Өвөр Монголын Баяннуур хот Ираны нийслэлтэй төмөр замаар холбогджээ

🕔 2018/05/12 17:46

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай харилцаагаа муутгаж байх зуур Хятад улс Тегерантай улам ойртох чухал алхам хийжээ.

 

Өвөр Монголын Баяннуур хот Ираны нийслэлтэй төмөр замаар холбогджээ

Пүрэв гарагт Өвөр Монголын Баяннуур хотоос анхны ачааны галт тэрэг Тегераныг зорин хөдөлсөн тухай Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Уг төмөр замын маршрутыг албан ёсоор танилцуулаагүй ч Казахстан, Узбекистан, Туркменистанаар дамжин өнгөрөх замтай байх өндөр магадлалтай байгаа юм.

Анхны галт тэргээр 1,150 тонн наранцэцгийн үр Ираны нийслэл рүү илгээсэн байна. Учир нь Баяннуур хот нь Хятадын хамгийн том наранцэцгийн тариалангийн төв болдог ажээ.

Хятад улс жил бүр Ойрх Дорнод, Европ, АНУ-ын зах зээлд 180,000 тонн наранцэцгийн үр экспортлодог тухай Синьхуа мэдээлсэн байна.

Төмөр замын аялал хоёр долоо хоног үргэлжлэх ба энэ нь далайгаар тээвэрлэхээс даруй хоёр дахин богино хугацаа зарцуулдаг болгож байгаа гэнэ.

Өнгөрсөн Лхагва гарагт Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуань "Бид олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчилгүйгээр Ирантай хэвийн, ил тод, бодит хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн нь Ираны цөмийн гэрээнээс гарах Трампын шийдвэрт өгсөн Бээжингийн хариулт байв.

Иран улс Хятад руу хамгийн их бараа экспортлодог ба өнгөрсөн онд экспортын хэмжээ нь 25 хувь өссөн байна. Үүнтэй зэрэгцэн Хятадаас Иранд гаргадаг экспортын хэмжээ нь өнгөрсөн онд мөн 21 хувиар нэмэгдсэн тухай албаны тоо баримтад дурджээ.

Эх сурвалж: The Washington Post

Э.СЭМҮҮН, IKON.MN

скачать dle 12.0

Санал болгох