Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгч Баттулгын Монголыг буцаан "Зөвлөлтийн колони" болгох гэсэн санаархлыг эсэргүүцэж байгаа нь үнэн

🕔 2018/04/23 15:10

Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгч Баттулгын Монголыг буцаан "Зөвлөлтийн колони" болгох гэсэн санаархлыг эсэргүүцэж байгаа нь үнэн

 

Цовдолтол нь тэмцэнэ ээ!
 
Миний "Цаазалчихаад шүүддэггүй, шүүчихээд цаазалдаг юм ногоон малгайтнууд аа!" хэмээх нийтлэлд өсөрхсөн Батсайхан тун хурдан хариуг нь барьжээ. Тэр хариу бүтээлийг уншигч олондоо толилуулъя.
 
Миний хүүд оффшорын данс гэдэг нь байгаад түүнд мөнгө байдаг юм бол нэг цент ч дутаалгүй Нируны Батсайхан болон АТОЗ-ын "сахал" Батчулуунд хураалгахсан. Тэгээд зогсохгүй Батсайхан, "сахал" Батчулуун нарын хүсээд байгаа шүүхгүй цаазалдаг "цаазын тавцан"-д сайн дураараа очиж толгой тавьж өгнө өө.
Даанч оффшорын мөнгө гэж байхгүй. Үүнийг Монголын шүүх тогтоосон! 
Гэтэл намайг гутаахын тулд ийм "зурагт хуудас"-ыг Батсайхан, Батчулуун нар мөн ч их тарааж массын тархи угаасан. Үүнийг нь үзсэн, намайг 30 жилийн турш "үхээсэй" гэж залбирсан хөгшин, залуу нүүрээ нуусан лалрууд, коммунистууд ямар их кайф авч "дур тавьдаг" гээч! Дур тавиад зогсохгүй нийгэм даяар тараана.
Уг нь Батсайхан миний хүүгийн найз, "сахал" Батчулуун надтай хамт коммунистуудын эсрэг тэмцэж явсан анд нөхөр. Одоо ч "байсан" л гэж тодотгох болжээ. Батсайхан, Батчулуун нарт миний хүү бид хоёр ямар ч гэм хийгээгүй. Саяхан болтол биднийг араар маань хорлож явааг мэдээ ч үгүй. 
Араас гэтэж хутгалж байгаа шаарнууд ямар чимээ гаргах биш! Цаг нь болохоор гараад ирэх ногоон малгайтууд хажууд чинь яваа гэдэг маань энэ шүү дээ!
Батсайхан, Батчулуун нар өөрсдөд нь гэм хор хийгээгүй надад өширхөх болсон шалтгааныг би мэдэж байна. 
Тэд Ерөнхийлөгч Баттулгын "гарын пиарчин", "гарын атозчин" нар юм. Эд, сүүлийн үед Ерөнхийлөгчийн бодлогыг шүүмжилж, эсэргүүцэж байгаад минь надад өширхөөд байгаа юм. Батсайхан "Бат-Үүлийг будаа болгоно" гэж хүртэл "тангараг" тавьсан байдаг.
Би Ерөнхийлөгч Баттулгын Монголыг буцаан "Зөвлөлтийн колони" болгох гэсэн санаархлыг эсэргүүцэж байгаа нь үнэн. Монголын олон тулгуурт гадаад бодлогыг нураах гэж байгааг эсэргүүцэж байгаа нь үнэн. Монголыг ганц тулгууртай улс болгох гэж байгааг эсэргүүцэж байгаа минь үнэн.
Хоёр хөршийнхөө дунд гуравдагч хөрштэй байх ёстой хэмээн 11 оны Үндэсний Эрх Чөлөөний хөдөлгөөний баатрууд 90 оны бидэнд захисан юм. Энэ захиа даалгаврыг 90 оны ардчилсан хувьсгал биелүүлсэн. Би тэр ололтоо л хамгаалж байгаа.
Би эх орноо эргэж нэг улсын хараат орон, хязгаар нутаг болгохыг хүсэхгүй байна. Монгол Улсаа, Ерөнхий сайд нараа харьд аваачин цаазлуулдаг, иргэдээ гадны хатгаасаар хэлмэгдүүлдэг БНМАУ болгохыг тэвчиж чадахгүй. 
Монголоо дэлхийн Монгол болгосон ололтоо алдахыг хүсэхгүй байна. Би Улсаа НҮБ-д суудалтай "Тоглоомын Бүгд Найрамдах Улс" эргэж болохыг хармааргүй байна. 
30 настай байхдаа коммунист дарангуйллыг түлхэн унагахыг уриалж ухуулах хуудас нааж явсан намайг айна гэж ногоон малгайтууд бодож байгаа бол үнэхээр инээдэмтэй байна. Би тэр үед цовдлуулж дуусах тэмцэлд орсноо нэгэнт ухаарсан байсан юм.
Тийм болохоор, намайг цовдолтол чинь 90 оны ололтоо хамгаалан тэмцэх болно ногоон малгайтууд аа! 
 
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл
скачать dle 12.0

Санал болгох