авагчдад холбогдох, тус банкнаас төлбөр авагч нарт олгох дарааллыг үндэслэлгүй тогтоосныг өөрчлүүлэх тухай гомдлыг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцсэн байна.
Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчдын гаргасан тайлбар, банкны эрх хүлээн авагч, НДЕГ-тай байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4-т заасныг удирдлага болгон Банкны тухай хуулийн 73.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын сангийн “Капитал банк” ХХК-д байршиж байсан мөнгөн хадгаламжийн 104 206 000 000 төгрөгийг Банкны тухай хуулийн 73.1.8-т заасан Засгийн газар төлөх өр төлбөр, албан татвар гэсэн дараалалд оруулсныг хүчингүй болгож, мөн хуулийн 73.1.5-т зааснаар даатгагдаагүй хадгаламжийн төлбөрийн дараалалд оруулахыг “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалгалаа.
Дашрамд сонирхуулахад, Нийгмийн даатгалын ерөнхий газар нэхэмжлэлийн шаардлагадаа “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны есдүгээр сарын 19-ний А/69 дугаартай тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан Банкны тухай хуулийн 73.1.8-д заасан дараалалд бүртгэгдсэн НДЕГ-т хамаарах 104 140 699 902.46 төгрөгийг хүчингүй болгуулах, мөн банкны эрх хүлээн авагчийн 2019 оны арваннэгдүгээр сарын 01-ний 2050 дугаартай албан бичгээр баталгаажсан 6 000 000, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны 99 дугаартай албан бичгээр баталгаажсан 60 000 000 төгрөг, нийт 104 206 699 902.46 төгрөгийг Банкны тухай хуулийн 73.1.5-т заасан дараалалд хамруулан бүртгэхийг даалгахыг хүссэн юм.