Дархан-Уул аймгийн Орхон сумыг Алтан гадас одонгоор шагнав

🕔 2018/07/27 17:32

Дархан-Уул аймгийн Орхон сумыг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долоодугаар сарын 26-ны өдөр зарлиг гаргаж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах, өрхийн аж ахуйг хөгжүүлж, улс орондоо оруулсан сумын нийт иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Дархан-Уул аймгийн Орхон сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

 

 

Шагналыг өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж, одонг Орхон сумын туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгөв.

 

Дархан-Уул аймгийн Орхон сум нь анх 1968 онд Сэлэнгэ аймгийн Орхон Шарын голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуй нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ.

 

Орхон сум нь 44177 га талбай бүхий нутаг дэвсгэртэй, 3269 хүн амтай, нийт хүн амын 80.9 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг байна. Мөн сумынхан газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг буюу сумын 468 өрхийн 2000 орчим иргэн газар тариалангийн үйлдвэрлэл, зөгийн аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, жилдээ 13-17 мянган тонн ургац хураан авдаг байна.

 

Мөн өрх бүр үйлдвэрлэгч байж хөрш зэргэлдээ Сэлэнгэ аймаг болон Дархан сумаас ажилгүй иргэд, их дээд сургууль, коллеж, МСҮТ-өөс оюутнуудыг оролцуулан хаврын тариалалтаас намрын ургац хураалт дуустал 1200 гаруй хүнийг түр ажлын байраар хангаж, дунджаар 1.6-2 тэрбум төгрөгийн ажлын хөлс олгосон байна.

 

Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуйг хослуулан хөгжүүлж байгаа бөгөөд 40330 толгой малтай, 1601 бүл зөгийтэй жилдээ 42465 литр зөгийн бал хураан авч зах зээлд нийлүүлдэг байна. Мөн жил бүр салбарын яамнаас нь зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд амжилттай оролцож 2007, 2009, 2010, 2012, 2014, 2015 онуудад хүнсний ногоо тариалагч "Шилдэг сум”-аар шалгарч байжээ. 2017 оны байдлаар Дархан-Уул аймгийн Орхон сумынхан Монгол Улсынхаа хүнсний ногооны хэрэгцээний 19.8 хувийг дангаар хангасан байна.

 

скачать dle 12.0

Санал болгох