Дарханы замд зарах 60 саяыг 300 саяар шийдүүлж болох байсан юм шүү дээ, уг нь
Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл манай улсад 2017-2020 оны хооронд нийтдээ нэг тэрбум 350 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан юм.
Энэ мөнгөний эхлэл нь "нийгмийн халамж, банкны салбарыг хямралаас сэргийлэх” гэсэн шошготой 250 сая ам.доллар байв. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн нэг зориулалт нь эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх. Түншлэлийн стратеги хэрэгжих хугацаанд жилд дунджаар 300 орчим сая ам.долларыг Монгол руу шилжүүлнэ гэсэн тооцоо, төлөвлөгөө бий. Энэ мөнгөний тал нь бодлогын зээл байна гэсэн тохироо байгаа. Нэг хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай зээл гэдэг бол боломжийн нөхцөлтэй валютын эх үүсвэр. Сүүлд гэхэд Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталлаа.
Энэ мөнгө Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замын их засварт зарцуулагдана. Нийтдээ 311 км замыг энэ мөнгөөр шинэчилнэ гэж буй. Орос, Хятадыг холбоход чухал үүрэгтэй Дарханы зам там болоод удаж байгаа. Шинэчилж, их засвар хийнэ гэдэг нэрийн доор нөхөөс тавьж нүд хуурахын оронд нэг талдаа хоёр эгнээтэй, нийтдээ дөрвөн урсгалтай шинэ зам барьчих хэрэгтэй л дээ.
Азийн хөгжлийн банкийг том мөнгөн дүнтэй санхүүжилт өгч байгаа дээр нь нэг жилд орж ирэх 300 сая ам.долларыг тэр чигт нь Дарханаас Улаанбаатар чиглэлийн замд зарцуулчихад болохгүй гэх газаргүй. "Ийм зам барьчихвал манай улсын эдийн засгийн өсөлтөд хэрэгтэй, хоёр улсыг холбосон транзит тээвэр хийх боломж бүрдэнэ, тэгвэл бүр их мөнгө олно, зам дагаад ядуурал, ажилгүйдэл арилна” гэх мэт үндэслэл шалтгаануудыг тоо, баримттай нь гаргаад өгвөл Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл татгалзахгүй.
Ер нь их мөнгөний сураг сонсогдохоор УИХ дээр бужигнаад эхэлдэг. Жижиг тойргуудаас сонгогддог болохоор гишүүн бүр тойрог руугаа хэдэн төгрөг өгүүлэх гээд зүтгэдэг нь нууц биш. Энэ мөнгөний сургаар гэхэд л Хөвсгөлд хэдэн жорлон, Хэнтийд хөшөө барина гэх мэт дэмий яриа өрнөсөн. Лав л сүүлд гурван сая ам.доллараар БОАЖЯ, Азийн хөгжлийн банктай хамтарч Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт 50 ширхэг жишиг жорлон байгуулсан. Жорлонгоос өөр зам гэх мэт эдийн засагт шууд утгаараа эерэг нөлөө үзүүлдэг зүйлд зарсан бол илүү дээр шийдэл болох байсан нь ойлгомжтой. "Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслийн хүрээнд Хөвсгөл орчимд хатуу хучилттай болон сайжруулсан шороон зам барих, дугуйн зам тавих, цэвэрлэх байгууламж барих, автомашины зогсоол, мэдээллийн төв байгуулах, зарим зам гүүрийн Азийн хөгжлийн банкны мөнгөний 35 сая нь зарцуулагдах юм билээ. Үлдсэн гурван сая ам.долларыг нь Хан Хэнтий, Орхоны хөндий, Өгийнуурын байгалийн аялал жуулчлалын бүсийн ТЭЗҮ боловсруулахад зарцуулахаар төлөвлөөд буй. Хөвсгөлийг жорлонжуулах, Хэнтийд хөшөө барих нь Л.Энх-Амгалан, Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн хувьд тойргийнхондоо гоё харагдахаар ажил мөн үү гэвэл мөн. Гэхдээ доллар ховрын бараа болсон өнөөдрийн тухайд хэтэрхий үрэлгэн тансаглал.
Замд 60 сая ам.доллар зарах болсон нь шийдвэр гаргагчдын чин хүсэл биш, нийгмийн сүлжээгээр хүчтэй шүүмжлэл өрнөсөн учраас л энэ удаад Дарханы замд нөхөөс тавихаар болоод байна. Эдийн засгийн хувьд стратегийн ач холбогдолтой гэж хэлж болохоор ийм замд 60 сая ам.доллар гэдэг хэтэрхий бага мөнгө. Замын цагдаагийн газрын хавьд барьж буй ганц гүүр гэхэд л 40 сая ам.доллараар босч байна гэсэн мэдээлэл бий. Ингээд харьцуулахаар хэтэрхий бага мөнгө гэж хэлэхээс өөр арга алга. Төрийн алсын хараа, төрийн ажил гэж ийм л дэмий юм болоод байна.
