Шоовдорлогдсон дунд шатныхан
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрсэн. Үүнд татвар төлөгчдийн үүрэг нөлөөлснийг эдийн засагчид онцолж байгаа. Ялангуяа, "НӨАТУС” төслийг хэрэгжүүлснээр 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наядын торгууль, алдангиас аж ахуйн нэгжүүдийг чөлөөлсөн байдаг. Хууль хэрэгжих үеэр дунд шатны аж ахуйн нэгжийн эзэд "Бид яах вэ. Хаалганы гадна талд үлдчихлээ. Шударга байсан нь буруу гэж үү” хэмээн нэлээдгүй шуугисан.
БИЗНЕСИЙН ОРЧИН "МУУДСАН”
Тэр цагаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Эдийн засаг хүнд байх үед бизнесийнхнээ дэмжиж төсвийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэйг үе үеийн Засгийн газар эрмэлзэж ирсэн.
Гэхдээ дунд шатны компаниудад дэмжлэг дутаж байгааг одоо ч тэд ярьсаар байгаа. Өнгөрсөн оны "Монголын бизнесийн орчны судалгаа”-наас харвал манай улсын бизнесийн орчныг сүүлийн гурван жилд "муудсан”гэсэн үнэлгээ гарчээ. Тэр дундаа бизнестэй холбоотой маргааныг шүүх шударга, шуурхай шийдвэрлэдэггүй гэсэн байгаа юм. Түүнчлэн бизнесийн хөгжилд төрийн байгууллагууд хэрхэн саад болдог талаарх мэдээллийг харвал татварын байгууллага ихээр саад учруулж байна гэжээ. Мэдээж өөр бусад нь ч саад учруулдаг гэсэн байв. Эдийн засаг 2013 оноос хямарч эхэлсэн нь жижиг, дунд бизнесийнхэнд хүнд байсныг тэд учирлаж байна. Хэдийгээр эдийн засаг сэргэж байгаа гэх ч төдийлөн эерэг нөлөө алга гэдгийг "Зууны мэдээ” сонины "Бизнес, хөгжил” булангийн ярилцлагад оролцсон бизнесийнхэн хэлж байсан. Нөгөөтэйгүүр эдийн засгаа чадавхжуулахын тулд жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх учиртайг тэд онцолдог юм. Хүнд байсан үе ард хоцорч байгаа ч компаниуд хэвийн ажиллах болоогүй гэдгийг үйлдвэр, худалдааны "Өлзийт төв” компанийн ерөнхийлөгч Н.Даш-Өлзий хэллээ. Учир нь татварын багц хуулийн хэлэлцүүлгийг бизнес эрхлэгчидтэй хэлэлцэх үеэр жижиг, дунд үйлдвэрлэлийг ямар хэмжээнд дэмжих вэ гэдгээ тодорхой болгох. Татварын бодлогоор хөшүүрэгдэн жижиг, дунд үйлдвэрлэгчдээ хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг сануулж байлаа.
ДУНД ШАТНЫХАН БА ГУРВАН ӨӨР ТОДОРХОЙЛОЛТ
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр нэлээдгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Түүнчлэн хямд эх үүсвэртэй санхүүжилтийг ч өгсөн. Гэвч энэ нь байгаа оноогүй гэдэг шүүмжлэлийг байнга дагуулж байсан юм. Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг 2007 онд анх баталсан байдаг. Ер нь хуулийг 10 жил мөрдөх боломжтой. Түүнээс цаашхи хугацаанд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт орох шаардлага тулгардаг тухай зарим хуульч тайлбарлаж байв. Тэгэхээр бид эхлээд эл хууль орчин цагтай хэр уялдаж байгааг эргэж харах цаг болсон гэж үзэж болох нь. Цаашилбал, жижиг, дунд үйлдвэрлэл гэж чухам юуг хэлэх вэ гэдэг тодорхойлолтыг нэгтгэх учиртай юмсанж. Учир нь жижиг, дунд бизнес гэдгийг хууль, статистик мэдээлэл, банкны салбар өөр, өөрөөр тодорхойлдог аж. "Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг "Монголд бизнесийн орчин тун тааруу. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэгчдэд илүү "халтай” гэвэл хилсдэхгүй. Үнэн хэрэгтээ үйлдвэрлэл гэж юу вэ. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих вэ гэдэг бодлого манай улсад байдаггүй” гэсэн юм. Үүнийг өөр бусад нь ч ярьж л байна.
ӨРШӨӨЛ БИШ ХӨШҮҮРЭГ ХЭРЭГТЭЙ
Татварын багц хуулийн шинэчлэлийн талаар бизнесийнхэнтэй хэлэлцүүлэг хийх үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав "Бизнес эрхлэх, хувийн өмчтэй болох ажлын байр бий болгох эрх нь татварын хуульд тусгасан байдаг. Тиймээс үүнийг хамгаалсан татварын систем ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, үйл явцыг тодорхой болгож нэг дүрмээр тоглох боломжийг бүрдүүлэх учиртай” гэж байв. Татварын хуулийн багц шинэчлэлийн төслөөс харвал зарим зүйлийг орхигдуулсан байна хэмээн бизнес эрхлэгчид ярьж байсан. Тодруулбал, үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын тухайд алдагдлын зардлыг татвар ногдох зардлаас заавал хасахгүй бол хүндрэл учруулдгийг бизнесийнхэн ярьж байна. Мөн хөрөнгийн элэгдлийн зардлыг ч тооцохгүй байгаа нь шударга биш гэдгийг тэд учирласан.
Түүнчлэн дунд шатны компаниудад хөшүүрэг хэрэгтэй байгааг ч дуу нэгтэйгээр хэлцгээсэн. Нөгөөтэйгүүр, элгээрээ хэвтсэн дунд шатны аж ахуйн нэгжээ хэрхэн "өөд” нь татах вэ гэдэг асуудал бий. Түүнийг шийдвэрлэх арга зам байх л ёстой. Харин хэн, хэрхэн хийх вэ гэдгээс олон зүйл хамаарна. Бид нэг удаа өршөөлийн хууль баталж нэлээдгүй аж ахуйн нэгж, хувь хүнийг нуусан эд хөрөнгө, орлогоо ил болгох боломжийг олгосон. Хэдийгээр бизнесийн орчин тааруухан ч ажлын байраа хадгалж, улсын төсөвт хувь нэмрээ оруулж яваа хэдэн "муусайн” жижиг, дундынхнаа дэмжээд өгөхсөн. Шоовдорлогдсон дунд шатныхан татварын ачааг үүрэлцдэг гэдгийг мартах учиргүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Д.ОЮУНЧИМЭГ