Өнөөдрөөс НДШ нэг, тамхи согтууруулах ундааны албан татвар 5 хувиар нэмэгдэнэ

🕔 2019/01/02 10:18

Шинэ оны эхний өдрөөс буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх онцлох хуулийн талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдэнэ

Манай улс 2017 оны тавдугаар сард Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд зарим төрлийн татварыг үе шаттай нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэхээр болсон. Өнгөрсөн 2018 онд НДШ-ийг хоёр хувиар нэмсэн. Ажилтан 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 оноос хоёр, хоёр хувиар нэмж, 12 хувьд хүргэсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ  тус бүр нэг хувиар нэмэгдэж байна.

Ирэх 2020 онд тус бүр хоёр хувиар нэмэхээр тусгасан. Ингэснээр 2020 он гэхэд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд НДШ-ийн хэмжээг нийтдээ таван хувиар нэмж, 15 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

Тамхи, согтууруулах ундааны албан татварыг  таван хувиар нэмнэ

НДШ-ээс гадна тамхи, согтууруулах удааны татварыг  2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар нэмэхээр тооцож байгаа юм. Өмнөх 2018 онд тамхи, согтууруулах ундааны татварыг 10 хувиар нэмсэн юм. 2019 онд тамхи, согтууруулах ундаанаас нийт 394.5 тэрбум төгрөгийн онцгой албан татварын орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байна.

Согтууруулах ундаа, мансууруулах бодист донтсон нь нотлогдвол албадан эмчилнэ

Өнөөдрөөс согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулахаар болж байна.

2018 оны арваннэгдүгээр сард баталсан уг хуулиар албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийх бөгөөд албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно хэмээн заажээ.

Банкууд иргэдийн орлогын 70 хувийг үндэслэн   зээл олгоно

Өнөөдрийг хүртэл арилжааны банкууд иргэдийн орлогыг 100 үндэслэн цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээлийг олгож ирсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс арилжааны банкуудын зээлтэй холбоотой гурван шинэ зохицуулалт хэрэгжинэ. Мөнгөний бодлогын хорооны хурлаар иргэдийн өр орлогын харьцаанд 70 хувийн хязгаар тогтоох, ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацаанд 30 сараар хязгаар тогтоох шийдвэр гаргасан. Мөн валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгож өсгөхөөр шийдвэрлээд байгаа юм. Хэрэглээний зээлд хязгаар тогтоосноор иргэдийн өрийн дарамт буурахад үр дүнгээ үзүүлнэ гэж эдийн засагчид үзэж байгаа.

 

 


скачать dle 12.0

Санал болгох