ХОЁР ГОЛ ТОГЛОГЧИЙН ШАГЛАЛТ
Стокгольм дахь Олон улсын энх тайвны судалгааны институтын ахлах судлаач Питер Виземаны хэлснээр олон улсын зэвсгийн худалдааны зах зээлд жилд 100 тэрбум ам.доллар эргэлдэж, Хүйтэн дайны эрин үе дууссанаас хойших хамгийн өндөр цэгт хүрээд байна.
Одоогийн байдлаар Сири, Иемен зэрэг улсад иргэний дайн идэвхтэй өрнөж байгаагаас гадна бүс нутагт нөлөөлөл тогтоох, хилийн маргаан, үндэстний мөргөлдөөний агуулга бүхий дайн тулааны халуун цэгүүд дэлхийн өнцөг булан бүрт бий болжээ. Дайн тулаан болон зэвсэгт тэмцэл бие биенийхээ угтвар болсон энэ нөхцөл байдалд хамгийн их ашиг олж байгаа нь их гүрнүүд. Үүнд, АНУ, ОХУ, БНХАУ гэсэн одоогийн дэлхий ертөнцийн гурван том тоглогчийг онцлох нь зүйтэй. Эдгээр гурван их гүрний ашиг сонирхлын зөрчил хурцадсаар байгаа. Магадгүй XXI зууны түүхийн хүрд эргэх цаг тун ойрхон ирээд байж ч болох юм. Ямартай ч нэрт геополитикч З.Бжезинскийн тодорхойлсон шатрын хөлөгний гурван тоглогчийн хоёр нь "тун эвгүй” нүүдэл хийснийг уншигч та анхааралдаа авах буй за.
ОХУ: "ШАГ”
Өнгөрсөн долоо хоногт Ойрхи дорнодод тохиолдсон үйл явдлууд дундаас Сирийн газар нутагт ОХУ-ын онгоцыг сөнөөсөн явдал олон улсын ажиглагчдын анхааралд орсон гол үйл явдал байсан юм. Улс орнууд асуудал хэрхэн шийдэгдэхийг анхааралтай ажиглах зуур цаг хугацааны хувьд дараах дарааллаар Сири дэх драм үргэлжилсэн.
Юуны түрүүнд Сири Улсын Ерөнхийлөгч Башар Ассад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс уучлалт гуйв. Удалгүй шинжээчдийн дүгнэлт гарч уг хэрэгт ОХУ Израилыг шууд бус байдлаар оролцсон хэмээн буруутгав. Мэдээж Израилын удирдлагууд энэхүү мэдэгдлийг үгүйсгэсэн. Харин өнөөдөр Москвагаас хоёр долоо хоногийн дотор алдарт "S-300” загварын пуужинт системээр Сирийн нисэх хүчнийг хангахаар болсныг мэдээллээ.
Цагаан ордны зүгээс ОХУ-аас үйлдлээ эргэн хараасай хэмээн хүсч байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон энэхүү шийдвэрийг "Сирид долоон жил үргэлжилж байгаа дайныг ноцтой хэмжээнд өргөжүүлсэн хэрэг боллоо” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр Нью-Йорк хотын сэтгүүлчид энэ талаар тодруулахад "Ямар нэг үл ойлголцол гарсан байх учиргүй. Сири болон Ливан дахь халдлагад хариуцлага хүлээх, мөн Оросын онгоцыг буудсан этгээд бол иран” гэжээ. Түүнчлэн "Иран Улс Сирийн газар нутгийг орхиогүй цагт АНУ-ын Батлан хамгаалах яам идэвхтэй байдалд байсаар байх болно” гэв
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэлэхдээ, Москва урьд нь Израйлд өгсөн амлалтдаа хүрч, Сирийн газар нутагт ”S-300” оруулж байгаагүй боловч цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд "зүй ёсны хариу арга хэмжээ” авахаас өөр аргагүй болсон гэв. Өнгөрсөн долоо хоногт болсон ослын үеэр ОХУ-ын 15 цэрэг амь үрэгдсэн юм. Сергей Шойгу "Орчин үеийн ”S-300” агаарын хамгаалалтын цогцолбор Сирийн зэвсэгт хүчинд хоёр долоо хоногийн дотор шилжүүлэгдэнэ. Пуужинт цогцолбор Сирийн армийн тулалдах чадамжийг эрс нэмэгдүүлнэ” хэмээн дүгнэсэн байна.
