Иран АНУ-ын саналаас татгалзлаа

🕔 2018/05/02 09:48

Иран АНУ-ын саналаас татгалзлаа

 

АНУ, Франц тэргүүтэй дэлхийн томоохон зургаан улстай 2015 онд байгуулсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээртэй холбоотойгоор шинээр ямар нэгэн яриа хийхээс татгалзаж байгаагаа Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани илэрхийллээ. "Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-д төрийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний хэлэлцээ хийх үеэрээ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг шинэчлэн байгуулах санал дэвшүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Х.Роухани Э.Макронтай утсаар ярих үеэрээ хэлэлцээрийг шинэчлэн байгуулах асуудлаар хэлэлцээ хийхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн байна.

Энэ хэлэлцээрээс АНУ- ыг гаргахгүйн тулд хэлэлцээрийг шинэчлэн байгуулахыг Э.Макрон санал болгосон билээ. Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан хэлэлцээрийг "муу хэлэлцээр” болсон гэж Д.Трамп шүүмжилж, уг хэлэлцээрээс АНУ-ыг гаргахаа нэг бус удаа мэдэгдээд байгаа юм. Х.Роухани хэлэхдээ "Иран улс цөмийн хэлэлцээрийн талаар дахин уулзалт хийх саналыг хүлээн авахгүй” гэжээ. Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд зургаан улстай байгуулсан билээ.

Б.Саруул

скачать dle 12.0

Санал болгох