Цас ихтэй байгаагаас Оросын талаас ан гөрөөс олноор орж иржээ
Саяхан Шивээт, Шар нохойт, Түнээрэг зэрэг газруудад аргаль, янгир, буга зэрэг ан амьтанд зориулан давс асгаж өгсөн бол одоо Булган суманд буга айлын хашаа руу дайрч орж ирлээ, Цэнгэл сумын Мухарт буга өлсч эхэллээ гэсэн мэдээллийн дагуу мөнгө хүсэн аймгийн ЗДТГ-т хандаж байна гэж тус байгууллагын мэргэжилтэн М.Жухай ийн ярилаа:
-Ангийн бэлчээр их цасанд дарагдан мөстсөн тул нэн хүнд байдалд ороод байна. Боломж олдвол өвс тавьж өгвөл зүгээр. Давс ч гэсэн ашигтай, даарч бээрэхээс хамгаална. Хээр асгагдсан давс цаашид хужир болж хувирах тул ан, мал аль алинд нь ашигтай. Манай хамгаалалт мянган хавтгай км нутгийг хамардаг. Сийлхэмийн нуруунд арав орчим, Таван Богдод ч ирвэс бий. Тэднийг судлах, хамгаалах талаар олон улсын байгууллагууд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Мөн халиу булга, минж ч маш цөөн байдаг. Энэ өвөл цаана нь их цас орсон болохоор Оросын талаас ан гөрөөс олноор орж ирлээ. Тэднийг хэн мань ч хил эс харгалзан хамгаалах учиртай.
Ш.Айзаря
Эх сурвалж: Монцамэ