Кремлээс мэдээлснээр Ерөнхийлөгч Путин шийдвэрийнхээ талаар Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай санал солилцсон гэнэ. Ерөнхий сайд Бенжамин "хариуцлагагүй тоглогчдод” өндөр түвшний зэвсгийн цогцолбор өгөх нь бүс нутагт учраад буй аюул заналхийллийг өндөрсгөх эрсдэлтэй хэмээн Ерөнхийлөгч Путинд хэлсэн талаар түүний хэвлэлийн алба мэдээлэв. Тэрбээр "Золгүй тохиолдлын хариуцлагыг онгоцыг буудаж унагаасан Сирийн арми, бүс нутгийн зөрчилдөөнийг хурцатгасаар байгаа Иран хоёр үүрэх ёстой” хэмээгээд Израил Улс аюулгүй байдал болон ашиг сонирхлоо үргэлжлүүлэн хамгаална гэдгээ мэдэгдсэн байна.
Сирийн Засгийн газрыг тус улсын босогчид болон зэвсэгт тэмцэгчдээс хамгаалсаар ирсэн ОХУ онгоцны ослын талаар дараах дүгнэлтийг гаргасан:
-ОХУ-ын "IL-20” загварын онгоцыг тандалт хийж байх зуур түүний ойролцоо нэгэн байг Израилын сөнөөгч онгоцнууд устгаснаас үүдэн Сирийн агаараас хамгаалах хүчний их бууны анги тооцоололдоо алдаа гарган ОХУ-ын онгоцыг сөнөөсөн байна. Москва осол үүсэх аюултай нөхцөл байдал бий болгосон үндэслэлээр Израилыг ийнхүү буруутгажээ.
Израилын зэвсэгт хүчин Сирийн хямралын үеэр цөөнгүй удаа ОХУ-тай "гар зөрүүлээд” байгаа. Түүнчлэн Сирийн агаарын орон зайд удаа дараалан агаарын довтолгоо хийж буй Израил Улс ослын дараа Оросын зэвсэгт хүчинтэй үүсээд буй зөрчлийг бууруулах тал дээр анхаарна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ бууруулна гэдэг нь зогсооно гэсэн үг хараахан биш, харин дам байдлаар үргэлжилж байгаа тулаанаас аль болох зайлсхийнэ гэсэн утгатай.
2011 онд албан ёсоор эхэлсэн гэж үзэж болох Сирийн хямралын суурь тавигдах үеэс л Израилын эрх баригчид боломжит бүхий л аргаар "S-300”-г Сирийн газар нутагт нэвтрүүлэхгүй байхыг хичээж байв. Тэдний зүгээс Сири дэх Ираны зэвсэгт хүчин болон Хезболлагийн (Ливанд байрлалтай Шиа урсгалын исламын шашинт улс төрийн хүчин, зэвсэгт хүчний байгууллага) эсрэг явуулах нисэх хүчний үйл ажиллагааг хязгаарлана гэж болгоомжилж байгаа юм.
ОХУ-ын шийдэмгий нүүдэл дайны үр дүнг шийдвэрлэх хэмжээний үр дүн авчрах боломжтой ч фронтын "нөгөө тал”-д харьцангуй бэлтгэлтэй байгаа бололтой. Израилын Тагнуулын ерөнхий газрын дарга асан Амос Ядлины жиргээг энд хүргэе. Амос Ядлин:
-ОХУ-ын онгоцыг буудаж унагаасан хэрэгт Израилыг буруутгасан явдал бол дипломат шахалт үзүүлж, Орос ба Сирийн офицеруудын үүрэг хариуцлагыг далдлах гэсэн хуурамч мэдээ. "S-300” цогцолборыг Сирийн мэргэжлийн бус операторууд удирдана. Ингэснээр ОХУ-ын нисэх хүчин, Израил, АНУ-ын эвслийн хүчин, бүр цаашлаад иргэний агаарын тээвэрт ч томоохон эрсдэл тулгарч байгаа юм. Израил сүүлийн 20 жилийн турш энэ заналхийлэлд бэлтгэж ирсэн учраас хэрхэн зохицуулахаа мэднэ.
Итгэл болон түгшүүр дагуулсан "S-300”
ЗХУ-ын үед анх үйлдвэрлэгдэж байсан "S-300” пуужинт цогцолбор орчин үежиж, өөр чадамж бүхий хэд хэдэн хувилбартай болсон. Тусгай хамгаалалт бүхий тээгч машинд суурилуулсан пуужингууд нь нисэх онгоц, богино болон дундын тусгалтай пуужинг устгаж чадна.
