Биеийн эсэргүүцэл сулармагц сүрьеэгийн нян үрждэг

🕔 2017/12/01 08:20
 
 Биеийн эсэргүүцэл сулармагц сүрьеэгийн нян үрждэг

Манай улсад жилд ойролцоогоор сүрьеэ өвчний 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Жил ирэх тусам сүрьеэгийн шинэ тохиолдлын тоо нэмэгдэж, тэр дундаа олон болон маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол ихсэж байгаа нь тулгамдсан асуудал болоод байна.

Сүрьеэ нь амь насанд аюултай арван өвчний нэг бөгөөд 2016 оны байдлаар манай улс Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр гуравт орж байна.

Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүний арван хувь нь хүүхдэд тохиолдож буй бөгөөд нийт өвчлөгсөдийн 70 хувь нь хөдөлмөрийн буюу 16-45 насныхан байгаа юм.

Жилд 200 орчин хүн энэ өвчнөөс болж хорвоогийн мөнх бусыг үзүүлж, зөвхөн 2016 онд 2380 хүн хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группт орсон байна. Энэ тоо жилээс жилд өсөж байгаа нь анхаарахгүй орхиж болохгүйг сануулж байгаа юм.

Тиймээс ч сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг сааруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх, авах арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх "Шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт үндэсний сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.


СҮРЬЕЭГЭЭР ХЭН Ч ӨВЧИЛЖ БОЛНО


Сүрьеэ өвчин нь сүрьеэгийн нянгаар халдварладаг нийгмийн халдварт өвчин юм. Ханиад томуутай адил амьсгалын замаар халдварладаг учир энэ өвчнөөр хэн ч өвчилж болзошгүй.

Хоол унд дутмаг, сэтгэл санаагаар унах, бусад халдварт өвчнөөр өвчлөх, архи тамхи тогтмол хэрэглэх, ядрах зэргээс тухайн хүний биеийн эсэргүүцэл суларч сүрьеэгийн "унтаа" нянгууд сэрж эд эрхтэнг гэмтээж эхэлдэг.

Хүйтэн сэрүүний сүүл мушгиж, сүрьеэ өвчин таны биеийн дархлаа муудахыг тандаж суудаг аж.  Хүний биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд сүрьеэгийн нян үржиж, уушгийг гэмтээж эхэлдэг байна.

Хэрэв танд дараах шинж тэмдэг илэрвэл өрхийнхөө эмчид хандан цэрний болон бусад шинжилгээг өгөх шаардлагатай. Үүнд:

  • Хоёр долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цустай буюу цэртэй ханиалгах
  • Бие суларч ядрах
  • Жин буурах
  • Хоолонд дургүй болох
  • Халуурах
  • Шөнө хөлрөх.

Сүрьеэгийн нян нь цус, тунгалагаар дамжин бусад эрхтнүүдэд тархан яс, булчирхай, бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэх аюултай аж.

Сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөртэй хүмүүс:

  • Сүрьеэгийн халдвартай хүнтэй амьдарч буй 16 хүртэлх насны хүүхдүүд болон бусад хавьтлууд /хавьтлуудын 10 хувь нь эхний жил, 12 хувь нь дараагийн жилд, өвддөг гэсэн судалгаа байна/
  • Тамхи татах нь сүрьеэгээр  өвчлөх, нас барах эрсдэлийг нэмдэг /сүрьеэтэй өвчтөний 20 хувиас  илүү нь тамхи татдаг гэсэн судалгаа байна/
  • Чихрийн шижинтэй хүмүүс,  жирэмсэн эмэгтэйчүүд, оюутан залуучууд, уул уурхайн ажилчид,  шилжилт хөдөлгөөнд оролцогсод, цагаачид, хоригдлууд, архичид, тэнэмэл иргэд 

Хүүхдийн биеийн эсэргүүцэл том хүнийхийг бодвол сул байдаг учир хэрэв өвчилбөл уушгины тархмал сүрьеэ, сүрьеэгийн менингит зэрэг хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчлөх аюултай. Урьдчилан сэргийлэхийн тулд: 

  • Хүүхдэд  сүрьеэгийн хүнд хэлбэрүүдээс хамгаалах сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг товлолын дагуу хийлгэх
  • Ажлын байр өрөө тасалгаагаа агааржуулах
  • Амин дэм, тэжээллэг сайтай хоол хүнс хэрэглэх
  • Ажил амралтаа зөв зохицуулах
  • Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. 

скачать dle 12.0

Санал болгох