Шилдэг гэрэл зураг: “Бурханд мартагдсан хүү”
Герман дахь НҮБ-ийн Хүүхдийн сан дэлхий даяар амьдарч байгаа янз бүрийн үндэстний хүүхдүүдийн бодит амьдралын тухай хамгийн сайн дүрсэлсэн оны шилдэг зургуудыг шалгаруулдаг уламжлалтай байна.
Энэ жилийн шилдэг гэрэл зургийн уралдааны гол зорилго нь олон нийтийн тэр бүр анзаардаггүй жижиг үндэстэн ястны зовж зүдэрсэн болон зөрчил мөргөлдөөн, хямралын улмаас гэр бүлийнхнээсээ хагацсан хүүхдүүдэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах байжээ.
Бурханд мартагдсан хүү /Тэргүүн байр/
Антонио Арагон Ренунсио гэдэг хүний авсан хөлдөө үений бэхэлгээтэй хүүгийн бодолд дарагдан, ганцаараа сууж байгаа энэхүү зураг энэ жилийн шилдгээр шалгарчээ. Зураг дээрх хүү нь өмнөд африкийн Тогогийн Бүгд Найрамдах улсад төрсөн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэйн улмаас гэр бүлийнхэндээ хаягдан, асрамжийн газар ирээд байгаа нь энэ юм. Того нь улс төр эдийн засгийн асар их хямралд өртсөн, дотоодын тогтворгүй байдал нүүрлэсэн газар аж.
"Энэ жилийн шилдгээр шалгарсан зурган дээрх хүү хэдий зовж зүдэрсэн ч нүдэнд нь итгэл найдварын оч харагдаж байгаа нь гайхалтай юм. Ямар ч хэцүү нөхцөл байдал тулгарсан хүүхдүүд гэнэн цагаахан агаад дотроо асар их хүч чадлыг агуулсан хэвээр, мөн амьдралд дахин итгэх итгэл найдвар нь бөхөөгүй байдаг нь харагдаж байна” хэмээн тус уралдааны шүүгч Элкэ Бюденбергер хэлжээ.
Хөлдөө үений бэхэлгээ зүүсэн зураг дээрх бяцхан хүүг эцэг эх нь голон, хаяжээ. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Того улсад "бурханд мартагдсан”, "чөтгөр” хэмээн нэрлэдэг байна. Тогогийн Бобоуака хот дахь асрамжийн газарт түүнтэй адил 70 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдардаг ажээ. Харин Испанийн гэрэл зурагчин Антонио Арагон Ренунсио тус асрамжийн газар очихдоо хүүгийн бодолд дарагдан сууж буй төрхийг нь олж хараад, зургийг нь дарсан байна.
Хэний ч үл мэдэх хүү /Хоёрдугаар байр/
Зураг дээрх төрөөд 18-хан хонож буй хүүгийн зургийг Бангладешийн зурагчин дүрвэгсдийн хуаранд даржээ. Хүүг тусламжийн байгууллагынхны өгсөн өнгөлөг хөнжлөөр ороосон байна. Түүний ээж нь Мьянмарын хавчин гадуурхагдсан үндэсний цөөнх болох Рохинжа үндэстэн бөгөөд хүүгээ Бангладеш руу дүрвэн ирэх замдаа төрүүлсэн аж.
Тиймээс хүүд аль нэг улсын иргэншил авах нь байтугай төрсний гэрчилгээ ч авах боломж олдоогүй, мөн төрөөд 18 өдөр болсон ч эх нь түүнд нэр хайрлаагүй байв. Мөн цаашдаа энэ хүү хаана амьдарч, хэрхэн сургуульд сурах нь тодорхойгүй байгаа юм.
Хоёр үндэстний дунд сууж буй хүү /Гуравдугаар байр/
Харин уралдааны гуравдугаар байрын шагналыг Израилын зурагчин Рина Кастелнуово "хоёр үндэстний дунд сууж буй хүүхэд” зургаараа авсан байна. "Хамас” бүлгийн босогчийн хүү Мухаммед нь 2009 онд газын зурваст /Израил, Палестин/ төржээ. Ховор төрлийн дархлааны өвчтэй тус хүү нь Израилын эмнэлэгт хүргэгдэн, гар хөлөө бугуй болон шагайгаараа тайруулах шаардлагатай болсон аж.
source: news.mn