Москва дахь Зэвсэгт хүчин ба улс төрийн шинжилгээний институтын судлаач Александр Храмчикин хэлэхдээ "S-300” Ираны зэвсэгт хүчний Сири дэх чадамжид ноцтой нөлөөлнө” гэв. Оросын армийн хурандаа асан Карнеги Москва төвийн удирдагч Дмитрий Тренин "ОХУ-ын нэгжүүдийн ойролцоо Израилын арми анхаарлаа илүү төвлөрүүлэх шаардлагатай болж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков зэвсгээр хангах үйл ажиллагаанд аливаа гуравдагч орон хамааралгүй болохыг мэдэгдээд "ОХУ зэвсэгт хүчнийхээ аюулгүй байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой хэрэг. Манай цэргийн мэргэжилтнүүдийн дүгнэлтэд эргэлзэх зүйл байхгүй. Израилын нисгэгчдийн төлөвлөгөөт үйлдэл бол энэ эмгэнэлт явдлын шалтгаан. Харин хоёр улсын харилцаанд сэв суухгүй байх нөхцөл үгүй” гэж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдээлсэн байна.
АНУ: "ШАГ”
Пентагоны мэдээлснээр АНУ-ын Төрийн департмент "F-16” сөнөөгч онгоцны сэлбэг, мөн бусад цэргийн онгоцыг нийлбэр дүнгээр 330 сая ам.долларын үнээр Тайваньд борлуулахаар болсон байна.
БНХАУ-ын захиргаа нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг хэмээн үздэг Тайваньд АНУ зэвсэг худалдаалахаар болсон, тэр дундаа хямдралтай үнээр худалдахаар болсон мэдээ дэлхийн эдийн засгийг тодорхойлогч хоёр гүрний харилцааг цочирдолд оруулсан нь лавтай. Тайвань худалдааны нарийн төлөвлөгөөг АНУ-ын компаниудтай тохиролцох дутуу байгаа юм.
"Энэхүү худалдаа АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод хүлээн авагч талын батлан хамгаалах чадамж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх бөгөөд цаашид бүс нутгийн эдийн засгийн өсөлт, зэвсэгт хүчний тэнцвэр, улс төрийн тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлнэ” хэмээн Пентагоны Хамгаалалтын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлагийн гаргасан мэдэгдэлд дурдагдсан байна.
АНУ-ын бүтээсэн зэвсгээр тоноглогдсон Тайвань Вашингтоноос илүү дэвшилтэт технологийн зэвсэг хүсэх болсон явдал, АНУ-ын Тайваньд чиглэсэн санаархлыг БНХАУ сэжиглэнгүй ажиглаж байгаа нь лавтай. Өнөөдөр Тайваний Ерөнхийлөгчийн албанаас АНУ-ын үзүүлж буй тусламжид талархлаа илэрхийлж, арлын зүгээс харилцаа холбоо болон хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийг хүсч байгаа талаар мэдэгдсэн. Үүнд аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал мэдээж хамаарна.
Цэргийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Тайвань болон Хятадын хүчний тэнцвэр Хятадын талд шийдэгдсэн. АНУ-ын зэвсэгт хүчин ирж туслахгүй л бол БНХАУ-ын зэвсэгт хүчин арлыг тун богино хугацаанд эзлэх чадамжтай. Дээр дурдсан 330 сая ам.долларын худалдаанд "F-16”, "C-130”, "F-5”, "IDF” болон бусад нисэх онгоцны цогцолбор, дэд цогцолборууд багтсанаас гадна ложистик, програм хангамжийн элементүүд багтсан аж. Конгресст худалдааны тайланг хүргүүлсэн талаар Пентагоны мэдэгдэлд дурдсан байна.
Америкийн мэргэжилтнүүд эдгээр дэвшилтэт зэвсгүүд бүс нутгийн хүчний тэнцвэрт өөрчлөлт үүсгэхгүй гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Тайваний хамгаалалтад зайлшгүй шаардлагатай гэж үзсэний улмаас худалдааны саналыг боловсруулсан гэнэ. Уг шийдвэр "ВОСТОК 2018” цэргийн сургуулилалтын хариу арга хэмжээ байх бүрэн боломжтой. Ямартай ч НҮБ-ын Ерөнхий ассамблей, Аюулгүйн зөвлөл энэхүү хоёр шийдвэрийг хэлэлцэх нь лавтай. Энэ талаар үргэлжлүүлэн хүргэх болно.