“Морин хуур” наадамд урлагийн “АКУЛ”-ууд өрсөлдөж байна

🕔 2018/02/01 09:11

“Морин хуур” наадамд урлагийн “АКУЛ”-ууд өрсөлдөж байна

 

Үндэсний хөг эгшиг, өв соёлоо дээдлэх, монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх, содон бүтээлээр баяжуулах зорилготой "Морин хуур” наадмын энэ жилийн эхний шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.

Мэргэжлийн баг шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулна

"Морин хуур” наадмын зохион байгуулагчид оны шилдэг хөгжмийн зохиолч болон шилдэг дууг тодруулахын тулд мэргэжлийн хөгжмийн зохиолчдоос бүрдсэн шүүгчдийн баг бүрдүүлжээ. Тодруулбал, Эхний шатанд өрсөлдсөн уран бүтээлчдийг Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, Урлагийн гавъяат зүтгэлтэн, удирдаач М.Булган, хөгжмийн зохиолч Ж.Шараа, Д.Цэцэрлэг, Р.Энхбазар, Соёлын гавъяат зүтгэлтэн, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ү. Хүрэлбаатар, Соёлын гавъяат зүтгэлтэн И.Болоож, Монгол Улсын гавъяат жүжигчин С.Бархас, шинэхэн гавъяат Н.Халиун, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хөгжим судлаач Э.Зулцэцэг, Үндэсний төв номын сангийн захирал, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Б. Ичинхорлоо, "Морин хуур” наадмыг санаачлагч Х. Нарангэрэл нар шүүсэн байна. Энэ жилийн наадамд манай хөгжмийн зохиолчдоос гадна ОХУ-ын Буриад, Халимаг, ӨМӨЗО зэрэг монгол туургатан уран бүтээлчид шилдэг бүтээлээ ирүүлжээ.

Хагас жарны түүхтэй ”Морин хуур” наадамд хүндэтгэл үзүүлнэ

31 дэх жилтэйгээ золгож буй "Морин хуур-2017” наадмын шилдэг бүтээлийг нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулах юм. Гурван шаттай явагдах уг наадамд оролцож буй чансаатай, мэргэжлийн түвшинд бичигдсэн бүтээлүүдээс чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдаг билээ. "Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон дууны төрөл бүрийн Тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч тодруулах аж. Дашрамд өгүүлэхэд хөгжмийн зохиолч, дуучдын чансаагаа сорьдог "Морин хуур” наадмын хүрээнд улаан хивсний ёслол зохион байгуулах юм. Энэхүү ёслолын ажиллагаанд он оны "Морин хуур” наадмын шагналтнууд, хөгжмийн урлагийн салбарын сод авъяастнууд, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тулгын чулууг тавьсан үе үеийн нэрт зүтгэлтнүүд, яруу найрагчид, дуучид оролцож, хагас жарны түүхтэй наадамдаа хүндэтгэл үзүүлэх юм.

Уралдааны II шатны шалгаруулалт ирэх сарын 10-нд болно

Энэ жилийн наадамд Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавъяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн зэрэг хэдийнэ уран бүтээл нь олны хүртээл болсон уран бүтээлчид өрсөлдөж байна. Урлагийн акулууд оролцож байгаа энэ удаагийн наадам нилээн ширүүн өрсөлдөөн өрнөх нь дамжиггүй юм.

Наадмын гуравдугаар шатны шалгаруулалтад тунаж үлдсэн 15 дууны уран бүтээлч ирэх сарын 12-нд болох Гала концертод оролцож, дуунд хайртай ард түмнийхээ сонорыг мялаах юм. "Морин хуур” наадмын энэ оны бай шагнал урьд жилүүдээс онцлог болохыг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дууны албанаас тодотгож байна. Мөн Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайдын яамны дипломат ажилтнууд улаан хивсний ёслолд оролцох аж. Дуунд хайртай Монгол түмнийг "Морин хуур” наадмыг шимтэн үзэхийг урьж байна.

Эх сурвалж: ТӨР.МН

скачать dle 12.0

Санал болгох