ДАРХАН СУМЫН 15 ДУГААР БАГИЙН 45 ОРЧИМ АЙЛ ӨРХ ШАР УСНЫ ҮЕРТ ӨРТЛӨӨ

🕔 2018/03/22 16:00
ДАРХАН СУМЫН 15 ДУГААР БАГИЙН 45 ОРЧИМ АЙЛ ӨРХ ШАР УСНЫ ҮЕРТ ӨРТЛӨӨДархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 15 дугаар багийн 9 дүгээр хэсгийн зарим айл өрхүүд шар усны үерт өртлөө. Цаг агаар дулаарснаас үүдэн Шийрийн бригад орчмын уулын цас хайлж шар усны үер болсон талаар албаныхан мэдээлж байна. Өнөөдөр тус багт аймгийн Онцгой комиссын түр штаб ажиллаж эхэлжээ.

Энэ сарын 20-21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат, Дархан сумын засаг дарга Б.Азжаргал нараар ахлуулсан аймгийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Үүссэн нөхцөл байдалд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үерийн усыг газар авхуулахгүй байх тал дээр ажилласан бол Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг хангах ажиллалаа.

Гэр хороололд үүссэн шар усны үер нь цахилгааны эх үүсвэр болон айл өрхийн цахилгаан холболтод нөлөөлөхөөр байсан тул Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-иас тухайн хэсгийн цахилгааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан.

Урд шөнийн байдлаар хичнээн өрх үерт өртсөнийг мэдэх боломжгүй байсан тул өнөөдөр Дархан сумын 15 дугаар багийн засаг дарга Г.Отгонбаатараас тодруулахад, 45 орчим өрх их бага хэмжээгээр шар усны үерт автсан. Гарсан хохирлыг тогтоохоор төрийн байгууллагуудын төлөөллүүд үерт автсан айл өрхүүдээс судалгаа авч байгаа талаар мэдээллээ. Хохирлын дүн мэдээ нэгтгэгдэн гарах хараахан болоогүй аж.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Г.Эрдэнэсүхийн "Сонголон хайрхан” ХХК гинжит болон дугуйт эксковатор, хово маркийн 5 автомашинаар тус ажилд оролцлоо. Айл өрх рүү үерийн ус их хэмжээгээр орохоос сэргийлж 20 орчим машин элс, шороо авчирч асгажээ.

Энэхүү нөхцөл байдал 1-2 хоногт үргэлжлэх төлөвтэй байгаа тул аймаг сумын холбогдох байгууллагууд хүч нэмэгдүүлэн шар усны үерийн талбайг өргөтгөхгүй байх тал дээр ажиллаж байна. Усны түвшинг урд шөнийн 03.00 цагийн байдлыг өнөөдрийн 15 цагийн байдалтай харьцуулахад 40-50 см багассан мэдээлэлтэй байна. 
 
Л.Отгонбаатар

скачать dle 12.0

Санал болгох