Дарханы зам яагаад ч юм анхаарлын гадна үлдчихээд байдаг. Дарханы замыг засна шинэчилнэ гэсэн яриа төр засгийн удирдлагуудын түвшинд сүүлийн хорин жил өрнөж байна. Азийн хөгжлийн банк Дарханы замыг зүгээр ч нэг онцлоогүй. Ази Европыг холбох ач холбогдолтой учраас онцолсон хэрэг л дээ. Нэг ичмээр зүйл нь манай удирдлагууд хоёр хөрштэйгөө уулзаж гар барилцахаараа л Ази, Европыг холбосон зам тавина, транзит тээвэр хийнэ гэсэн том яриа өрнүүлдэг. Гэтэл ачир дээрээ Дарханы замаа ч шинэчилж чадахгүй яваа. Энэ замд нөхөөс хийхээс өөр ажил хийлгүй өнөөг хүрээд буй нь гашуун үнэн. 1990-ээд онд эдийн засаг жижиг, машин цөөхөн байсан учраас Дарханы зам тойрсон элдэв асуудал яригддаггүй байв. Одоо бол байдал өөрчлөгдсөн. Эдийн засаг тэр үеийнхээс өчнөөн дахин томорсон, машин тэрэгний тоо ч тоймоо алдсан. Хүнд даацын машинуудын тээвэр огцом өсөөд буй. Жил ирэх бүр нимгэрч, нарийсаад байгаа Дарханы замын эдийн засагт гүйцэтгэх үүрэг 1990 онтой харьцуулахааргүй өндөр болсон.
Хөшөө барьчихаар жуулчид очиж үзнэ гэдэг үлгэр л дээ. Жорлон ч онцын хэрэгтэй эд биш. Хөвсгөлд аялал жуулчлалын бизнес эрхэлж мөнгө олдог өчнөөн компани бий. Мөнгө олж байгаа юм бол орчин нөхцөлөө бүрдүүлж ажилла гэсэн шаардлага тавьж, жорлонгийн стандарт гаргаад өгөх шиг амархан ажил төрд байхгүй. Стандартын дагуу жорлон барихгүй бол зөвшөөрлийг чинь хураана гэчихэд л шийдэгдэх асуудал. Хөшөө ч гэсэн төрийн хошуу дүрэх асуудал биш. Аялал жуулчлалын компаниуд нь ийм санаа гаргаад хэрэгжүүлээд явдаг жишиг зах зээл хөгжсөн орнуудад үйлчилдэг. Наад захын жишээ гэхэд Цонжинболдогийн Чингисийн хөшөөг төр бариагүй. Микель Анжело, Да Винчийнх шиг уран тансаг, урлагийн бүтээл гэж хүлээн зөвшөөрөхөөр хөшөө баримал л биш бол хөшөө дурсгалд төр мөнгө зараад байх шаардлагагүй.
Зарим улстөрчийг анзаарах нь миний тойргийн тийм ажилд бага мөнгө өглөө гээд УИХ-ын дарга руу дайрч ч байх шиг. Улсынхаа эдийн засгийг биш, өөрийнхөө эрх ашгийг бодсон ийм үйлдлийг хэтэрсэн тэнэглэл гэхээс өөр юу гэхэв. УИХ-ын дарга М.Энхболд руу дайрч байгаа Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүхийн үйлдлийн цаана ийм жижигхэн эрх ашиг нуугдаж буй нь нууц биш. Гаднаа шинэчлэл гэх мэт сүржин зүйл ярьчихаад цаанаа ийм жижиг ашиг сонирхлоор асуудалд ханддагаа болимоор байна. УИХ-ын гишүүдийг том бодлого ярьдаг болгох нэг л гарц бий. Тэр нь сонгуулийн системийг өөрчлөх. Томсгосон тойрогт өрсөлдүүлэхгүй бол сумын жорлон, хөдөөний хөшөө энэ тэрхнээс хэтрэхгүй чавганцын яриа УИХ-ын чуулганы танхимаас салахгүй. Хөшөө, жорлон мэтхэнд үрсэн мөнгөө шууд замдаа шингээсэн бол Алтанбулагаас Замын-Үүд хүрсэн хурдны зам барих ч асуудал биш.
Эх сурвалж: "Өдрийн сонин"