Ахмадуудыг ажилд урьсан сайн жишиг

🕔 2017/12/20 14:49

 

Чөлөөндөө гарсан ахмадууд цалин авч, за­лууст багшилж, томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт зөвлөж байгаа сайхан мэдээллийг дуулгая. Засгийн газар 2020 он хүртэлх төлөвлөгөөндөө ахмадуудыг дэмжих хэд хэдэн зорилт тусгасан. Ахмад настнуудад ач санах тухай хууль болон "Насны хишиг” тэтгэврийг олгох зорилтын хүрээнд хийж буй нэг ажил бол "Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” юм. Энэ хөтөлбөр энэ оны  нэгдүгээр сарын 27-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор батлан хэрэгжиж эхлээд байгаа юм. Тухайлбал, монголын оюун санааны баялаг нөөц, арвин туршлага болсон ахмадуудын мэдлэгийг "ашиглах” юм.

Хөтөлбөрийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар хэрэгжүүлж байгаа бөгөөд 21 аймаг, есөн дүүрэгт хүрч ажиллажээ. Энэ талаар ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Ч.Саналбаяр "Хөтөлбөр гурван арга хэмжээтэй. Нэгдүгээрт, аймаг дүүрэгт ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг зохион байгуулна. Энэ нь аймаг, дүүрэг дэх ахмадын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ахмадын холбоон дээр тухайн дүүрэгт ахмадын зөвлөгөө шаардлагатай байгаа төрийн захиргааны салбар нэгжид ахмадуу­даар зөвлөгөө өгүүлэх хүсэлтийг хүлээж аваад, өөр дээр бүртгэлтэй ахмадуудын судалгаанд бүртгэлтэй ахмадуудаараа зөвлөгөө өгүүлдэг юм. Тодруулбал, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад байлаа гэхэд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр шалгалтаа хийхэд юүг анхаарах хэрэгтэй вэ гэсэн зөвлөгөө өгч болох юм. Мөн  үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ахмадын ТББ-аар гүйцэтгүүлэх зөвлөх үйлчилгээний ажил гэж бий. Энэ нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд, Оюутолгой эсэл Тавантолгой юм уу томоохон төсөл хэрэгжүүлж байгаа газрууд залуу боловсон хүчнүүддээ зөвлөгөө өгүү­лэхээр ахмад  мэргэжилт­ний зөвлөх үйлчилгээг сонгодог” гэсэн юм.

Хэдийгээр 55 нас хүрээд тэтгэвэрт гарсан ч ажил мэргэжлийн хувьд ид хийж бүтээх насан дээрээ байгаа туршлагатай мэргэжилтнүүд залууст сайн зөвлөгч байж чаддаг байна. Тиймээс томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа газрууд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ахмадын холбоодод томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийнхөн, аж ахуйн нэгжүүд хүсэлтээ гаргадаг гэнэ. Тухайлбал, Оюутолгой  замын инженерийн чиглэлээр тав, авто инженерийн чиглэлээр зөвлөгөө өгөх таван ахмад мэргэжилтний хүсэлт ирүүлжээ. Харин ахмад мэргэжилтнүүд  мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцахын зэрэгцээ цалин авахын тулд Ахмадын хороо харьяа сум, дүүргийн ахмадуудаа бүртгэсэн хүсэлтээ зарласан хугацаанд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлэх гэнэ. Тэндээс сонгон шалгаруулалтаар ахмадуудынх нь тоогоор санхүүжилтийг нь шийдвэрлэж өгдөг байна.

Эргээд ажлаа хэрхэн хянах болон санхүүгийн дэмжлэгийн талаар Ч.Саналбаяр "Тайлангаар ажлыг нь дүгнэдэг. Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, төрийн захиргаа гээд бүх салбарт хүсэлтүүд ирдэг. Ер нь ахмадуудын сонирхол бол өөрийн ажиллаж байсан салбартаа, тэр байгууллагадаа зөвлөгчөөр эргэн очих сонирхолтой. Зөвлөхийн хөлсийг цагийн 3500 төгрөгөөр үнэлж найман цагаар 30 өдөр гэхээр  сарын 840 мянган төгрөг болно. Улсын хэмжээний бүтээн байгуулалтын зөвлөх үйлчилгээний бүртгэл жилд нэг удаа бүртгэдэг. Хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө буюу гуравдугаар сардаа багтаан зарлах ёстой байдаг. Мэдээж дараагийн боловсон хүчнийг бэлтгэх хариуцлагатай ажил хийх гэж байгаа хүн мэргэжлийнх байх ёстой. Тиймээс мэргэжлийн үнэмлэх шаардана” гэлээ.

Энэ онд 3000 ахмад зөвлөхөөр ажилласан бөгөөд мэдээллийн сан бүрдүүлж байгаа гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

скачать dle 12.0

Санал болгох