ХҮН ТӨВТ ЗОХИОЛЧ

🕔 2018/03/22 10:08

ХҮН ТӨВТ ЗОХИОЛЧ

 

Дэлхийн яруу найргийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдөр "Болор цом”-ын эзэн, Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, Азийн тэргүүн найрагч Д.Урианхайн зохиол бүтээлийг олон нийтэд танилцуулах эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын үндэсний төв номын санд зохион байгуулж, найрагчид хүндэтгэл үзүүлэв.

Шведийн Нобелийн хорооноос манай улсын Шинжлэх ухааны академид "2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо нэр дэвшүүлнэ үү” гэсэн албан ёсны захидал ирүүлсний дагуу ШУА, Монголын зохиолчдын эвлэл, МУИС-ийн эрдэмтэн судлаачид Д.Урианхайг 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлэхээр санал нэгдэж, холбогдох бичиг баримтыг Шведийн Нобелийн хороонд хүргүүлэхээр зэхээд байгаа билээ. Хуралд Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт зохиолч Мэнд-Ооёо, Монголын Зохиолчдын Эвлэлийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очир, Монголын Үндэсний Төв Номын Сангийн захирал, яруу найрагч Б.Ичинхорлоо, утга зохиол судлаач, доктор П.Батхуяг, яруу найрагч Я.Баяраа нар оролцлоо.

Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Г.Аюурзанын бичсэнээр "Хэлхгэр дээл өмсчихөөд, сахал үсээ цантуулан алхаж яваа нь Улаанбаатарын өвлийг чимдэг. Хийц эгэл монгол цамцтай, халуунд үүртэсхийн, их үсэн дороосоо нарыг нүд буландан харсхийж нуруугаа үүрэн айсуй нь Улаанбаатарын зуныг ер бусын бодлогошронгуй болгодог” найрагчийн ертөнцийн гүн рүү өнгийж үзэх амаргүй. Гэвч тийш өнгийх нэгэн үүд бий. Тэр нь түүний зохиол бүтээл. Түүний яруу найраг, зохиол бүтээлийн талаар судлаач П.Батхуяг "Хүн төвт уран зохиол ба Д.Урианхай”, Я.Баяраа "Д.Дамдинсүрэнгийн Урианхайн туурвил зүйн онцлог” хэмээх илтгэл танилцуулж ертөнц рүү нь өнгийж үзэх боломж олгосон юм.

Судлаач П.Батхуяг "Хорвоо ертөнц, байгалийн зүй тогтлыг зөвхөн шашны үүднээс тайлбарлах, шашинтай холбон ухааруулах нь хүний оюун санааг ямар нэг хэмжээгээр зөвхөн шашинд таацуулан загварчлах талтай байсныг хэлэх нь өнөөдөр бараг илүүц биз. XX зууны эхэн үеэс 80 гаруй жил үргэлжилж буй нийгэм төвт уран зохиол нь 1990-ээд он хүртэл бидний хэлж заншсанаар социалист үзэл сурталд үйлчилж байсан ч Монгол хэлт уран зохиолын шинэ үеийн түүхэнд бахархалтайгаар нэрлэх цөөн тооны бүтээл туурвил бичигдсэн.

Энэ бүхний эцэст нь хүн өөрийн бүтээсэн нийгмийнхээ эд эс, эрэг шураг болчихсон учраас түүнээс ангид оршин тогтнох ямар ч боломжгүй мэтээр ойлгох болжээ. Эндээс л өнөөдөр хийгээд ирээдүйд нухацтай ярилцах гол асуудал босч ирнэ. Хүн нийгмийн эд эс үү, нийгэм хүний эд эс үү гэсэн асуулт юм. Нэг үгээр хүн өөрийн бүтээсэн нийгмийнхээ эд анги болж хувирчээ. Үүнийг шүүмжилж гарч ирж буй шинэ үзэл санаа бол хүн төвт үзэл юм. Хүн төвт уран зохиол нь эдүгээгийн хүний оюун санааны ариун дээд хүсэл эрмэлзлийг илэрхийлэхэд чиглэсэн байна.

Энэ уран зохиол нь хүний дотоод сэтгэлд буй нууцлаг гоо сайхныг нээж, зөвхөн өнгө гэрэл үзэгдэх зүйлсийг хэт шүтсэн эндүүрлийн гэмийг арилгаж, эцэст нь хүмүүнд ухаарахуйгаас гэгээрэхүйд хүрэх оюун санааны эрч хүч өгөхийг эрхэмлэдэг. Магадгүй XX зууны эхэн, дунд үеийн зохиолч төвтэй уран зохиолоос татгалзаж, нийгэм төвт уран зохиолоос бүр түдгэлзэж хүн төвт уран зохиол руу дэлхий нийтийн оюун санаа чиглэсэн нь ирээдүйд хүмүүн төрөлхтөн газар шороо, алт зэсээ ухаж бус тархи толгойгоо нухаж амьдрах цаг ирж буйн дохио билээ.

Зохиолч Д.Урианхай ихэнх зохиол бүтээлдээ энэ бүхнийг бичсэн байдаг. Иймээс л түүнийг хүн төвт уран зохиолын гол төлөөлөгч гэж үзэж байна. Иргэншсэн нийгмийн харилцаанд тэгш, шударга бус байдал, хүндлэлийн хомсдол, эрх мэдлийн болоод эд хөрөнгийн дарангуйлал зэрэг олон сөрөг хандлага бий. Энэ бүхэн эцэстээ хүний дотоод мөн чанарт нөлөөлж, ёс суртахууны хувьд доройтож, оюун санааны хувьд зэрэмдлэгдэж, сэтгэл зүрх нь техникжиж эхэлсэнд Д.Урианхай ихэд халаглаж ихэнх зохиолдоо бичсэн байдаг. Тиймээс л бид зохиолчийг Нобелийн шагналд дэвшүүлэхээр олон сар хэлэлцэж түүний зохиол бүтээлийг судалж олон нийтэд танилцуулж байна” гэсэн юм.

download-2 Хүн төвт зохиолч

Эх сурвалж: "Монголын үнэн” сонин

скачать dle 12.0

Санал болгох