Дархан-Уул аймагт бордооны үйлдвэр байгуулжээ
Дархан-Уул аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар гурван чиглэлийн төлөвлөгөө боловсруулж ажиллажээ. Энэ хүрээнд өвөлжилтийн бэлтгэлээ шат шатанд сайн базаасан гэж аймгийн удирдлагууд дүгнэж байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа
-Өвөлжилттэй холбоотой танай аймагт тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Аймгийн хэмжээнд өмнөх жилүүдээс цас багатай өнтэй сайхан өвөл болж байгаа ч зарим шугам сүлжээг засч сайжруулах ажил бий. Дархан хотод 220-230 км цэвэр усны шугам байдаг. Үүний 65 хувь нь 40-50 жилийн насжилттай. Эвдрэл, гэмтэл их гарч байна. Тухай бүрт нь өөрсдийнхөөрөө засварлаад гэмтлийг засч ажиллаж байгаа. Энэ асуудлаар Барилга хот байгуулалтын яаманд санал тавьсан. Дэд бүтцийн байгууллага төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Одоогоор доголдсон зүйл алга.
-Аймгийн хэмжээнд газар тариалангийн чиглэлийн төслүүдийг хэр дэмжиж ажилладаг вэ?
-Манай аймаг нүүдлийн мал аж ахуй эрхлэх боломж муутай. Засгийн газраас Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон сумыг тариалангийн бүс нутаг гэж зарласан. Энэ хүрээнд нүүдлийн мал ахуйгаас аль болох татгалзаж, эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан эрхлэх боломжийг эрэлхийлж байна. Засгийн газраас эрчимжсэн мал аж ахуйн хөтөлбөр батлагдсан. Аймаг үр, бордооны хөтөлбөр батлаад ажиллаж байна. Төмс хүнсний ногооныхоо талбайг бордох чиглэлээр Инновоцийн тухай хуулийн дагуу гарааны компани байгуулсан. Төрөөс ч дэмжлэг үзүүллээ, ямар ч байсан манай аймаг бордооны үйлдвэртэй болсон. Энэ нь газар тариаланд нэлээд нэмэр болж байна.
-Засгийн газраас Орхон, Хонгор сумыг газар тариалангийн бүс нутаг болгосон гэж та хэллээ. Тухайлбал, Орхон суманд нарийн ногоо эрхэлж буй иргэдэд ямар дэмжлэг үзүүлж байна?
-Орхон суманд 1200 орчим га-д төмс, хүнсний нарийн ногоо тариалдаг. Ер нь айл, өрх бүр дор бүрнээ хүнсний ногоо тариалдаг сумын нэг л дээ. Аймаг орон нутгийн зүгээс ч энэ чиглэлд дэмжиж ажиллахыг хичээдэг. Өнгөрсөн намар ургац хураалтын үеэр бороо их орсон. Энэ үеэр оюутан сурагчдыг дайчлах аймгийн Засаг даргын шийдвэр гарч ургац хураалтад ажиллуулсан байх жишээтэй.
http://eagle.mn/r/55362